“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдыг урьж, ярилцлаа.
Блиц
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-2001 онд М.Цэдэндоржийн нэрэмжит Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль
-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр
-2008 онд Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд хууль зүйн магистр
-2016 ондХарвардын Их Сургуулийн Жон Ф. Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуульд магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-2000-2003 онд МҮОНРТ-ийн Хүүхэд сургалт, танин мэдэхүйн Ерөнхий редакцид “Толь” нэвтрүүлгийн хөтлөгч
-2003-2006 онд Нээлттэй Мэтгэлцээний Холбоонд сургагч багш
-2009 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан
-2009-2015 онд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч
-2010 оноос Түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүн
-2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
-2018 оноос Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч
-2017-2023 онд Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
v2018 оноос “MARS-V” төслийн санаачлагч, Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвийн Тэргүүн
-2022 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөх
-2023 оноос Төвийн Бүсийн Хөгжлийг Дэмжих Агентлагийн тэргүүн
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга
-Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлнэ” гэж тусгаж зааж өгсөн. Гэтэл 32 жилийн дараа буюу өнөөдөр хүнлэг ардчилсан нийгэм хаана байна гэдэг асуудал яах аргагүй тулгарч байна. Хүмүүс хүний эрх гэхээр шүүх цагдаа, эрх нь зөрчигдөж, эрүүдэн шүүсэн гэх агуулгаар ойлгодог. Энэ бүхнийг цэгцэлж, шударга ёсыг сахиулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдөж байгааг ч мэдэхгүй иргэд нийтээрээ энэ нийгмийн золиос болж байгаад анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, өнөөдөр гадаа гараад харвал Улаанбаатарын утааны асуудал байна. Бид агаарын бохирдлын тухай 10 гаруй жил ярьж, 10 гаруй их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр үр дүн гарсангүй. Үндсэн хуульдаа “Хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд заачихсан. Гэтэл энэ эрх хангагдаж байна уу. Агаарын бохирдлын асуудал бол төрийн бодлогын алдаа. Үүнээс үүдэн хэдэн мянган иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон бэ гэдгийг тооцоод үзвэл бас л хязгааргүй тоо гарна. Өнөөдөр Монгол Улсад хорт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Утаанаас үүдэлтэй элэгний хавдар шүү гэдгийг зарим эрдэмтэн судлаач хэлж, сануулж байна. Тэгэхээр төр иргэнийхээ эрхийг хамгаалах стандартыг хангаагүйн төлөө иргэд маань буруу бодлогын золиос болж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Сүүлдээ бид олон сая ам.долларыг эмчилгээний зардал нэрээр хилийн чанад руу явуулдаг боллоо. Энэ нь хүний эрхийг хангасан стандарттай хот, хүний эрхийн хангасан стандарттай шийдвэр, хүн төвтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл.
-Би Хүний эрхийн дэд хорооны 11 дэх дарга. Хүний эрхийн дэд хорооны ажил зөвхөн парламентын түвшинд явагдахгүй. Улс орны хэмжээнд яригдаж, хамтын ажиллагаа, соён гэгээрлийн чиглэлд манлайлал үзүүлж ажиллана. Олон улсын жишгийг ч баримтална. Хүний эрхийн асуудал өнөөдрийн түвшинд хүртлээ “унасан” гурван шалтгаан байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, соёл хандлага, ёс зүйн асуудал. Дарга нарын дур зорго. Намайг хэн яах юм гэсэн болчимгүй бодолтой. Ёс зүйгүй, үнэт зүйлгүй байдлаас хүний эрхийн зөрчил их гарч байна. Энэ чиглэлээр Төрийн албаны зөвлөлд санал хүргүүлсэн. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулдаг шалгалт авахдаа хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад чиглэсэн шалгалтыг аваач гэсэн санал хүргүүлсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын асуудал байна. Өнөөдөр улсын төсвийн 2.7 хувь нь эрүүл мэндийн салбар руу явж байна. Ингээд ингээд ачааллаа дийлэхгүй байгаа, үнэн. Монгол хүн хөдөө орон нутагт амьдаръя гэхээр тэнд чанартай, итгэж болох эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй. Боловсролын асуудал ч ялгаагүй. ХЭҮК-ийн судалгаа ч үүнийг харуулдаг. Тэгэхээр яалт ч үгүй хүний эрхийн асуудалд дэд бүтэц хөрөнгө оруулалт чухал байна. Олон улсад гэхэд төсвийнх нь зургаан хувь эрүүл мэндэд чиглэгддэг. Манайх талд нь ч хүрэхгүй байна. Энэ чиглэлд зоригтой алхам хийх хэрэгтэй. Ингэж бид эрүүл иргэдтэй болно. Өвчтэй монгол хүн байгаад байх юм. Өнөөдөр надад эрүүл мэндийн зардал хүссэн өчнөөн хүмүүсийн өргөдөл гомдол ирсэн байна. Би тэгээд яах юм. Ийм байхад улстөржөөд л том том юм яриад суугаад баймааргүй байгаа юм. Иргэдийнхээ бодит амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх нь илүү үр дүнтэй. Гуравдугаарт, менежмент буюу манлайлал чухал байна. Төрийн төлөө олон нийтийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүмүүс түүнийгээ өдөр бүр санаж байх хэрэгтэй. Парламентын гишүүд маань гэхэд тойрог биш том агуулгаар нь асуудалд хандах нь чухал.
