Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Соёл, спорт, танин мэдэхүйн албаны сэтгүүлч

2024 онд МУИС-ийг Хэл, уран зохиол хөтөлбөрөөр төгссөн.

Хэл шинжлэлийн магистрант Монгол бичгээр хөрвүүлэг хийдэг

Я.Чойнхор: Адууны соёлоо түгээн дэлгэрүүлэх залуус нэмэгдэж байна

“Эрэмгий хүлгийн зоон дээр бурханы оноосон суудалтай

Эргэх дөрвөн улиралд хээрийн салхинд илбүүлэх заяатай

Эр бор харцагыг эмээл дээрээсээ шуранхайлах авьяастай

Эрлийн хүний сургийг мухарлаж буцаадаг зантай ...” яруу найрагч Т.Баярсайханы энэ л шүлэгт өгүүлсэн шиг эрдэм чадалт адуучин залуус эх орны минь нэгэн бахархал билээ. “Зууны мэдээ” сонин  энэ удаагийн “Өв соёл” буландаа Монгол туургатны адуун соёлын их наадам “Агтана Хүрээт” наадмын гуравдугаар байрын шагналт Ядамжавын Чойнхорыг урилаа.

 

-Төрж, өссөн төрөлх нутаг, төрүүлж, өсгөсөн ижий аав, дурсамж дүүрэн бага наснаас нь яриагаа эхэлье?

-Миний ижий аав байгалийн сайхан бүрдсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүмүүс. Би ч мөн тэр нутагт төрсөн. Эцэг өвгөдөөс үе дамжин уламжлагдаж ирсэн нүүдэлчин ахуй соёлоо өвлөн тээж, аав ээжийн хамт мал маллан амьдарч байна. Эгэл жирийн малчин айлын хүүхдүүдийн адил морин дэл дээр бага насаа өнгөрөөсөн.

-Монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож, олон сайхан адуучин тэмцээнд амжилт үзүүлж байна. Тэмцээнээс тэмцээний хооронд ур чадвар сайжирч, залуу насны сайхан дурсамж бүтээдэг болов уу?

-Адууны соёлтой амьдралаа холбоод анхны шагналаа авахад итгэл найдвар, урам зориг төрж, бэлтгэлээ сайжруулж, амжилтаа ахиулахыг хүсэж тэмүүлдэг юм билээ. Одоогоор сумын аваргын гуравдугаар байр, Монголын хамгийн өндөр шагналын сантай тэмцээний дөрөвдүгээр байр, “Агтана Хүрээт” наадамд гуравдугаар байр эзэлсэн байна. Үүнээс гадна олон бооцоот шургуунд амжилт гаргажээ. Тэмцээн уралдаанд орохдоо өөрийн алдаа дутагдалаа мэдэрч, дараагийн удаа улам сайжруулж орохыг хичээдэг. Мэдээж адуучин хүн өдөр бүр уурга бугуйлаа барьж адуундаа мордож, хийморио сэргээнэ. Ингэхдээ хээр хөдөө унаа морио эвэлгэж явдаг. Энэ нь бидний байнгын дасгал сургуулилт юм. Заримдаа үе тэнгийн найз нөхдөөрөө хээр гадаа шургуу хийж, наадна. Сум орон нутгаа төлөөлж аймаг алгасаж тэмцээнд орохоор газар газрын сайхан хүмүүстэй танилцаж, нөхөрлөдөг. Архангай аймгийн шилжин явах цомын тэмцээнээс олон сайхан найзтай болсон.

-“Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэсэн үг байдаг. Адуучин залуус маань энэ бүхний тод илэрхийлэл болж яваа юм болов уу?

-Би энэ үгийг үнэн гэж боддог. Аав ээжийнхээ дэргэд байхдаа нутаг нутгийн түмэн олонтой нөхөрлөж, харилцааны соёл суухаас гадна нэгнээсээ их зүйл сурдаг. Нутаг уснаасаа гардаггүй хүнээс харьцангуй өөр болно. Залуу насандаа газар үзэж, хүнтэй танилцаж, нүд тайлж байвал ирээдүйн амьдралд хэрэгтэй болов уу.

