Р.Оюун
Монгол Улс дауны хам шинжтэй хүнийхээ тоог гаргаж чадахгүй байгаа. Учир нь даунтай хүүхдүүд 16 нас хүртлээ дэлхийн QR кодтой явдаг аж. Харин 16 нас хүрээд тэтгэмжээ сунгуулахаар СЭМҮТ-д түвшин тогтоолгоод QR кодгүй болж оюуны хомсдол гэсэн онош тавиулж, бүртгэлгүй болдог байна. Тэд яг бидэн шиг хайрлаж, дурлаж мөн ажил хийж чадна. Бусдын л адил нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж, амьдарч байгаа хүн олон бий. Дауны хам шинжтэй төрсөн хүүхдүүдийг "Нарны хүүхдүүд" гэж нэрлэдэг ажээ. Хэрэв та тэдэнтэй хаа нэгэн газар таарвал тэд тань руу харж инээмсэглэх болно. Энэ удаагийн "Онцлох фото" буландаа 31 настай Б.Эрдэнэболдын ажлын өдөр хэрхэн эхэлдэг талаар гэрэл зургийн сурвалжилгаа хүргэж байна.
Б.Эрдэнэболд долоо хоногийн мягмар гариг бүр кафе шопдоо ажиллах хуваарьтай. Түүний ажиллах ээлж ирэхэд ээжтэйгээ ирж, шалаа арчихаас эхэлнэ.
Аз жаргалтай ажлын өдөр эхэллээ.
Мөн ширээнүүдээ арчиж, үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлдэнэ.
Б.Эрдэнэболд нямбай гэгчээр шал, ширээгээ арчих нь энэ ажилдаа ямар дуртайг харуулна.
Дараа нь ээжтэйгээ хамт авчирсан аягануудаа бэлдэв.
Эхний үйлчлүүлэгч орж ирлээ.
Хоёр дахь үйлчлүүлэгч Б.Нямханд байлаа. Түүнийг авч явах кофегоо хүлээх зуур яагаад энэ кафе шопоор үйлчлүүлэх болсон талаар сонирхож асуухад "Энэ хавиар явах болгондоо орж ирж кофе авдаг. Орж ирэх бүрд инээмсэглэн угтаж, үддэг нь сайхан санагддаг. Мөн орчин нь тухтай байдаг" гэж байлаа. Тэрээр захиалсан кофегоо аваад хариулт мөнгөө шилэн хоргонд хийсэн юм.
Б.Нямханд кофегоо аваад гарахдаа Б.Эрдэнэболдтой гараа мөргөлдүүлэн баяртай хэмээн гарлаа.
Б.Эрдэнэболдын ээж зүгээр суусангүй эсгийний өөдсөөр номын хавчуурга, аяганы суурь, түлхүүрийн оосор хийдэг ажээ. Мөн эднийхээр монголчуудаас гадна япончууд их үйлчлүүлдэг бөгөөд хүүхдүүдийн хийсэн бүтээлийг ам.доллараар худалдаж авдаг гэж байв.
Аяганы тавиур.
Дауны хам шинжтэй хүүхдүүд кафе шопдоо ажиллахаас гадна зураг зурж, эсгий урлал хийдэг аж. Эсгий урлалыг Нинжээ урлажээ.
Б.Эрдэнэболдын ээжийн урласан цүнх 10 мянган төгрөгийн үнэтэй.
Эх сурвалж www.zms.mn