Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

Монгол орны минь өргөн уудам нутагт өнтэй сайхан өвөл болж байгааг уулзсан хүн бүр ярьж байна. Энэ удаагийн нийтлэлийн баатар маань ч мөн ийнхүү мэнд мэдсээр мишээл тодруулан уулзсан юм. Өвөрхангай аймгийн Баянгол суманд нутагтай тэрээр кино зураг авалтын ажлаар Улаанбаатар хотод түр саатсан байхад хувь тохиол нь таарсан уу гэлтэй сайхан ярилцаж амжлаа. “Ойрын жил сонинд ярилцлага өгөөгүй юм байна шүү” хэмээн ярих тэрээр түмэн олондоо Мянхай баатар хэмээн алдаршжээ.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Гавьяат жүжигчин Д.Төмөртогтохыг онцолж байна.

 

Түүхэнд мөнхөрсөн дөрвөн баатрын дүрийг амилуулсан Д.Төмөртогтох

 

“Мандухай сэцэн хатан” киноны Мянхай баатраар мандаж, маргах юмгүй сэтгэлд хоногшсон түүнийг Дэмидийн Төмөртогтох гэдэг. Эрдэнэт энэ нэрийг нь үзэгч олон байтугай мөр зэрэгцэн зүтгэх урлагийнхан нь мэдэхгүй “Мянхай ахаа” гэж дуудах нь цөөнгүй. Анхны бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэлд ингэтлээ хоногшсон жүжигчин ховор болов уу. Тэрээр урлагийн сургууль төгсөж, жүжигчний ур чадварын хичээлд сууж байсангүй. Гэвч түүний бүтээсэн дүрүүд төдийгөөс өдий хүртэл үнэн хийгээд гайхалтай хэвээр байна. Магадгүй энэ нь багаасаа уран зохиолын ном шимтэн уншиж, уншихдаа дүрийн дотоод сэтгэлийг мэдэрч, түүнийгээ  илэрхийлж чаддаг байсантай холбоотой болов уу. Түүний хувьд багаасаа Ч.Лодойдамба, Д.Намдаг тэргүүт зохиолчдын зохиол бүтээлийг шимтэн уншдаг байсан бөгөөд “Манай сургуулийнхан” тууж сэтгэлд нь хамгийн тод үлджээ. Хамгийн дуртай тэр туужаар нь удахгүй кино хийнэ, чи тоглоно шүү гэх баярт мэдээг сонссон тухайгаа мөн хүүрнэв.

Ихэнх жүжигчин түүхэн дүр бүтээхийг хүсэж, мөрөөддөг. Харин Д.Төмөртогтох гуайн хувьд түүхийн баримтад түшиглэсэн зургаан кинонд дөрвөн баатрын дүрийг бүтээсэн ховор нэгэн ажээ. Энэ тухайгаа тэрээр “Ийм хүүхэд төрүүлсэн аав ээжийн буян байх. Тэр хоёртоо баярладаг. Хувь тавилан, төөрөг заяагаараа холбогдсон азтай хүн юм болов уу. Хүн аливаа юманд сэтгэлээсээ, үнэн хандах хэрэгтэй гэж боддог” гэв. Жүжигчин хүнд ховорхон тохиох хувь заяагаар олон түүхэн дүрийг гайхалтай бүтээсэн түүний бүтээхийг хүсдэг дүр нь Чингүнжав байсан бол одоо сайхан аавын дүр гэнэ. 

 

“Мянхай чинь Төмөртогтох шүү дээ”

Түүний урлагийн замнал 1986 оны “Бүх ард түмний урлагийн наадам”-аас эхлэлтэй. Төрсөн дүү Д.Цоодолын хамт ээжийн тухай дуу дуулж, театр дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт дор нүдэндээ нулимстай тайзнаас буусан гэдэг. Тэгэхэд Гавьяат жүжигчин Д.Банзрагч, Н.Жанцанноров хоёр тосож аваад “За, манай хоёр алт сугалчихлаа даа” гэж хэлсэн гэдэг. Таамагласан ёсоор Өвөрхангайн ах дүү уран сайханчид анхны наадамдаа тэргүүн байр эзэлсэн юм.

