Ч.БЯМБАХАЖИД
Хүн хийсэн бүтээсэн түүхтэй амьдрах сайхан. Эгэл малчны хотноос, уул уурхайн салбараас, урлагийн алтан тайзнаас, их спортын дэвжээнээс гээд салбар бүрээс төрөн гарсан их үйлсийн эзэд бол Хөдөлмөрийн баатрууд юм.
БНМАУ-д 1957 онд анх Хөдөлмөрийн баатар гэх цолыг бий болгон баталж байжээ. Ингэхдээ “Улс орноо хөгжүүлэн, хүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж, улс ардын аж ахуй, нийгэм, соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд олгоно” хэмээн заасан байдаг. Ингээд БНМАУ-ын анхны Хөдөлмөрийн баатар цолыг 1957 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Налайхын уурхайн бэхлэгч, малтагч Д.Даваажав гэх эрхэм хүртэж байсан түүхтэй. Энэ түүхэн цагаас хойш өдгөө хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг 511 хүн хүртээд байгаа юм.
Тэгвэл ажил хөдөлмөрийн оргилд нь хүртэл зүтгэж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Хөдөлмөрийн баатар”-уудаар бахархах өдрийг одоогоос 15 жил өмнө “ТВ-9” телевизээс санаачлан зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ удаагийн “Баатруудаа сайн байцгаана уу” хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Алтан Соёмбоны эзэд
“Баатруудаа сайн байцгаана уу” арга хэмжээг “ТВ-9” телевизээс 2011 онд санаачлан Монголын баатруудын холбоотой хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй. Улс орныхоо хөгжил дэвшилд бие сэтгэл, мэдлэг оюунаа зориулан ажиллаж, манлайлж явсан баатруудын алдар гавьяаг үнэлж, хойч үедээ тэдний мэдлэг, туршлагыг өвлүүлэн үлдээх зорилготой тус арга хэмжээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 140 гаруй хүн ирж оролцсон юм. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Үндсэн Хуулийн цэцийн дарга асан, хуулийн салбарын анхны хөдөлмөрийн баатар Н.Жанцан, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, Паралимпийн аварга У.Сүрэнжав, Хөдөлмөрийн баатар оёдолчин, хоньчин, тэмээчин, нисгэгч, барилгачин гээд салбар бүрээс төрсөн их үйлсийн эздийн хөл тасрахгүй байлаа.

“Баатруудаа сайн байцгаана уу” арга хэмжээг нээж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Баатруудын холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар үг хэлэхдээ “БНМАУ, Монгол Улсын нийт 511 баатар төрөн гарсан. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Сайн хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдрах учиртай юм. Манай хөдөлмөрийн баатрууд 3-5 хүний ажлыг хийж, гүйцэтгэн энэ том амжилтын эзэд болсон. Олон сайхан баатартай энэ арга хэмжээнд оролцож буй нь нэр төрийн хэрэг байна. Холбооны хувьд баатруудынхаа мэдлэг, туршлагыг залуу үедээ өвлүүлэхээр олон ажлыг төлөвлөж байгаа” гэлээ.
Баатруудын холбооны удирдах зөвлөл шинэчлэгдэж, чамгүй олон ажил төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаа аж. Түүнчлэн төрийн зүгээс ч тэдний нийгэм болон халамжийн асуудалд анхаархаа мэдэгдсэн юм. Энэ талаар Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Одоо амьд сэрүүн байгаа Хөдөлмөрийн баатруудын тэтгэмжийн асуудлыг өнгөрсөн жилийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүрэлцэн ирж ярилцаж байсан. Бид энэ талаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд баатруудын холбооны гүйцэтгэх захирал Ө.Дорждэрэмтэй мөн ярилцсан. Ерөнхийлөгч зарлиг гаргаж 2026 оны Улсын төсөвт 5.3 тэрбум төгрөгний нэг удаагийн тэтгэмжийг олгох шийдэлд хүрсэн. Энэ бол зөвхөн тэтгэмжийн тухай зарлиг биш. Өнөөдөр амьд сэрүүн байгаа хөдөлмөрийн баатруудын алдар хүндийг алдаршуулж, мэдлэг туршлагыг олон түмэнд түгээх үүднээс Засгийн Газрын харьяа байгууллагуудад үүрэг болгосон зарлиг удахгүй гарна хэмээн хүлээж байна” гэсэн юм.
Амьдралын алтан туршлагыг юугаар ч үнэлшгүй
Хүний амьдралын туршлага гэдэг бол юутай ч харьцуулшгүй үнэт зүйл мөн. Тиймээс энд цугласан Хөдөлмөрийн баатруудын алтан туршлагыг хойч үедээ түгээхэд тэдний дуу хоолойг сонсох нь чухал. Тэгвэл үе үеийн “Хөдөлмөрийн баатруудын дуу хоолойг ард түмэнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү арга хэмжээг санаачлагчдын нэг бол Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр юм.

