Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг гаргасан нэр бүхий эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах асуудлаар сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр нэр бүхий албан тушаалтан “нүүрсний машинтай 50 сэтгүүлч байна” гэх үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан. Түүнчлэн Сэтгүүлзүйн салбар руу дайрах, гүтгэн доромжлох зэрэг асуудлууд удаа дараа гарч байгаа талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Отгонбаатар “Өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бид эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь манай салбарын нэр хүнд унах нэг шалтгаан болж байна. Дээрх нэр бүхий эрх мэдэлтэн 200-400 сая төгрөгөөр үнэлэгдэх нүүрсний 50 машин сэтгүүлчдэд тараагдахад бэлэн болсон гэх мэдээллийг тараасан. Энэ асуудлаар холбогдох байгууллагад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хандсан боловч тодорхой хариу ирээгүй. Нүүрсний машинтай 50 сэтгүүлч байгаа бол нэрсийг зарлах хэрэгтэй. Үүнийгээ нотолж чадахгүй бол манай салбарынхнаас уучлал гуйх ёстой. Ер нь өндөр албан тушаалтнууд, нэр бүхий хүмүүс, зарим иргэд сэтгүүлзүйн салбарыг элдвээр хэлж гүтгэдэг болсон. Тухайлбал, Шонхор шувуутай холбоотой асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Арабуудаас 500 орчим сая төгрөгийн хахууль авсан гэж ярьсан. Эл асуудлаар ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд хандсан. Гэтэл энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шилжүүлж, бидэнтэй огт уулзалгүй, шууд энэ хэргийг хаалаа гэж утсаар ярьсан. Энэ талаар дахин гомдол гаргаад явж байгаа. Дээрх шиг асуудлууд салбарын нэр хүндийг унагаж байна. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, салбарын нэр хүндээ сэргээх хэрэгтэй” гэлээ.
Erennews.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Р.Саруултөгс: “Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд манай салбарыг доромжилж, нийгэмд муу муухай харагдуулдаг. Энэ хурлыг хийх болсон шалтгаан бол өнгөрсөн долоо хоногт манай сайт УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай холбоотой мэдээллийг гаргаж, олон нийтэд түгээсэн юм. Ингэхдээ Б.Энхбаяр хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэрүүд гаргасныг нийтлэлдээ дурдсан. Манай нийтлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр намайг нүүрсний машин авсан сэтгүүлчдийн нэг гэж гүтгэсэн. Өнөөдөр жирийн сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө гүтгүүлж байна. Өнөөг хүртэл нүүрсний машинтай гээд байгаа 50 сэтгүүлчээ зарлаагүй. Ингэж олон нийтэд худал мэдээлэл тарааж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр энэ оны нэгдүгээр сард 1.1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн байгаа юм. Тус маргаан нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид давуу байдал олгосон. Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монгол Улсад ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно” гэв.
Эх сурвалж: www.zms.mn