-Хэдийгээр өв соёлоо тээж байгаа ч эр зориг, шаардсан эрсдэлтэй спорт. Тиймээс хазаар ногтноос эхлээд эдлэл хэрэглэлээ сайн бэлтгэх шаардлагатай болов уу?

-Мэдээж эрсдэлтэй спорт. Өвлийн цагт хөлдүү газар мориноосоо хуу татуулж унах үе бий. Толгой нүүрээрээ хүчтэй унах үед биед сөрөг нөлөө гарна. Цаашлаад ухаан алдах тохиолдол ч байдаг. Иймд адуучин залуус маань хувийн бэлтгэлээ сайн хангаж, эрсдэл гарахгүй гэсэн цагтаа тэмцээнд ордог. Бидний хамгийн их анхаарах зүйл хазаар ногт, эмээлийн эдлэл хэрэглэл юм. Өвлийн хүйтэнд эзгүй хээр ганцаараа унаа мал солиход муудсан дөрөөн сур тасарч, мориноосоо чирэгдэх гээд асуудал гарч болзошгүй.

-Уурга, хуйвыг хүн бүр өөрийн арга барил, онцлогтоо тохируулж барьдаг. Таны хувьд?

-Өөрт тохирсон, эвтэйхэн уургыг тааруулж барих нь зүйтэй. Надад бүдүүн уурга амар санагддаг. Дөрвөн алд гарантай, таван алд уурга ихэвчлэн барьдаг. Уурганы хуйв алд тохой байвал зохимжтой.

-Тал нутгийг эзэнтэй байлгаж байгаа адуучин залуусын хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог тэмцээн уралдаан жил ирэх тусам өргөжиж байна. Энэ өв соёлын ач холбогдол, үнэт зүйл юунд оршдог вэ?

-Нэг хэсэг адуун соёлын тэмцээн ховордож, хүрээ нь хумигдаж байлаа. Харин сүүлийн хоёр, гурван жил эрчимтэй сайжирч залуу үеийнхэн эргээд морио унаж, эдлэх нь нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад тэмцээн уралдаан ихсэж байгаад баярладаг. Тэмцээн уралдаанаа зөв зохистой зохион байгулж, өв соёлоо хадгалж байгаа нь сайн зүйл юм. Тэмцээнд орж буй залуусын гүйцэтгэл, ур чадвар сайн байх тусам түүнийг харсан хүмүүсийн сурах, оролдох бодлыг төрүүлдэг болов уу. Ингэснээр морь малтайгаа харьцах харьцаа нь сайжирдаг. Цаашдын тэмцээн уралдаанд морин дэл дээр давхиж байгаа адуучин залуусаа улам олноор хамруулахыг зорьж байна. Би хүрээлэн буй буй хүмүүсээсээ их зүйл сурч, үлгэр дуурайлал авдаг. Мөн тууштай хөдөлмөрлөж, авхаалж самбаа, тэвчээр хатуужилтай байвал амжилтад хүрнэ гэж боддог.

-Адууны эрдэм ухаанд шамдаж, адуун соёлыг тээхийн сацуу бусад зүйлийг  хэрхэн хослуулж байна вэ?

-Манай хоёр талын удамд моринд хайртай, эрдэм чадалт уяач олон. Улс, аймгийн алдар цолтой нэртэй уяачид бий. Морь уяна гэдэг тийм ч амар эд биш. Наран ургахаас эртлэн босож, сар дээр хөөрсөн хойно унтана. Бүхий л анхаарлаа мориндоо зориулдаг. Дурлаж хийдэг ажил болохоос биш олон хүлэг зэрэг уявал их ядарна.  Миний хувьд ах дүү, найз нөхөдтэйгөө моридынхоо уяа сойлгыг зөвлөдөг. Монгол наадмынхаа зүлэг ногоон дэмжээнд хүүхэд, морь эсэн мэнд наадах хамгийн сайхан. Мөн уяаны эрдэмд шамдахын зэрэгцээ зуны дэлгэр цагт гүүгээ барьж, айргаа зардаг. Өөрийн хэмжээнд ингэж л өв соёлоо тээж явна.

“Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам. 2024 он.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 236 (7480)