Тэрээр “Монгол Улсын түүх бүх салбарын Хөдөлмөрийн баатруудтай салшгүй холбоотой. Тиймээс бид урагшилъя гэвэл хөдөлмөр зүтгэлийн манлай болсон баатруудынхаа хийснийг харж, тэдний үгийг сонсох ёстой. Хөдөлмөрийн баатруудын хуримтлуулсан мэдлэг туршлага бол Харвард, Оксфордын их сургуульд сурснаас илүү зүйл. Залуусдаа хандаж хэлэхэд баатруудынхаа үгийг сонсож хаана ч байхгүй эрхэм мэдлэг, туршлагыг нь мэдэж аваасай гэж хүсмээр байна” гэв.
Өнгөрсөн онд Баатруудын холбоо зургаан чиглэлд үйл ажиллагаагаа явуулжээ. Энэ хүрээнд баатруудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллаж Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт баатруудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмчтэй болгосон байна. Цаашлаад эмч бус тусгай тасагтай болгох төсөл хэрэгжүүлэхээр Засгийн Газрын шийдвэрийг хүлээж байгаа аж. Ингэснээр баатруудад эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, дараалалгүй авах боломж нээгдэх юм. Энэ тухай Баатруудын холбооны гүйцэтгэх захирал Ө.Дорждэрэм “Манай баатруудын хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэх хүн үгүй. Тэгвэл одоо тэдний эрүүл мэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс холбооны зүгээс ЭМЯ-тай хэлцэл байгуулж хэвтэрт байгаа баатруудын гэрээр явж үзлэг хийсэн. Энэ онд ч уг ажлыг улам эрчимжүүлнэ. Түүнчлэн баатруудаа яамны ахмадын холбоонд бүртгэлтэй болгох санал тавьсан. Одоогоор холбооны санхүүг бэхжүүлэх тал дээр баатруудын холбоо ажиллаж байгаа. Мөн баатруудын тухай “Алтан соёмбоны эзэд” номыг гаргана. Энэ ном гарснаар монголын өв соёлын тэргүүн туршлага болон үлдэх юм” гэлээ.

Баатруудын хувьд одоогоор шийдэх хамгийн чухал асуудлуудын нэг бол Хөдөлмөрийн баатруудад нийгмийн үйлчилгээг сайжруулах аж. Энэ хүрээнд тогтоолын төсөл, зарлигын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдүүлж, батлуулах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Дээрээс нь Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлэгт тусгай тасаг байгуулах, орон сууцгүй баатруудыг түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг харьяа яамдуудад үүрэг болгосон байна. Таалал төгссөн баатруудад төр засгаас эмгэнэл илэрхийлэх явдал сүүлийн жилүүдэд алдагдсан учир үүнийг сэргээх тал дээр ажиллах юм байна.
Тэдний бүтээсэн бүхэн түүх болон үлдэнэ
Хүндэтгэлийн ёслолын үеэр дуучид, уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн, хөдөлмөрийн баатрууд залуу насаа дурсан ярилцаж, хийж бүтээсэн их үйлсийнхээ талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар циркчин Б.Норовсамбуу бол Монголын циркийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Тэрээр есөн настайдаа Завхан аймгийн Сонгино сумаас ээжтэйгээ хамт ЗИЛ-130 машинд суугаад Улаанбаатар хотод циркчин болох гээд ирж байжээ. Тэр үеэс хойш 64 жил циркийн урлагт зүтгэсэн нэгэн юм. Тэгвэл арга хэмжээний үеэр Б.Норовсамбуу гуай “Миний амьдрал цирктэй салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд төрөөс олон шагнал хүртэж байсан. Энэ бол намайг хүмүүжүүлсэн циркийн урлагийн ач гавъяа” гэв.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нисгэгч Р.Батнасан “Баатруудынхаа эгнээнд орж, өөрийн мэддэг чаддагаа залуу хойч үедээ үлдээхээр болсондоо талархаж явдаг. Би залуудаа малын бэлчээрт явж байхдаа тэнгэр өөд хараад Цамбагарав хайрханаас өндөрт нисэж буй тас, бүргэдийг хараад эд нар шиг хөх тэнгэрт дүүлэн нисэж, үүл манан дээгүүр гүйхсэн гэж боддог байсан. Гэтэл энэ хүсэл минь биелж, өдгөө ахмад нисгэгч болж, өөрийн мэдсэн сурснаа хойч үедээ зааж сургах хэмжээний хүн болжээ. Хүний амьдрал ийм л баян даа” гэлээ.

