Ц.БАЯР

“Ирээдүйн эрдэс баялаг-2025 форум 4 дэх жилдээ Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотноо эхэллээ. 4 жилийн дотор эрдэс баялгийн салбарын олон улс дахь томоохон платформ болж хөгжиж буй уг форумыг Монголын сэтгүүлчид сурвалжилж байна. Сэтгүүлчид олон улсын хурлыг сурвалжлах туршлагаа “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд ийнхүү баяжуулж байна. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь сэтгүүлчдийг уул уурхай, эдийн засгийн чиглэлээр чадавхжуулах хөтөлбөрийг хоёр удаагаа хэрэгжүүлж буй туршлагатай. Энэхүү хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд 4 удаагийн суралцах үйл ажиллагаа төлөвлөсөн ба дөрөв дэх шатанд нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохиогдож буй Future Minerals Forum-д оролцож, сурвалжлах боломжийг сэтгүүлчдэд олгосон юм. Хөтөлбөрийн оролцогч Ийгл ТВ, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, Gogo.mn, Ikon.mn, Itoim.mn, Lemonpress.mn, Grahp.mn-ийн сэтгүүлчид гурван өдрийн хурал болон хурлын эргэн тойронд болж буй арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Инвест Сауд хөрөнгө оруулалтын газрын талбайгаар зочилж, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлага, мэдээлэл авлаа. Мөн Саудын Арабын хамгийн том төрийн өмчит компани болох “Мааден”, Хятадын “Хуавэй” компанийн төлөөлөгчдөөс ярилцлага авч, сурвалжлан мэдээлж байна.

Эх сурвалж: www.zms.mn