-Монгол Улсыг биологийн нэг биет гэж авч үзвэл хүний эрх гэдэг нь дархлааны эс юм. Хүний эрхийг дээдэлсэн, стандартыг хангасан шийдвэр байхгүй учраас өнөөдөр тэр дархлаа муудаж байна. Тэгээд бид “өвчлөөд” байна. Үүнийг засахын тулд хүний эрхийн асуудлыг тусад нь ярихаас илүү төрийн бүх шийдвэрт тусгаж явах нь зүйтэй. Тухайлбал, одоо парламент ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Тэрхүү төсөвт тусгагдсан аливаа хөрөнгө оруулалтууд хүний эрхийг хангах чиглэлтэй уялдаж байна уу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Төсөв дээр гэхэд сүүлийн хэлэлцүүлгээр хавдрын эмнэлгийн 7.8 тэрбум төгрөгийг суулгаж чадлаа. Энэ бас нэг алхам болж чадсан. Ер нь Монгол Улс эдийн засгийн хувьд чадавхажна, хүчтэй улс байна гэдэг нь өнөөдөр их гэнэн сонсогдоод байна. Бид давын өмнө шийдвэр гаргалтаараа иргэнийхээ эрхийг баталгаажуулдаг баймаар байна. Тиймээс манай дэд хорооноос олон ажил төлөвлөсний нэг нь ирэх нэгдүгээр сард “Эрүүл мэнд ба хүний эрх” гэсэн сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Үүгээрээ агаарын бохирдол, хөрсний бохирдол, ундны усны хатуулгын асуудлаар олон улсын судалгаа шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэж, яг хөдөлшгүй нотлох баримттайгаар Үндсэн хуульд даасан хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг гаргаж тавих гэж байна. Улмаар ерөнхий хяналтын сонсголоос гаргасан асуудлуудыг төрийн шийдвэр гаргалт дээр шалгуур үзүүлэлт болгоно. Мөн Хүний эрхийн дэд хорооноос Монгол Улсын 7900 иргэдийн хурлын төлөөлөгч нарт албан бичиж явуулж байна. Бүх шийдвэртээ хүний эрхийг хангаж ажиллаач ээ гэсэн агуулгатай. Төрийн ордонд бид хууль, журам яриад л байдаг. Улсын хэмжээнд 800-900 хуультай. Тэр хуулиуд нь эргээд хүний эрхийг хангахгүйн дээр холбогдох журмуудтайгаа зөрчилддөг. Ийм эмх замбараагүй байдалтай явж ирсэн нь үнэн. Мөн миний бие 2025 оны төсөв ярьж байгаа энэ цаг үед байнгын хороо, ажлын хэсгийн хурлууд дээр “Төрийн бүх шийдвэр гаргалт дээр хүний эрхийн асуудлыг харгалзан үзэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Хүний эрхийг хангах ажил нь зөвхөн ХЭҮК, цагдаа, шүүх, прокурорын асуудал биш.