Тухайн үеийн нийгэмд төр засгийн томилгоогоор нутаг сэлгэн алба хашна. Тэр жишгээр түүнийг аймгийн шинэхэн театрт дуучнаар, эхнэрийг нь мал эмнэлгийн оношилгооны их эмчээр томилжээ. Угтаа тэр Сант суманд уурын зууханд техникч хийдэг байв. Театрт ороод удалгүй 1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны баг баруун аймгуудаар дүрийн сонгон шалгаруулалт хийж явсаар тус аймагт ирэв. Тэдний дотроос Д.Төмөртогтох хэдэн сарын дараа дахин кино пробонд орохоор томилолт аван Улаанбаатар хотыг зорьжээ. Анх Өнөболдод хожим Мянхайд дахин шалгасан юм. Б.Дамчаа гуай түүнд “Хүү минь Мянхайгийн дүрд 12 хүн өрсөлдөж байгаа. Түүн дотор Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин бүгд бий” гэж хэлэхэд нь “За би сонгогдоно гэдэг бүтэхгүй хэрэг юм байна. Өөрийнхөөрөө л үзэж таръя” гэж бодсон гэдэг. Ингээд шалгаруулалтдаа ороод маргааш нь нутаг буцав. Гэтэл хэдэн сарын дараа дахин мэдээ иржээ. Зургаадугаар сарын 22-нд кино зураг авалтад ирээрэй гэснийг театрын даргаасаа сонсоод Эрдэнэсантаас кино багийнхаа автобусанд сууж, Хөгнө хан хайрхныг зорьж, жүжигчний замналдаа хөл тавьжээ. “Миний анхны зураг киноны төгсгөлөөс буюу хаалга цохиж ороод тулалддаг хэсгээс эхэлсэн юм. Би мэргэжлийн жүжигчин хүн биш. Тиймээс  Б.Балжинням найруулагчаас “Мянхай баатар гэж ямар хүн байсан юм бэ” гэж асуутал “Юу яриад байгаа юм. Мянхай чинь Төмөртогтох шүү дээ. Ямар ч илүү дутуу юм хийж болохгүй. Өөрөөрөө байна шүү чи” гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө юу мэдэрснээр л тоглосон. Хүний дотоод сэтгэл үнэн байх хэрэгтэй. Тэр нь жүжигчний нүдэнд илэрч, үзэгчдэд мэдрэгддэг” гэсэн юм.

Тэрээр  Б.Балжинням найруулагчийг ярих бүртээ Балжаа багш гэнэ. Учир явдлыг асуутал “Би мэргэжлийн хүн биш. Тиймээс том жүжигчдийн дүрээ яаж бүтээж байгааг харж, түүнээс суралцана. Энэ дүрийн текст ийм байхад ингэж жүжиглэлээ гэх жишээтэй. Тухайн үед найруулагчаас өөр зааж зөвлөх хүн байсангүй. Тиймээс хамгийн анх надад зааж сургадаг хүн байсан болохоор ч тэр үү Балжаа багш гээд сурчихсан юм” гэж хариулсан юм. “Мандухай сэцэн хатан” кинонд тэрээр гурав дахь үеийн залуу жүжигчин болж дүр бүтээж байв. 18 настай охины цэвэр тунгалаг нүд, ааш аалийг харуулах Н.Сувд, ганц үг хэлэхгүй хэр нь харцаараа хүүрнэх Б.Дамчаа гуайн жүжиглэлт, ихэр хүүхэд төрүүлсэн Мандухай дээр ирээд буцах Өнөболдын дүр түүний сэтгэлд одоо хэр оршдог ажээ. “Өнөболд цаашаа давхиж байгаа боловч кадр улам түүнийг татаад байдаг. Энэ бол Мандухайн сэтгэл юм. Түүний нарийн учрыг зураглаач гайхалтай харуулсан байгаа юм” гэж билээ.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 31 (7527)