Арга хэмжээ жил ирэх тусам өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Үүний нэг жишээ бол орон нутагт амьдарч буй Хөдөлмөрийн баатрууд тус арга хэмжээнд өргөнөөр ирж оролцдог болсон явдал юм. Тодруулбал, арга хэмжээг зорьж алс баруун хязгаараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Р.Цэрэндаш иржээ. Түүнтэй хэдэн минут хөөрөлдөх боломж олдсон юм. Тэрээр “Би Ховд аймгийн Дарви сумаас төрсөн зургаа дахь Хөдөлмөрийн баатар хоньчин хүн. Хоёрдугаар ангид байхаасаа л мал маллаж ирсэн. Орон нутагтаа хувь нэмрээ оруулж, малжуулах ажил их хийсэн. Миний малжуулсан хүмүүсээс зарим нь аймгийн аварга малчин болоод явж байна” гэв.

Арга хэмжээнд ахмад Хөдөлмөрийн баатрууд ирсэн байлаа. Тэдний нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар барилгачин Б.Дорж гуай юм. Тэрээр өдгөө 85 насыг зооглож яваа бөгөөд барилгын салбарт 60 гаруй жил зүтгэжээ. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн их бүтээн байгуулалтад гар бие оролцож, олон ч барилга байгууламжийг сүндэрлүүлж явсан юм. Тэд тус арга хэмжээг жил ирэх тусам үр өгөөжтэй болж байгааг хэлж байлаа. Энэ талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ойн инженер Б.Жамсран “Би Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээх ажлыг удирдан зохион байгуулж, Тужийн нарсанд 50 гаруй сая мод тариулж байсан. Энэ сайхан үйлсээ бүтээж, эрхэм алдрын эзэн болсондоо баяртай байдаг. Энэ арга хэмжээнд гурав дахь жилдээ оролцож байна. Жил ирэх тусам арга хэмжээ өргөн дэлгэр, үр өгөөж сайтай болж байна” гэлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хуульч Н.Жанцан “Би бол Монгол Улсын Үндсэн хуультай хувь заяагаа холбосон нэгэн. Ардын Их Хурлын Депутат, Улсын Бага Хурлын гишүүн байх үедээ Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийн төслийг боловсруулах, батлах, дараа нь Үндсэн Хуулийг сахин хамгаалах үйлсэд 30 шахам жил зүтгэсэн. Миний амьдралын ихэнх хугацаа Монгол Улсын Үндсэн Хууль гэдэг агуу их хууль тогтоомжтой хувь заяа минь холбогдон өнгөрчээ” гэсэн юм.
Энэ жил “Баатруудын холбоо”-той хамтарч Монгол Улсын үндэсний зөвлөхүүдийн сүлжээг ажиллуулж баатруудын мэдлэг, туршлагыг үлдээх ажлыг эхлүүлэхээр болжээ. Ийнхүү Галбын говийн улаан тэмээний эзэн, олон мянган сүргээ өсгөж улсынхаа МАА-н салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан малчид, хөх тэнгэрт шувуу хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, боловсрол, эдийн засаг хууль эрх зүй, урлаг соёл, байгаль орчин, агаарын тээвэр, төмөр зам, спорт, мал аж ахуй гээд өөрсдийн салбар чиглэлдээ манлайлан зүтгэж, улс орныхоо хөгжилд үнэ хүндтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд нэгэн дор чуулж, баяр бахдал дүүрэн байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 35 (7531)