Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

М.Дариймаа: Кармен бол эрх чөлөө рүү тэмүүлсэн эмэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа УДБЭТ-ын гоцлол дуучин, отгон гавьяат М.Дариймааг урьж ярилцлаа.

 

-Аравдугаар сар бол дуурийн театрын хувьд үзвэрийн улирлын хөшгөө нээдэг чухал сар. Уран бүтээлчийн хувьд энэ үед хэр догдолдог вэ?

-Гадаа налгар намрын гайхалтай өдрүүд үргэлжилж байна. Намар өөрөө их гэгэлгэн, сайхан улирал шүү дээ. Уран бүтээлчдийн хувьд ч онгод хөг нь хөглөгддөг болов уу. Яг ийм сайхан үеэр манай театр намар цагийн үзвэрийн нээлтээ хийдэг уламжлалтай. Магадгүй та анзаарсан бол театр маань хөл хөдөлгөөн ихтэй байгаа биз. Учир нь бид сонгодог урлагт хайртай, үнэнч үзэгчдээ хүлээж авахаар бэлтгэлдээ орчихсон байгаа нь энэ шүү дээ. Мэдээж төрөлх театрынхаа нэгэн эд эс болсон дуучныхаа хувьд үзвэрийн нээлтийн өдрөө тэсэн ядан хүлээж байна.

-Уран бүтээлчдийн хувьд нээлтийн тоглолтдоо оролцоно гэдэг нэр хүндийн хэрэг байдаг байх. Таны хувьд энэ намар ямар уран бүтээлээр үзэгчидтэй уулзахаар бэлдэж байна?

-УДБЭТ-ын хувьд 62 дахь удаагийн үзвэрийн нээлтээ бүжгэн жүжгээр хийх гэж байгаагаараа онцлогтой. Ихэвчлэн дэлхийд алдартай сонгодог дууриудыг үзэгчдэд хүргэдэг байсан бол энэ удаад алдарт “Хунт нуур” балетаа тоглоход бэлэн болоод, бүжигчид маань бэлтгэлээ хангаж байна. Харин үүний дараа дуурийн нээлтээ Ж.Вердийн  “Риголлето” дууриар хийнэ гэсэн төлөвлөгөө гарсан.

-“Риголлето” бол гайхалтай дуурь. Тэр хэрээрээ дуучдаас ур чадвар, хоолойн цар хүрээ шаарддаг байх даа?

-Ж.Вердийн гайхалтай дууриудын нэг л дээ. Ер нь бүхий л дууриудад миний дуулдаг меццо сопрано хоолой чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэвчлэн эсрэг дүрийн баатрууд энэ хоолойгоор дуулагддаг онцлогтой. “Риголлето” дуурьт ч ялгаагүй энэхүү хоолойгоор дуулах гурван дүр бий. Би хоёр эерэг дүрд нь дуулчихсан. Харин энэ удаад эсрэг талын гол дүр болох Мадалена гэх эмэгтэйн дүрд анх удаа дуулах гэж байна. Тиймээс догдлолтой, хүлээлтэй байна гэж хэлж болно. 

-Таныг зорьж ирээд, ярилцлага авах болсон шалтгааны нэг нь та УДБЭТ-ын отгон гавьяат болоод удаагүй байна. Гавьяатын тэмдгээ авах мөч мэдээж сэтгэл догдолсон, сайхан байсан байх. Тэр үеийн мэдрэмжээ та эргээд хуваалцаач?

-Уран бүтээлч хүний хувьд өөрийн хөдөлмөрийг үнэлүүлж, төрийн дээд шагнал авах мөч үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөчүүдийн нэг байсан. Миний хувьд УДБЭТ-ын босгоор анх оюутан байхдаа алхаж байлаа. Түүнээс хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаандаа үндэсний болоод дэлхийн сонгодог 30 гаруй дуурийн гол ба туслах дүрд дуулсан байдаг. Гэхдээ Монгол Улсын гавьяат жүжигчин болохдоо баярлахаас илүү асар том хариуцлага ирлээ шүү гэж өөртөө хэлсэн. Энэ хүрээд ханаж болохгүй юм байна. Төр, түмнийхээ энэ сайхан хайр, хүндлэлийг дахиад олон сайхан уран бүтээл хийж, хариулах ёстой гэдгээ мэдэрсэн үе байлаа. 

-УДБЭТ гэдэг босго өндөртэй, мэргэжлийн урлагийн байгууллага. Таны хувьд дөнгөж оюутан байхдаа театрт ирсэн гэлээ. Ямархан хувь тохиол таныг энэ ягаан театр руу татсан юм бол?

