Олон улсын хүний эрхийн өдрийн тохиолдуулан “Нэг хүүхэд, Нэг цэцэг” хөдөлгөөнийг иргэдийн төлөөлөл санаачлан, маргааш төв талбайд эхлүүлэх юм. Энэ талаар болон Эрүүгийн хуулийн 12.1, 12.5-ийг чангатгах асуудлаар иргэд мэдээлэл хийлээ
Хүүхдийн эрх ба хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг чангатгах, Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар АЙ СИ СИ танхимын удирдах зөвлөлийн гишүүн, эрх зүйч Д.Мягмардорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд манай улсын хууль маш сул үйлчилж байна. Гэмт хэрэг үйлдсэн бусармаг этгээдүүд хууль завшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой ялыг чангатгах шаардлагатай. Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охиныг хүчиндэж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан тухайн үеийн Хууль зүйн яамны сайд Эрүүгийн хуулийг чангатгах хууль өргөн барьсан. Ингэснээр дөрвөн санкц-д өөрчлөлт орсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт “хорих, торгох, зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн дөрвөн төрлөөр хууль хэрэгжиж байна. Гэвч гэмт хэрэг үйлдсэн 53 хүний 32-т нь ял оноожээ. Үүнээс 25 нь “торгох ял”, долоо нь хорих ял авчээ. Бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн ихэнх нь торгууль төлөөд салсан байна. Харин долоохон хүн л хорих ял авчээ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүд сэтгэл санаа, бие махбод, аж амьдралаараа маш хүнд түвшинд очдог. Тиймээс холбогдох хуулийг илүү чангатгаж, давхар соён гэгээрүүлэх ажил хийх нь чухал. Маргааш бид Сүхбаатарын талбайд Монголын мянга мянган хүүхдийн төлөө “Нэг хүүхэд, нэг цэцэг” уриан дор тайван жагсаалыг хийж, УИХ-ын гишүүдээс Эрүүгийн хуулийг чангатгахыг дэмжсэн гарын үсэг цуглуулна. Мөн хүчингийн гэмт хэрэг нууц хэлбэртэй байдаг тул гэмт хэргийн хохирогч ч хэргийг нуудаг, гэмт хэрэг үйлдсэн хүн ч хэргээ нуудаг. Монгол улсад жилд 200 орчим хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог гэх албан бус тоо ч бий. Сүүлийн зургаан жилийг дүгнэхэд жилд дунджаар 40 орчим хүн ял завшаад байгаа асуудал бий. Дор хаяж 240 хүчингийн гэмт хэрэгтэн ял завшив уу гэх хардлага бий болж байна. Хуулийн заалтаа хатуу чанга байлгаасай хэмээн хүсэж байна. Мөн “Нэг хүүхэд-Нэг цэцэг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.
Мөн дээрх асуудлаар иргэн М.Майцэцэг “Хүүхдүүдийн төлөө энэ хөдөлгөөнийг эхлүүлж байгаа нь олон шалтгаантай. Нэг харамсалтай тохиолдлыг дурдахад Баянзүрх дүүргийн асрамжийн газар 13 настай жирэмсэн охин ирсэн. Үүний цаана хойд эцэг нь байсан. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирч байна. Иймэрхүү тохиолдол маш их байгаа учраас хуулиа чангатгахаас гадна хүмүүсийн ёс зүйг өөрчилж, хүүхэд хэмээн харах өнцгийг нь сургалтаар сайжруулмаар байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn