Ч.БЯМБАХАЖИД

"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй татварын өөрчлөлт шинэчлэлтийн талаар тодорхой ажлууд хийгдэн хаврын чуулганаар хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барихаар эдийн засгийн бодлогын зөвлөл болон дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизнест ээлтэй Монгол хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.  Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгорыг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.  

Нэгдүгээрт татварын орчныг цогцоор нь шинэчлэх ёстой. Ингэхдээ зөвхөн хувь хэмжээг бууруулж, өөрчлөх байдлаар бус гарааны болон жижиг дунд бизнесийг татвараас 100 хувь чөлөөлж, тодорхой хугацаанд өсөж дэвших боломжийг олгох ёстой.

ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг.  

Мөн хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай. 251 зөвшөөрлөөс 121 нь хуулиас давсан зөвшөөрлүүд бий. 1300 гаруй зөвшөөрөл биш мөртлөө зөвшөөрөл шиг баримт бичгүүд байдаг" гэлээ.

Бид орлогоосоо НӨАТ сар бүр 10 хувь, нийслэл хотын албан татвар улирал тутам хоёр хувь, ашгаасаа орлогын албан татвар улирал болон хагас жил тутам 10-25 хувь, Үл хөдлөх хөрөнгийн татвар 1-2 хувь, ажилтны цалингаас НДШ сар тутам ажил олгогчоос 12.5-14.5 хувь болон ажилтнаас 11.5 хувь, цалин хөлстэй адилтгах орлогоос сар бүр 10-20 хувь тус тус төлж байна.

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Бид сүүлийн 30 жилд ардчилсан тогтолцоотойгоо зохицож өсөлт хөгжил гаргах гэж яваад байна. Гэхдээ бизнесийн төлөөлөл болсон байгууллагууд болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, болох хүртэл ярьсаар байх болно. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Ингээд эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. Найман нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байцаагчаасаа зөвшөөрлөө найман сар хүлээдэг байж болохгүй" гэв.

Энэ үеэр Сео клубын ерөнхийлөгч, Монголын Хүнсчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Гантулга “Монгол Улсын өнөөгийн бизнесийн орчин сүүлийн 30 жилийн хэрэгцээ татварын орчинтой холбоотой. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагч орж ирэх битгий хэл дотоодын бизнес эрхлэгчдийн сонирхол буурчихсан байна. Нөгөө талаас 30 жилийн хугацаанд нэг л том уул уурхайн төслийг эхлүүлж чадлаа. Татварын орчныг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Цогцоор нь шийдэхэд импортын орлогын албан татвар таван хувь байдаг. Бид 30 жил дотоодын үйлдвэрлэлээ тавхан хувиар хамгаалж ирсэн. Дэлхийн хамгийн том хүнс үйлдвэрлэгчээр эхний тавд ордог үйлдвэрлэгчийн хөрш байж тавхан хувиар л эдийн засгаа хамгаалж байгаа. Хэрэглээг дэмжсэн татварын тогтолцоо байх юм бол бид тэр хурдаараа л оруулж ирж буй мөнгөө буцаагаад гаргана” гэлээ.

 АМЧАМ-ын гүйцэтгэх захирал О.Адъяа “Татварын багц шинэчлэлтэй холбоотойгоор манайх өөрийн багц 10 саналаа хүргүүлсэн байгаа. Үүнээс хамгийн гол асуудал нь татварын маргаантай холбоотой асуудал юм. Гадаад, дотоодын маш олон хөрөнгө оруулагчид үүний горыг амсаж, гадны хөрөнгө оруулалт монголоос гараад явчихсан. Дотоодын хөрөнгө оруулалтыг олон сараар дансыг нь хаасан. Энэ зүйл өнөөдрийг хүртэл явсаар байна. Татварын маргаан шийдвэрлэх асуудлыг хэлбэрийн хувьд харахад татварын маргаан шийдвэрлэх зөвлөл, конвенцууд байгаа мэт боловч татварын байгууллага, байцаагчдын зүгээс тухайн маргаан бүрэн шийдэгдээгүй байхад нийт маргааны дүнг бүрэн төлөхийг шаарддаг. Төлөөгүй тохиолдолд дансыг нь хааж, үйл ажиллагааг нь зогсоодог зүйл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байна” гэв.

Эх сурвалж: zms.mn