-Манай СУИС-ийн найрал дууны багшийг н.Оюунхишиг гэдэг юм. Тухайн үед багш маань давхар УДБЭТ-т хормейстерээр ажиллаж байсан. Меццо сопрано хоолой маш ховор л доо. Тиймээс театрт ийм хоолойтой дуучин цөөхөн байсан учир надад санал тавьсан. Ингэхдээ “Кармен” дуурийн меццо сопрано хоолойны найрал дууны хэсгийг бэлдэж очоод шалгуулаарай гэсэн юм. Ингээд багшийнхаа захиснаар ирж, шалгуулаад тэнцэж байсан түүхтэй. Энэ дашрамд хэлэхэд, Д.Оюунхишиг багш маань одоо ч СУИС-д ирээдүйн дуучдыг бэлтгэсээр байгаа. Тиймээс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм.

-“Кармен” бол таны нэрийн хуудас болсон бүтээлийн нэг. Тэгэхээр одоогоос 25 жилийн өмнөөс л та энэ дуурьтай анх танилцаж байсан байх нь ээ?

-Меццо сопрано хоолойтой дуучин бүрийн мөрөөдлийн дүр нь “Кармен” шүү дээ. Энэхүү гайхалтай эмэгтэйн түүхтэй таны хэлснээр оюутан байхдаа анх “учирч” байлаа. Намайг театрт оруулсан дүр. Ингээд Ж.Бүрэнбэх удирдаач намайг анх найрал дууны ангид байхад тухайн дуурийн Мерседесийн дүрд дуулах саналыг тавьж байлаа. Гоцлол дуучин болоод ч энэ дүрд их олон жил дуулсан. Хожим гол дүр бүтээхэд найрал дууны ангид байхдаа дуулж байсан Мерседесийн дүр их тус болсон гэж боддог. Учир нь би анх Карменийн дүрээр тайзнаа гарахдаа дуурийнхаа тухай бүрэн ойголттой, ямар ч сандралгүй байснаа тод санадаг.

-Мерседес, Кармен гэсэн хоёр дүрийн хувьд дуулалтын хувьд хэр ялгаатай байдаг вэ?

-Асар их ялгаа бий. Хэдийгээр хоёулаа цыган эмэгтэй ч гэлээ Мерседес бол эерэг дүр. Карменийн сайн сайхны төлөө зөвлөж, гол дүрийг илүү тодотгож өгдөг л дөө. Харин Кармен бол эсрэгээрээ шүү дээ.

-Та театр ороод хэдэн жилийн дараа Кармен буюу гол дүрээр тайзан дээр гарч байсан бэ. Таныг Карменд дуулах нас, туршлага нь болсон гэж “үнэлсэн” найруулагч хэн байв?

-Бүхий л дуурийн гол дүр гэдэг тийм ч амархан олддог аз завшаан биш. Үнэхээр болдог бол дөнгөж сургууль төгсөж ирсэн, залуухан гоо үзэсгэлэн төгс байхдаа Кармен бүсгүйд дуулж болно шүү дээ. Гэвч үгүй. Дуурийн дуучин бид 10-аас дээш жил дуулж, туршлага хуримтлуулдаг. Тэр үед л гол дүр ирдэг жамтай. Миний хувьд анх Карменд дуулах саналыг бас л Ж.Бүрэнбэх удирдаач маань тавьж байлаа. Гэхдээ би бодсон. Энэ хугацаанд би чадахгүй юм байна гэж хэлээд удирдаачаа гомдоосон удаа ч бий. Ингээд хоёр жилийн дараа зөвшөөрч байсан юм. Учир нь би айсан. Өмнө нь гайхалтай сайхан дуучид энэ дүрээр Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрийгөө мөнхөлчихсөн шүү дээ. Үүнээс гадна дүр маань өөрөө дуурийн турш дуулахаас гадна бүжиглэнэ, жүжиглэнэ, драматурги ихтэй. Мөн эмэгтэй дуучдаас гарч болох бүхий л шандсыг шалгадаг том дүр л дээ.

-Гэхдээ л том дуурийн ард гарчихаад, ялангуяа Карменийг “бүтээчихээд” амьсгал аваад уужрах сайхан мөч байдаг байх гэж төсөөлөгдөж байна?

