Б.БАЯРЖАВХЛАН
1. Агаарын бохирдлын талаар ойлголттой болох, агаарын чанарыг тогтмол хэмжих
Бид аливаа төлөвлөгөө, тайланг гаргахдаа үр дүнгээ аль болох тоогоор илэрхийлэхийг хичээдэг. Учир нь хэмжиж чадсанаар түүнийг төлөвлөх, удирдах, хянах боломж илүү их болж ирнэ. Иймд агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эхлээд бохирдлыг зөв хэмжиж, мэдээлдэг программ, аппликейшнуудыг татаж аван агаарын чанарын тухай мэдээлэлтэй танилцаж, ойлгодог болох хэрэгтэй. Эсвэл PM2.5 тоосонцор хэмжих төхөөрөмж худалдан авч ч болох юм. Хамгийн гол нь авч буй мэдээллээ ашиглан бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой авдаг байх нь чухал.
2. Агаарын бохирдол ихтэй үед гадагш гарахгүй байх
Бохирдол ихтэй үед цонхны хүрээ, хаалганы зай завсар зэргийг битүүмжилж тоосонцорт агаар барилгад орж ирэх урсгалыг багасгаж, бохирдол багатай үед гэрийн агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй. Судалгаанаас харахад агаарын бохирдлын агууламж хамгийн бага үе нь ихэвчлэн үдээс хойш байдаг бөгөөд агааржуулалтыг энэ үед хийх нь илүү үр дүнтэй.
Агаарын бохирдол ихтэй намрын аравдугаар сараас хавар гуравдугаар сар хүртэл гадагш гарахдаа чанартай, зориулалтын амны хаалт зүүж хэвших нь өөрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Одоогийн байдлаар АНУ, Европын холбооноос баталгаажуулсан хүүхдэд зориулсан маск манай зах зээлд байхгүй тул аль болох шүүлтүүр сайтай маск сонгохыг зөвлөе. Худалдаанд буй бүтээгдэхүүнүүд дундаас хамгаалах чадвар хамгийн сайн амны хаалтууд дээр P99, N99, FFP3 болон P95, N95, FFP2 гэсэн тэмдэглэгээ бий. Мөн агаарын бохирдлоос хамгаалахад ороолт үр дүнгүй гэдгийг тодотгоё.
3. Агаар шүүгч хэрэглэх
Зах зээлд борлуулагдаж буй агаар шүүгчид үзүүлэлт, хэрэгцээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй үр дүнтэй. Эрэлт хэрэгцээг дагаж бий болсон хуурмаг бүтээгдэхүүнүүд олон байдаг тул ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг сонгох нь зүйтэй.
Ингэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, техникийн үзүүлэлтүүд, тухайн агаар шүүгчийн хүчин чадал байрлах өрөөнийхөө эзлэхүүнтэй тохирч байгаа эсэхийг шалган, авсан тохиолдолд зааврын дагуу шүүлтүүрийг байнга сольж байх хэрэгтэй. Үүнээс гадна зөвхөн агаар шүүгчдээ найдалгүй цонхондоо ч давхар шүүлтүүр тавиулбал илүү үр дүнтэй юм. Ажлын шаардлагаар өдрийн багагүй хугацааг замд өнгөрүүлдэг бол машиндаа ч мөн адил ХЕПА шүүлтүүр суурилуулаарай.
ХЕПА шүүлтүүрийн тухай: Энэ төрлийн шүүгч нь РМ2.5 тоосонцрыг шүүх чадвартай өндөр үр ашиг бүхий төхөөрөмж юм. ХЕПА агаар шүүгч нь Хятад, АНУ зэрэг томоохон гүрнүүдэд хийгдсэн олон удаагийн туршилт, судалгаагаар харшил, уушгины багтраа, хэт мэдрэгшил, амьсгалын доод зам, зүрх судас гэх мэт олон өвчлөлүүдээс хэрэглэгчдээ үр дүнтэй хамгаалдаг нь нотлогдсон юм. Агаар шүүгчийн үр дүнтэй байдлыг 1-20 хүртэлх оноогоор үнэлдэг олон улсын стандартаар ХЭПА агаар шүүгч 17-20 гэсэн үнэлгээг авдаг. Хамгийн гол нь агаар шүүгчийн ашигт ажиллагаа нь агаарын бохирдлоос шалтгаалан хэрэглэж эхэлснээс хойших таван сарын дараа 50 хувьд хүртлээ буурах боломжтой байдаг тул зөв хэрэглэж, арчилгаа цэвэрлээ хийж, шүүлтүүрийг тогтмол сольж занших нь чухал.
4. Хоол тэжээл
Шим тэжээллэг, илчлэг сайтай хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншсанаар агаарын бохирдлын сөрөг нөлөөг зохицуулах, бууруулах боломжтой. Судалгаанаас харахад дугуйн спортын тамирчдад антиоксидант C, E витаминыг хэрэглүүлэхэд хүчилсэн амьсгалын нийт багтаамжид үзүүлэх озоны цочмог нөлөөллөөс тодорхой хэмжээнд хамгаалж байжээ.
Агаарын бохирдлоос хамгаалахын тулд бид хоол хүнсээрээ дамжуулан С, А витаминуудыг аньс, нэрс, хад, чацаргана, цангис, мойл зэрэг зэрлэг жимсээс, Е витаминыг бууцай, цэцэгт байцаа, буйлс, газрын болон ойн самар, наран цэцгийн үрээс, Омега 3-ыг загас, навчит ногоонууд зэргээс тус тус авах боломжтой.
Харин хүүхдийг хамгийн багадаа эхний зургаан сар хүртэлх хугацаанд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосноор шаардлагатай шим тэжээлийг хангалттай өгөх боломжтой ба энэ нь агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг хамгийн үр дүнтэй, шилдэг арга юм.
5. Дархлаажуулалт
Өөр нэг чухал хамгаалалт бол хүүхдээ хэрэгцээт вакцинд тухай бүрд хамруулах. Уушгины хатгалгаанаас сэргийлэх вакцин (ПЭВ-13) болон улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулж байгаарай. УХВ13-аар дархлаажуулах нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг юм.
Эх сурвалж: www.zms.mn