П.АМГАЛАН
Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин зодоглолоо. Барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, сумын заан Б.Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, сумын заан Б.Лхагварагчаа үзүүрлэв.
Б.Цагаанбанди зааны хувьд бөхийн өргөөнд зохион байгуулдаг сумын цолтнуудын барилдаанд хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ. Үүнээс өмнө 2024 оны аравдугаар сард түрүүлж, тавдугаар сард үзүүрлэж байсан. Түүнчлэн есөн удаа их болон дунд шөвөгт шалгарсан амжилттай яваа шилдэг сумын заануудын нэг юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Түргэн суманд зохион байгуулсан сар шинийн барилдааны их шөвөгт шалгарсан байна. Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат М.Өсөхбаяр нар шалгарлаа.
Эх сурвалж:www.zms.mn