-Дуучин хүн бүхэн эхлээд дүрээ судалдаг. Цыганчууд бол бидэнтэй адил нүүдэлчин ард түмэн. Тэр сэжим нь монголчуудтай төстэй. Харин Кармен бүсгүй бол их эрх дураараа, зоргоороо эмэгтэй. Түүнийг судалж байх явцдаа би Кармен бүсгүйг зөвхөн эрх чөлөөний төлөө л тэмцсэн юм байна гэж өмөөрдөг. Дуурийн гуравдугаар үзэгдэл дээр найрал дуучид бүгдээрээ “Цэв цэнхэрхэн тэнгэр, хөвч тал ой мод. Цэнгэлийн нутаг. Тэнд эрх чөлөө байна” гэж дуулдаг юм. Тэгэхээр би Карменийн дүр дээр ажиллахдаа түүний эрх чөлөө рүү тэмүүлсэн хүслийг л илүү тодотгохыг хүсдэг. Арга ч үгүй биз. Ж.Визегийн амьдарч байсан тухайн нийгэм нь өөрөө эцгийн эрхт ёсыг дээдэлдэг байсан үе шүү дээ. Энэ үед эрх чөлөөний үнэ цэнийг цыганчуудын амьдралаар тодотгосон нь хамгийн зөв шийдэл байсан болов уу.

-Анх тайзан дээр гарсан Кармен, одоо олон жил дуулаад, туршлага хуримтлуулсан гарч  Кармен хоёр хэр ялгаатай байна?

-Би ер нь Карменийн дүрээр тайзан дээр гарах бүртээ л сандардаг. Үнэхээр том дүр. Анх намайг Карменд бэлдсэн багш бол Монгол Улсын гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонго. Харин СУИС-ийн мэргэжлийн багш минь насаараа сурган хүмүүжүүлэх ажил хийсэн Д.Дашиймаа гэж гайхалтай эмэгтэй бий. Багш нараасаа зөвхөн дуулахуйн эрдмээс гадна амьдралын их ухааныг суралцсаар явна. Багш минь надад дуурийн дуучин хүн ямар байх ёстой, хэрхэн биеэ авч явах вэ гэдгээс эхлээд бүхий л зүйлийг бага гэлтгүй зааж, зөвлөдөг.  Багш нар минь намайг анх Карменд дуулах их урам өгч байсан.

-Ер нь дуурийн дуучин эмэгтэй ямар байх ёстой юм бэ?

-Яг ийм, тийм байна гэсэн тогтсон дүрэм байхгүй л дээ. Гэхдээ сонгодог урлаг гэдэг гайхалтай сайхан урлаг шүү дээ. Урлагийн бүх төрлийг багтаасан цикл урлаг гэж тодорхойлж болно. Тиймээс үзэгчдийг соён гэгээрүүлж, гоо сайхан байхыг биеэрээ үлгэрлэх үүрэгтэй. Би дуурийн дуучин болсноороо энэ сайхан урлагийг хүмүүст хүргэхийн тулд биеэ зөв авч явахаас эхлээд хувь хүнийхээ хөгжилд их олон зүйл сурсан гэж боддог.

-Дуурь үзээд их сайхан өндөр нуруутай, гоёмсог даашинзтай бүсгүйчүүдийг харахаар сайхан санагддаг шүү?

-Би жаахан охин байхдаа дуурийн дуучдаас Ардын жүжигчин А.Долгор эгчийг харах их дуртай байсан. Яг тэр үед “Бодлын цагаан хун” дуугаа дуулдаг байсан. Их гоё цагаан даашинзтай.  Одоо ч би байнга А.Долгор эгчээсээ үлгэр дуурайлал авдаг. Үнэхээрийн мөнхийн залуу хатагтай шүү дээ. Дуурийн дуучин хүн түүн шиг л байх хэрэгтэй юм болов уу. 

-Дэлхийн сонгодгоос гадна Монголын дуурийн урлаг арвин түүхтэй. Таны хувьд монгол дууриуддаа хэр дуртай вэ?

-Мэдээж үндэсний урлаг гэдэг бидний үнэт өв шүү дээ. Миний хувьд Монголынхоо бүхий дууриудад дуулчихсан. Түүнээс миний хамгийн их дуулахыг хүсэж хийсэн дүр бол “Чингис хаан” дуурийн Өүлэн эх. Энэ дүрдээ их олон жил дуулж байна. Мөн “Үүлэн заяа” дуурийн Цурхай гээд эсрэг дүр бий. Миний ажилласан дүрүүдээс эерэг нь зөвхөн Өүлэн эх болоод “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа л байдаг юм байна. Энэ нь хоолойтой холбоотой л доо. Учир нь меццо сопрано хоолойг эрдүү хоолой гэж нэрлэдэг. Ерөнхийдөө бүдүүвтэр, хүчтэй хоолой гэж тайлбарламаар юм уу. Харин дэлхийн сор болсон хөгжмийн зохиолчид энэхүү хоолойнд зөвхөн эсрэг дүрийг л зориулдаг юм.

