Б.Нандин
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жэймс Картер 100 насандаа таалал төгсч, түүнийг эцсийн замд үдэх ёслол Вашингтон хотноо пүрэв гарагт боллоо.
1977-1981 онд Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байсан энэ эрхэм шинэ үеийн ерөнхийлөгч нартай бүгдтэй нь ойр дотно харилцаатай байсан учир Вашингтоны хүндэтгэлийн сүмийн гадаа тус улсын үе үеийн төрийн тэргүүнүүд цуглаж хүндэтгэл үзүүлсэн юм. Удахгүй халаагаа өгөх Ж.Байден, дахин сонгогдсон Д.Трамп, анхны өнгөт арьст ерөнхийлөгч Б.Обама, “бага” Ж.Буш болон Б.Клинтон нарын таван ерөнхийлөгч нэгэн дор цуглах тохиолдол тэр бүр олон биш.
Өдгөө амьд ахуй байгаа бүх төрийн тэргүүнийг нэгэн гэрэл зургийн хальсанд буулгасан энэ ховор агшныг “Associated Press” агентлаг “Нэг зураг, таван ерөнхийлөгч, 379 жилийн түүх” хэмээн онцолжээ. “Анхны ерөнхийлөгч Вашингтоны үеэс Линколн, Рузвельтийг олж харах мэт үе үеийн ерөнхийлөгч нарыг нэгтгэж чадсагнаараа Картерийн дурсгалыг хүндэтгэх мөч АНУ-ын түүхийг бүхэлд нь нэг агшнаа багтааж чадлаа” хэмээн тайлбар бичсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден “2021 онд минь Жилл бид хоёрыг Жиоржиа мужид зочлох үед Жимми Картер яг л өөрийн гэр бүл мэт элэгсэг дотно хүлээн авсан. Түүнээс би хүн ёсны хүндэтгэл, нөхөрлөлийн мөн чанарыг мэдэрч байлаа” хэмээн дурсчээ.
Жеймс Картерийн үр хүүхэд, хамтран ажиллаж байсан хүмүүс болон улс төрийн зүтгэлтнүүд, жирийн иргэд гээд олон зуун хүн цастай хүйтнийг үл ажран хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн тэрбээр амьдралынхаа туршид Христийн сүмийн үнэнч сүсэгтэн байсан учир төрөлх Жиоржиа мужийн орон нутгийн сүмд мөн гэр бүлийн хүрээний ёслол хийжээ.