Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна. Филиппиний тэргүүлэх сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагатай нэгдэн түүнийг нэн даруй суллахыг уриаллаа.
Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио Филиппиний зүүн хэсэг дэх шоронд хоригдоод энэ оны хоёрдугаар сарын 7-нд таван жил боллоо. 2020 онд баривчлагдан хоригдсон түүнийг "терроризмыг санхүүжүүлсэн", "галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн" хэргээр ялласан бөгөөд эдгээр заалтаар 40 хүртэл жилийн хорих ял тулгаж болзошгүй байна. Филиппиний Коллежийн редакторуудын холбоо (CEGP)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жонрэй Лучиано RSF-д хэлэхдээ, энэ хэрэг "шударга ёсыг гажуудуулж байна” гэжээ.
Сэтгүүлчийг баривчлан хорьсон нөхцөл байдал ноцтой түгшүүр төрүүлж байна. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр галт зэвсэг, гранат олсон гэж цэргийнхэн мэдэгдсэн бол харин хүний эрхийн байгууллагууд эрэн сурвалжилга хийгээд, цэргийнхэн тухайн үед дөнгөж 21 настай байсан Френчи Мэй Кумпиог хэрэгт татахын тулд эдгээр зүйлийг зориуд байршуулсан гэж дүгнэсэн байна. Цаашилбал, эрх баригчид түүний эсрэг хэрэг үүсгэхийн тулд дөрвөн жил зарцуулсан нь шүүхийн шударга бус байдлыг илтгэхүйц хэт удааширсан явдал юм.
“Рапплер” мэдээний сайтын тоймч Жон Нери: "Сэтгүүлч учраас л тэр шоронд хоригдож байгаа" гэв. Кумпио баривчлагдахаасаа өмнө орон нутгийн "Aksyon Radyo-Tacloban DYVL" радиогийн нэвтрүүлэг хөтлөх үеэрээ Зүүн Висаяас орчмын нутагт цэрэг, цагдаагийнхны үйлдсэн хүчирхийллийн талаар мэдээлжээ. Тэрбээр мөн Филиппин дахь хавчигдан гадуурхагдсан хүмүүсийн түүхийг таниулах чиглэлээр ажилладаг хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “Altermidya” сүлжээний гишүүн “Eastern Vista” мэдээний сайтын захирлын албыг хашдаг.
"Френчи Мэй Кумпио бол мохошгүй эр зоригоороо Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ирээдүйг цогцлоосон чадварлаг сэтгүүлч юм. Түүнд терроризмын хуурамч хэрэг тохон, цагдан хорьж байгаа нь гагцхүү бусад сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, тэднийг цэргийн хүчирхийллийг илчлэхийг таслан зогсоох гэсэн оролдлого юм. Сэтгүүлчид үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, таван жилийн турш үргэлжилсэн хэрэг шалгах ажиллагааг эцэслэн зогсоохыг Хууль зүйн яаманд уриалж байна" гэж RSF-ын Ази, Номхон далайн асуудал хариуцсан товчооны Нөлөөллийн менежер Александра Биелаковска хэллээ.
"Bulatlat" мэдээний сайтын Ерөнхий редактор Лен Олеагийн хэлж байгаагаар Маркосын засаг захиргааны үед “хүний эрх хамгаалагчид, тэр дундаа сэтгүүлчдийг хавчин дарамталсан, айлган сүрдүүлсэн явдлаа зөвтгөхийн тулд терроризмын хэргээр ял тулгасан хэвээр байна". Цэргийн эрх баригчидтай холбоотой хэргийг эрэн сурвалжилсан Филиппиний сэтгүүлчдийг Френчи Мэй Кумпиогийн адилаар хорлон сүйтгэгч, террорист гэж цоллох "улаан шошго зүүх" ажиллагааны золиос болгодог.
“Френчи Мэй тэргүүтэй хараат бус сэтгүүлчдийн эрх чөлөөг хасч, зохиомол хэргээр ял тулгаж байгаа цагт Филиппинчүүд бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжоо алдсаар байх болно. Тиймээс Френчи Мэйг суллах уриалга маань хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрх чөлөөг хангах бидний шаардлагатай салшгүй холбоотой" гэж Френчи Мэй Кумпиогийн хамтрагч “Altermidya” сүлжээний мэдээний албаны захирал Рейа Падилла хэлэв.
1986 онд ардчилалд шилжсэнээс хойш 204 сэтгүүлч амь насаа алдсан (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх ажлын хэсгийн мэдээлснээр) Филиппин улс нь сэтгүүлчид, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчдын хувьд дэлхийн хамгийн аюултайд тооцогдсоор байна. Тус улс 2024 онд RSF-ын Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 134-т эрэмбэлэдсэн.
Эх сурвалж: RSF