-Меццо сопрано хоолойг их ховор гэж та хэлсэн. Театрын хувьд энэхүү хоолойн залгамж халааг хэрхэн бэлтгэж байна?

-Мэдээж театрын хувьд бодлогын түвшинд анхаарч, бэлтгэж байгаа. Одоогоор энэ анги дундаа би хамгийн ахмад нь болж байх шиг байна. Надаас гадна дөрвөн сайхан меццо сопрано бэлтгэгдэж байна. Намайг анх театрт ороход энэ хоолойгоор дуулдаг гурван дуучин л байлаа. Одоо бол тав болж нэмэгдэж байгаад нь баяртай байдаг.

-Та дуурийн дуучин болохыг багаасаа мөрөөдсөн юм уу?

-Миний удамд уртын дуучнаас эхлээд урлагийн хүмүүс бий. Ах минь хөгжмийн зохиолч М.Алтангэрэл гэж хүн байлаа. Тэгэхээр би урлагийн гэр бүлээс гаралтай. Ах минь  анх надад дуучин болохыг зөвлөж, СУИС-д аваачиж шалгуулж байсан. Би дуучин болох мөрөөдөл тээж хотод ирэхдээ дуурь гэж юу байдаг тухай огтхон ч төсөөлөлгүй байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, сонгодог урлагийн сайхныг мэдрэх бүртээ мэргэжилдээ улам дурлах болсон доо.

-Энэхүү 20 гаруй жилийн хугацаанд танд шантрах, халшрах үе байв уу?

-Би СУИС-ийг жаахан хожуу төгссөн. 23 настайдаа оюутан болоод 28 настай төгссөн. Ингээд төгсөх жилээ том охиноо төрүүлсэн. Оюутан байхаасаа театрт дуулж байсан болохоор театрынхны хувьд бол намайг мэддэг байсан. Сургуулиа төгсөөд ирж дуулна гэдгийг. Гэтэл би гурван жил дараалаад ойрхон төрсөн. Дуурийн дуучдын нөхцөл хэцүү шүү дээ. Миний хувьд төрөөд 14 хоноод л  ажилдаа ордог байсан. Учир нь дуурьт дуулна гэдэг их хатуу. Хурдхан л форумдаа орохгүй бол болохгүй. Удаан дуулахгүй бол хоолойн тавилт өөрчлөгддөг. Тиймээс өдөр нь гүйж очиж хүүхдээ хөхүүлчихээд буцаад бэлтгэлдээ ирнэ. Дөнгөж шинэхэн гоцлол дуучин болчихсон учир дандаа шинэ дүрүүд дээр ажиллах болно. Тэр үед шантрах өдрүүд олон байсан. Намайг хамгийн их урам өгч дэмжсэн хүн миний хань. “Нэгэнт л чиний эзэмшсэн мэргэжил биз дээ. Чи чадах ёстой” гэж зоригжуулдаг байсан. Хэрэв хань минь болоод ээж минь байгаагүй бол би тэр цаг хугацааг давж гарахгүй байж магадгүй.

-Эзэмшсэн мэргэжлийг нь ойлгодог ханьтай учирна гэдэг сайхан юм. Таны хань урлагийн хүн байдаг уу?

-Тэс өөр мэргэжилтэй, уяач хүн байдаг. Гэхдээ урлагийн их өндөр мэдрэмжтэй. Энэ хугацаанд ар гэрийн бүхий л асуудлыг дааж, миний хүсэл мөрөөдөлд ямар ч хязгаар тавилгүйгээр хайрласан. Мөн ээж минь миний хүүхдүүдийг өсгөлцөж өгсөн. Энэ хугацаанд би ар гэрийн ямар ч асуудалгүйгээр, тайван ажлаа хийж яваа азтай эмэгтэй.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Багадаа ямархуу охин байв?

