Чулуунхүү БЯМБАХАЖИД

Б.Анхцэцэг: Туркт суралцангаа мартагдашгүй дурсамжуудыг бүтээсэн

Бид “Түүчээлэгч” буландаа салбар бүрийн түүчээ болж буй залуусыг урьж оролцуулдаг билээ. Энэ удаа МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, монгол хэл уран зохиолын хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Анхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн хичээлийн жилд хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд  Бүгд Найрамдах Турк улс дахь Измир хотын “Izmir Katip Çelebi Üniversitesi” их сургуульд суралцаж, сурч мэдсэн зүйлээ болон Турк улсын соёлын талаар хуваалцлаа.

 

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Турк улсруу ямар хөтөлбөрт хамрагдан явсан бэ?

Намайг Б. Анхцэцэг гэдэг. Би МУИС-ийн ШУС-ийн  ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, Монгол хэл уран зохиол хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан. Миний хувьд 2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Турк улс дахь Измир хотын “Izmir Katip Çelebi Üniversitesi” их сургуульд хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд жилийн хугацаатайгаар Турк хэлний бэлтгэлд суралцаад ирсэн. Энэ хөтөлбөрт хамрагдснаар өөртөө маш олон давуу талуудыг бий болгож, юм үзэж, нүд тайлж чадсан гэж боддог. Дээрх хөтөлбөрийн шалгуурын хувьд тухайн суралцагчийн харилцаа хандлага, идэвх оролцоо болон сурлагын амжилтыг харгалзан үзэж явуулдаг. Тус хөтөлбөрт сонгогдсондоо маш их баярласан. Бас тэнд очоод төсөөлшгүй сайхан зүйлстэй таарч, гадаад найзууд гээд олон гайхалтай үеүүдийг өнгөрөөсөн. Би Туркийн “Izmir Katip Çelebi Üniversitesi” гэх хэлний бэлтгэлийн сургуульд суралцсан. Энэ сургуульд Эквадор, Марокко, Казахстан, Африк, Туркменистан гээд олон орны оюутнууд хэлний бэлтгэлд суралцдаг. Izmir Katip Çelebi Üniversites сургууль гадаад оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа ихээр зохион байгуулдаг. Улс орноо танилцуулах, клубын олон сонирхолтой үйл ажиллагаа их болдог. 

-Тухайн улсад нь амьдарч, өдөр бүр тэр хэлээр ярихаар хэлийг илүү хурдан сурдаг гэдэг. Хэл сурахад бэрхшээлтэй зүйл нь юу байв? 

-Хэлийг амархан сурах нэг чухал зүйл нь тухайн улсын хэлээр хоорондоо харилцаж, ярилцах байдаг. “Энэ үгийг буруу хэлчихлээ. Би мэдэхгүй шүү дээ” гэж айж, эмээх зүйлгүйгээр яриад л байвал амархан сурдаг юм шиг санагдсан. Би гадуур явж, худалдан авалт хийнгээ Турк хүмүүстэй маш их ярьдаг байсан. Энэ мэт тухайн газар нь амьдарч, өдөр бүр тэр улсын хэлээр ярих нь хурдан сурахад маш том нөлөөтэй. Иймэрхүү байдлаар нилээн хурдан дасаж, сурсан. Зөвхөн хэлээ сураад, хичээлдээ явахаас гадна Турк улсын уламжлал, соёлтой танилцсан нь миний хувьд гайхалтай дурсамж болсон. Туркийн уламжлалт хоол, түүх болон соёлын өв, газарзүйн байрлал, архитектурын шийдэл зэрэг нь маш сонирхолтой байсан. Мөн бие биетэйгээ харилцаж байгаа байдал, хөдөлмөрч зан, эх оронч үзэл нь хүндэлмээр санагдсан. 

-Суралцах хугацаандаа танин мэдсэн, сонирхолтой зүйлсээсээ хуваалцвал?

-Суралцах хугацаандаа Монгол орныхоо түүх, дурсгалт газар болоод онцлогуудыг гадаад оюутнуудад танилцуулан өөрийн улсын соёлыг хуваалцдаг байсан. Энэ нь маш сонирхолтой бөгөөд хоёр улсын оюутнууд мэдээллээ солилцож, илүү их зүйлийг танин мэдэх боломжийг олгож байгаа юм. Сонирхуулахад, Чингис хаан гэхээр ихэнх хүмүүс нь мэддэг. Гэхдээ зарим хүмүүс нь дургүй бол зарим нэг Турк хүмүүс өөрсдийгөө Чингисийн Турк гэж ярьдаг. Тиймээс би өөрийн улсын түүхийг хуваалцаж, буруу ойлголтыг нь өөрчилсөн. Үүнээс хойш би нэг зүйлийг ихээр бодох болсон. Тэр нь бид түүхээ маш сайн мэдэж, хүндлэн дээдлэх хэрэгтэй. Гадны хүний өөдөөс түүхээ мэддэг, тайлбарладаг байх хэрэгтэй. 

- Турк улсын соёл, үндэсний хувцас, ёс заншлын талаар?

-Туркийн үндэсний хувцсыг Хижаб гэдэг. Турк эмэгтэйчүүд толгойдоо алчуур зүүдэг учир нь эрэгтэй хүмүүст үсээ харуулж болдоггүй ёс уламжлалтай юм билээ. Харин нөхөрт гарсан эмэгтэйчүүд л нөхөртөө, аавдаа үсээ харуулдаг. Бусад үед толгойдоо алчуур зүүнэ. Миний амьдарч байсан хотын хувьд харьцангуй залуусын хот байсан. Тийм учраас маш чөлөөтэй, хүссэн Хижабаа өмсөөд толгойн гоёлоо зүүдэг. Хэрэв Хижаб өмсөхийг хүсэхгүй бол чөлөөтэй хувцаслаад явж ч болно. Эцэст нь бид хэлээ сурсныхаа дараа улс орноо танилцуулах өдөрлөг хийдэг. Ингэхдээ оюутан тус бүр өөрийн улсын ёс заншил, соёл онцлогоо танилцуулдаг. Миний хувьд энэ өдөрлөгт үндэсний хоолоо хийж, ёс заншил, бэлгэдлээ шингээсэн бэлэг дурсгалын зүйлсийг найзууддаа бэлэглэж байсан. Ингээд маш гайхалтай, дурсамж дүүрэн нэг жилийг Турк улсын Izmir Katip Çelebi Üniversitesi сургуульд суралцан өнгөрүүлсэн. Энэ хугацаанд олон орны найзуудтай болж, шинэ зүйлсийг таньж мэдсэн. 

Мөн Турк улс Боловсролын хувьд олон улсын стандартад нийцсэн байдаг. Тус улс руу тэтгэлэгээр суралцах боломж ч их бий. Хөгжлийн хувьд  өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтдаг. Тиймээс үеийн залуустаа Туркт суралцах боломжтой гарц гаргалгааг судлан, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаарай гэж хэлмээр байна. Тэнд суралцангаа олон зүйлийг танин мэдэж, амьдралдаа сайхан дурсамж бүтээх боломжтой гэдгийг мэдэрсэн.

Эх сурвалж: www.zms.mn