- Парламент саяхан 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталлаа. Ингэхдээ хүн төвтэй шийдвэр гаргалт дээр анхаарч ажиллана гэдгээ тусгасан. Цаашид хүний эрхийн асуудал дээр хоёр арга зам эрэлхийлж ажиллана. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн хүрээнд хүний эрх зөрчиж байгаа ямар зохицуулалт, хэм хэмжээ байгааг олж, оношилж түүнийг засварлах ёстой. Тухайлбал, гэрч хохирогчийн эрхийг хамгаалах асуудал, бие даасан мөрдөх алба байгуулах асуудал гээд хүний эрхийг хангахад “зай” үүссэн бүтцийн асуудлуудыг засах шаардлагатай. Ер нь хүний эрхийг хэн зөрчиж байна гэхээр дарга нь л зөрчөөд байгаа тал бий. Дараагийн нэг асуудал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Үүний гол агуулга нь хүний эрх, эрх чөлөөний асуудал юм. Тэр дунд Ардчилсан тогтолцоо бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн гэсэн тодотголтой. Ингэхээр Үндэсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн цэрэг, цагдаа, батлан хамгаалах салбар биш юм. Мөрдэстэй генералуудын нууцын зэрэглэлтэй хавтас дотор байдаг, хэн ч үзэж уншиж чаддаггүй баримт бичиг биш. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьд явах эрхээ хангах асуудал юм. Цаашид монгол хүний язгуур эрх яагаад зөрчигдөөд байна вэ гэдгийг зөв оношлох нь чухал байна. Одоо батлах гэж байгаа улсын төсөв дээр гэхэд Аудитын байгууллага хяналт, үнэлгээ хийдэг. Ингэхдээ мөнгө, санхүү, тоо тооцоолол яриад л орж ирж байна. Уг нь ирэх оны төсөв хүний эрхийг хангахад чиглэгдэж чадах байна уу үгүй юу гэдгийг ч хянах шаардлагатай. Харамсалтай нь тийм үнэлэлт, дүгнэлт байдаггүй. Яагаад хянадаггүй гэхээр хэмжих нэгж байхгүй гэдэг. Саяхан баталсан парламентын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө төрийн аливаа шийдвэр дээр хүний эрхийг хэмжих нэгжийн нэг багана болно гэсэн итгэлтэй байна. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний хөтөлбөр маань 2023 онд батлагдсан. Ирэх жил хүний эрхийн үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг батлуулна. 280 зүйлтэй байхаар бэлэн болсон. ХЭҮК олон шинжээч судлаачдаас санаа авч энэхүү хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулсан, “Хүний эрхийн өдөр”-өөс эхлээд танилцуулагдаад явна. Тэгэхээр хүний эрхийн асуудал эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд ямар байна вэ гэдэг нь биетээр бол “шинжилгээнд” ороод явна гэсэн үг.
-Нөгөө талдаа хүний эрх гэдэг маш том хандлага бөгөөд хариуцлагын асуудал. Камертай өрөөнд эсвэл олон түмний нүдэн дээр бусдыг дээрэлхээд дарамт үзүүлээд байдаггүй. Дандаа далд явагдаж байна. Энэ чиглэлд бид Өргөдөл гомдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, цахим болгоно, хүмүүст илүү хялбар байхаар шийднэ. “Е-Монголиа” апплейкшныг бараг гурван сая иргэн хэрэглэж байна. Энэ апплейкшн дээр хүний эрхийн боловсрол олгох цонх нээхээр ярьж байна. Эрхээ зөрчүүлээд байгаа атлаа мэдэхгүй иргэд байна. Тэдэнд хүний эрхийн тухай ойлголтыг өгөх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Өнөөдөр ХЭҮК жилдээ 20 орчим мянган иргэнд сургалт хийж байгаа. Энэ бол том тоо. Гэхдээ үүнийг дахиад 200 мянгад хүргэх боломж бий. Ингэхийн тулд хүний эрхийн сургагч багш болох 100 оюутныг бэлтгэсэн. Энэ жилийн Хүний эрхийн өдрөөр албан ёсны батламжаа авах гэж байна. Цаашид сургалтыг цахим болгох чиглэлд ажиллана. Хүний эрхийн шийдэл бол хэдэн дарга нар хоорондоо ярилцаад шийдчихдэг асуудал биш иргэдийн оролцоо маш чухал гэж харж байгаа. Иргэдийн мэдэх, хянах, нээлттэй байх тэр бүх эрхийг хангасны үндсэн дээр иргэдийн идэвх, зүтгэл, үнэмшил дээр эрхийг нь хангах ажил амжилттай явагдана. Ер нь бид сэтгэлгээний хувьд зэрлэг, харгис төрөл рүү яваад байна. Улс төрийн сонгууль болонгуут бие бие рүүгээ хамгийн их хар будаг цацдаг. Ёс зүй, ёс суртахуун үнэт зүйлгүй мэт аашилдаг. Тэгээд энд орж ирээд ариун нандин юм ярих боломжгүй болчихжээ. Нийгэм маань соёлоороо төлжиж, доороос нь идээ бээр болсон олон асуудлыг шахаж байж, тэр бүдүүлэг, увайгүй, ёс зүйгүй хүмүүсийг ичээдэг байж энэ асуудал шийдэгдэнэ. Хууль бол бүхнийг хийж чадахгүй, харин хандлага маш олон зүйлийг өөрчилж чадна гэж боддог. Нөгөө талаас өнөөдөр надад иргэдээс өдөрт 40-50 өргөдөл гомдол ирж байна. Аль болох бүгдтэй нь уншиж, танилцана. Ингэхдээ маш их цаг хугацаа алдаад алдаад байдаг. Уг нь бол эрх нь зөрчигдөөд байгаа иргэний гомдол энд ирээд дарга нараар дамжаад хэдэн сар, жил болж болохгүй шүү дээ. Тэгэхээр өргөдөл, гомдлыг цахимд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 237 (7481)