-Миний бага нас Ховд аймагт өнгөрсөн. Аав минь кино театрт, ээж минь Нэгдсэн эмнэлэгт ажилладаг байлаа. Би ерөнхий боловсролын сургуулиа Эрдэнэбүрэн сумандаа дүүргэсэн. Дээрээ олон ахтай. Тиймээс нэлээд эршүүд өссөн дөө. Сумын хүүхдүүд хэрхэн өсдөг билээ. Түүний жишгээр л миний бага нас өнгөрсөн. Усаа авч, модоо хагална гээд монгол ахуйн амьдралтайгаа их ойрхон өссөн юм болов уу гэж боддог.

-Ховд аймаг өөрөө үндэстэн ястны өлгий. Урлагийн олон сайхан уран бүтээлчид төрсөн байдаг. Нутаг усны онцлог гэж байна уу?

-Их сайхан сүрлэг уулсаар хүрээлэгдсэн нутаг шүү дээ. Би Тарвагатайн голын хөвөөнд өссөн. Чимээ нь их сайхан хүчирхэг. Одоо цахилгаан станц барих гээд байгаа Шижиртийн хавцал гээд газар бас их нүргэлсэн чимээтэй. Тэгэхээр би боддог юм. Өндөр уул, ус, хүрхрээтэй газар болохоор олон дуурийн дуучин төрсөн байдаг юм болов уу гэж. Тэр сайхан тал нутагт цангинатал дуулж л явна шүү дээ. Яг манай голоос Ардын жүжигчин А.Загдсүрэн гэж гайхалтай дуурийн дуучин эмэгтэй төрсөн байдаг юм. Мөн хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Ганбат агсан байна. Мөн яг энэ үед УДБЭТ-ын гайхалтай авьяастай дуучин, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир дуулж байна.

-Ах, эгч нараас чинь дуулдаг хүн бий юу?

-Манай ах нар бол хөгжим талдаа. Нэг ах минь хөгжмийн зохиолч байсан. Хоёр ах маань ч хөгжмийн мэргэжилтэй. Харин дуучин гэвэл ганцхан би байна.

-Та түрүүн хальт дурссан. Аав тань киноны мэргэжлийн хүн байсан юм уу?

-Аав маань Ховд аймгийн Хатанбаатар Магсаржавын нэрэмжит кино театр гэж байхад олон жил нягтлан бодогч хийсэн. Ингээд би гэж хүн тэр театрын дарга юм шиг л дуртай киногоо үзэж, өслөө шүү дээ. Бас болоогүй ээ. Ангийнхныгаа дагуулаад оччихно. Арын хаалгаар үнэгүй үзүүлнэ. 

-Таныг жаахан байхад ихэвчлэн ямар кино гардаг байв?

-Намайг зургаадугаар ангид байхад байх аа “Мандухай сэцэн хатан” кино анх гарч байлаа. Тасалбар нь олдохгүй. Хүмүүс шуугилдаад л. Би нөгөө сурсан зангаараа ангийнхаа хэдэн найзыг дагуулаад оччихсон, анхны үзэгч нь болж байлаа. Мөн “Матар хочтой Данди” гээд киног хүмүүс их үзэж байсныг санаж байна.      

-Хүний амьдралын хамгийн чухал, мартаж болохгүй зүйл ээж, аавын сургааль байдаг юм болов уу. Таны ээж аав охиндоо юу гэж захидаг байсан бол?

-Хүний өсөж төрсөн орчин гэдэг их чухал. Сайхан аав ээж, ах эгч нартайгаа бужигнаж, элэг бүтэн өссөн. Бид аав ээжээс наймуулаа. Гэхдээ ижий аав минь биднийг юугаар ч дутаахгүй мөр бүтэн өсгөсөн. Манайхны хувьд хүмүүсээс нэг их дээр гарахгүй ч доогуур орчихгүй яг л Монголын дундаж амьдралтай айлын нэг байсан юм. Аав минь бидэнд үргэлж “Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү” гэж хэлдэг байсныг нь мартдаггүй.

-Таны хувьд дуурийн дуучин болсноороо ямар үед хамгийн бахархаж, баярлаж байсан бэ?

-Би 2019 онд бие даасан тоглолтоо хийсэн юм. Энэхүү тоглолтыг ээж минь ирж үзээд хамгийн их баярлаж байлаа. Тоглолтдоо би А.Долгор эгчийг уриад хамт дуулахад ээж минь “Миний охин энэ мундаг хүнтэй хамт дуулах гэж. Энэ сайхан эмэгтэй шиг сайн дуучин болоорой” гэж хэлж байсан. Тэр үед ээжийгээ баярлуулсан минь л дуурийн дуучин болсны хамгийн сайхан үе байж дээ гэж үргэлж бодож явдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)