П.Лхагважаргал  

“Дэлгэрхангай уулан дээрээс дэлхий харагдана” гэж дээлтэй монголчууд ярих нь бий. Дүнхийсэн тэр хайрханыг тойрч хүмүүн заяаг олсон алдар суут эрхмүүдийн нэг Монгол Улсын анхны алдарт гавьяат, Зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва билээ. 1904 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж, балчир насандаа Онгийн хийдэд шавилан суужээ. 1923 онд нэгэн сайн нөхрийн хамт Да хүрээнд ирж, унзад болтлоо дэвшин суралцсан байна. Ахынхаа зөвлөснөөр 1927 хар хүн болж, ажил хийж байгаад 1932 онд Бөмбөгөр ногоон театрын дуучин болов. Түүний аав Жигзав хүүдээ гэрийн боловсрол олгохын сацуу хийдэд шавилах хугацаанд нь Ц.Чимэдсүрэнгээр уртын дууны арга техникийг заалгасан гэдэг. Хожим хүү нь Монголын уртын дууны ертөнцөд тод мөрөө үлдээсэн алдар гавьяатай дуучин болсон юм.  

Тэрээр Боржигон, Баянбараат, зүүн, баруун аймгийн дөрвөн үндсэн аялгуугаар 200 гаруй уртын дуу дуулдаг байв. Үүний 50 орчим нь тухайн үед хориглож байсан шашин гүн ухааны шастир дуу ажээ. Харин тэрээр эдгээр уртын дууны ая данг хойч үедээ өвлүүлэн үлдээж, хориотой үг хэллэгийг солин дуулдаг байсныг судлаачид дурдав. Бөмбөгөр ногоон театрт орсон дараа Магсархурцын Дугаржав, Богд хааны болон төрийн найранд дуулдаг Балингийн Лувсангомпил, Цэцэн хан
аймгийн хошууны Самын Гомбо, Засагт хан аймгийн хошууны Гэлэнхүүгийн Поврон нар түүний дуулах эрдмийн багш болжээ. Харин тэрээр Л.Цогзолмаа, Н.Норовбанзад, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Ш.Чимэдцэеэ тэргүүтэй бахдам сайхан шавийг төрүүлсэн юм.

Ж.Дорждагва 1932 оны үед Зөвлөлтөөс уригдан ирсэн  А.Кольцов гэх эрхмээр нот заалгаж, хөгжим судлаач М.Бехлина Печникова буюу М.Дугаржав багшийнхаа хамт 40-өөд дууг нотолсон байдаг. Түүний дуулдаг уртын дуу нь гүн гүнзгий утга агуулга бүхий олон бадаг шүлэгтэй, хөг аялгуу нь өвөрмөц ажээ. Тухайлбал, зарим дуу нь 13 түрлэгтэй байсан байна. Суу алдар нь түгсэн эрхмийн баримтат өвийн үзэсгэлэнг Монголын театрын музейд өнөөдөр дэлгээд байна. Докторант Ц.Наранчимэгийн судалгааны хүрээнд олон жил цуглуулсан гэрэл зураг, ном бүтээл, судалгаа шинжилгээний эх сурвалж, эд өлгийн зүйлс нийтийн хүртээл боллоо. Тэрээр “Ж.Дорждагва гуай Монголын соёл урлагт асар үнэтэй хувь нэмэр оруулсан. Үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургуудаас тухайн үеийн нийгэм, соёлын онцлогийг харж болно. Түүний хувьд дуулахын сацуу олон бүтээл туурвисан авьяаслаг нэгэн. Анх 1935 онд Соёл-Эрдэнэ дуугаа зохиосон байдаг. Түүнээс хойш найрал дуу, ерөөл тэргүүтэй 55 бүтээл туурвисан. Судлаад баймаар арвин түүх баялагтай хүн” хэмээв. Ховорхон тохиох энэ үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх юм.

Эх сурвалж www.zms.mn