Баатарын Нямсүрэн

У.Нартай: Өөрөөсөө огт өөр "хувь заяа"-г бүтээлээ

“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа “Хувь заяа” киноны гол дүрд тоглосон У.Нартайг онцолж байна.

 

-Үзэгчдэд хүрээд удаагүй байгаа “Хувь заяа” киноны  гол дүрд ажиллаа. Тус уран бүтээлд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дүр маань надаас өөр. Кино зохиолынхоо уншлагад ороод эхний мөрөө унших үед найруулагч зогсоогоод зөвлөсөн. Суурин газрын хүүхдүүд хөдөө өссөн хүүхдээс ялгаатай. Тиймээс үг хэллэгээ өмнө нь товчилж ярьдаг байсан бол одоо ийм байж болохгүй гэдгийг хэлсэн. Ингээд өөр хүний дүрд хувирах шаардлагатай болсон. Би 13 насандаа хамт олонтой ажиллаад ихийг сурах хувь тохиол байсан. “Хувь заяа” киноны зураг авалтыг  сар гаруй хугацаанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт хийсэн. Анх удаа хөдөө, элсэн говьд очиж үзсэн юм. Их сонирхолтой санагдаж байлаа. Мөн 7-10 хоногийн зураг авалт хотод хийгдсэн. Олон хоногийн турш нойр муутай хөдөлмөрлөсөн ах эгч нараараа үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Оройтож зураг авалтаа дуусгаж, янз бүрийн үетэй нүүр тулж байгаа. Гэтэл хэн ч ядарлаа гэж хэлдэггүй. Киногоо үзээд алдаагаа олж харсан. Кино эхлээд  дуустал нь уйлсан. Мөн тухайн хэсгийг үзэхэд зураг авалтын хэсгүүд нүдэнд бууж байлаа.

-Надаас өөр дүр байсан гэлээ. Өөрөөсөө өөр дүрд хувирах хэр байв?

-Ном уншдаг нь надтай адилхан бусад зүйл нь ялгаатай. Хувьзаяа охины дүр ээжгүй. Харин би ээжтэйгээ бүх зүйлээ зөвлөдөг. Мөн кинонд тоглохын тулд нэг зураг авалтаас нэг өдрийн өмнө мотоцикль унаж сурлаа. Тухайн үед зураглаач Баатар ах маань зааж өгсөн. Мотоцикль маань хажуудаа шаахайтай учраас тэнцвэртэй, аюулгүй. Анх их айдастай байсан. Одоо бол даваад гарсандаа сэтгэл хангалуун байна. Киноны баг хамт олноос бүгдээс нь суралцсан. Тэдний зааж, зөвлөж байгаа зүйлээс нь суралцахыг хичээсэн. Найруулагч Бямбаа эгчтэйгээ ойр дотно болсон. Харилцахад тухай мэдрэмж төрдөг.

-Киног нь үзсэн хүмүүс ямар сэтгэгдэл хэлж байна?

-Яг үнэндээ намайг танихгүй, эрэгтэй хүүхэд биш юм уу гэж асуух нь олон. Энэ их сайшаалтай санагдаж байгаа. Учир нь би хувирч чаджээ. Би үеийн найзууддаа киног минь үзээрэй гэж уриалмаар байна. Саяхан киноны маркетингаа хийгээд гадуур явсан. Гэтэл манай үеийнхэн монгол уламжлал, ёс заншилаа мэддэггүй юм билээ. Тиймээс дэлгэцийн уран бүтээлээс монгол ахуй, уламжлалын тухай кино үзэж мэдлэгээ тэлээсэй гэж бодсон. 

“Хувь заяа” киноны нэг гоё эшлэл нь “Би зөвхөн адгуус амьтан үрээ голдог гэж боддог”. Энэ үг их утга учиртай. Адгуус амьтан төрүүлсэн үрээ голох нь байх зүйл. Харин хүн үрээ голно гэдэг эмгэнэлтэй. Үүнээс гадна манай киноноос хойд ээжийг өөр талаас нь харж болно. Хойд эх гэхээр ааштай, муухай зантай гэж ойлгож болохгүй. Уран бүтээлээс маань хойд ээж охин хоёрын нандин харилцааг ойлгох боломжтой.

-Өмнө нь хоёр кинонд ажилласан билүү?

- "Сине арт" дугуйланд суралцаж байхдаа “Моралаш” хэмээх хүүхдийн олон ангит кинонд туслах дүрд ажилласан. Үүний дараа “Ганцхан шалтгаан” кинонд үсээ хусуулаад хорт хавдартай хүүхдийн дүрийг бүтээсэн. Миний анхны гол дүр “Хувь заяа”. Гол дүрд ажиллах ялгаатай юм билээ. Илүү хугацаа зарцуулдаг.

-Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ?

-Найзууд маань намайг гал цогтой гэж дүгнэх нь бий. Би өөрийгөө сэргэлэн зантай гэж боддог. Би үргэлж хөгжихийг илүүд үздэг. Одоогоор хэлний мэдлэгээ сайжруулах зорилго тавьсан. Ирээдүйд жүжигчнээс өөр мэргэжилтэй болно. Гэхдээ  уран бүтээлээ орхихгүйгээр хослуулаад явна. Урнаа эгч маань хэлэхдээ “Жүжигчнээр сураагүй байж болох ч мэргэжлийн мэт чадвартай байх ёстой” гэдэг. Үүнийг би үргэлж тунгаадаг.

-Ээлжит дүр нь хүмүүст хүрээд удаагүй байна. Кинонд ажиллах санал хэр ирж байна?

-“Хувьсал” продакшнтай ижил том багтай хамтарч ажиллах бодолтой байна. Олон найруулагчтай ажиллаж тэднээс суралцахыг хүсэж байна. Хүрээллээсээ гараад өөрийгөө сорьж үзэх бодол бий. Одоогоор цахим хаягаар хамтарч ажиллах хүсэлтүүд ирсэн. Гэхдээ боловсролдоо анхаарахыг чухалчилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)