Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Б.Сугар: Хөрсний дулааны насосын системээр халаалтыг шийдсэн туршилт үр дүнтэй байна

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баруун бүсэд “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжиж байна. Тус төслийн зохицуулагч Б.Сугараас зарим зүйлийг дэлгэрүүлж ярилцав.

 

-Баруун бүсэд тархмал эх үүсвэрийн хэдий хэрийн хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр баригдаж байна вэ?

-Манай төслийн хүрээнд нийт 40.5 мВт-ын хүчин чадал бүхий тархмал эх үүсвэрүүдийг Говь-Алтай, Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудад хүчдэлийн уналттай сумдад барьж байгуулж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах сүлжээний тогтвортой байдлыг бий болгох зорилготой. Монгол Улсын нэгдсэн сүлжээнд холбогдоогүй дизель асааж гэрэлтүүлдэг үлдсэн нэг сум болох  Говь-Алтай аймгийн Алтай сум энэ төсөлд хамрагдсан.

Тус суманд сэргээгдэх эрчим хүчний хосолмол эх үүсвэрийг бий болгосон. Түүнчлэн Есөнбулаг сумыг мөн хамруулсан. Мөн Завхан аймгийн Улиастай хотод 5.0 М/Вт-ын нарны станц, 3.6 м/Вт цагийн хүчин чадал бүхий батарей хураагуур суурилуулсан. Нэмээд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10 м/Вт-ын нарны  цахилгаан станц тус тус барьж байгуулаад байна. Дахин 15-20 орчим M/Вт -ын нарны цахилгаан станц байгуулахаар судалгаа хийж байна. Төлөвлөснөөр 2026 гэхэд ашиглалтад орно. Эдгээр нь төслийн I хэсэг.

Төслийн II үр дүн гэдэгт хөдөө орон нутгийн барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах туршилтыг таван газарт хийж байна. Өөрөөр хэлбэл, хөрсний дулааны насосын систем нь эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг суурилуулж туршиж буй юм. Энэ технологийг Ховд аймгийн I цэцэрлэг, Завхан аймгийн Улиастайн ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын өргөтгөл, Увс аймгийн Улаангом хотын V сургууль, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ахлах сургууль, Говь-Алтай аймгийн Алтай сумын эмнэлэг, захиргааны барилгад суурилуулж ирэх арван хоёрдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байна. Төслийн III  хэсэг нь хүчдэлийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах зөвлөх үйлчилгээнүүдийн зардлыг тусгасан. Ерөнхийдөө эдгээр станцууд нэгдсэн сүлжээнд холбогдож цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа. Мөрөн нарны станц энэ оны есдүгээр сард холбогдсон. Улсын комисс энэ сард хүлээн авч нээлтээ хийнэ. Бусад станцууд нь хоёр дахь жилдээ ажиллаж байна. Тухайлбал Завханы Улиастай хотод 5.0 М/Вт-ын нарны станц энэ оны арав дугаар сард 18 сая к/втц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлсэн. Говь-Алтайн Есөнбулаг сум дах нарны станц нэг жилийн хугацаанд мөн 18 сая к/втц  үйлдвэрлэсэн бол Алтай сумын систем 1.5 сая к/втц цахилгаан үйлдвэрлэж сумын айл, өрхөд түгээсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн доголдол гараагүй хэвийн ажиллаж байна.

- Хөрсний дулааны насосын системийг бусад аймгийн алслагдсан сумдын сургууль, цэцэрлэгийн 00 -д ашиглах боломжтой юу?

-Хөрсний дулааны насос  гэдэг нь 100 орчим метрийн гүнээс хөрсний дулааныг тусгай ажлын биетэд шингээж аваад улмаар насосоор газрын гадарга руу татаж аван барилгын халаалтад хэрэглэж буй систем. Газрын гүнээс биш, хөрсний өнгөн үеийн дулааныг ашиглана гэсэн үг. Тодруулбал, 20 метрээс доош газрын дулаан +1,+2 хэмийн дулаан болж доош 100 метрт нэмэгдэх дулааныг өөртөө шингээн улмаар усыг халааж барилгын халаалтын секц болох бидний хэлж заншсанаар “паар” руу өгдөг гэсэн үг. Одоогоор Алтай суманд энэ ажлын хүрээнд өрөмдлөг явагдаж байгаа бол Баянхонгорын Өлзийт суманд 1600 орчим тууш метр өрөмдлөг хийж цооногуудаа суулгасан. Тусгай зориулалтын цоногтой  байдаг. Дотуур нь тусгай дулаан шингээдэг шингэн гүйлгэдэг. Хөрсний фероны эсрэг үйлдэл явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Үүнийг шийдсэнээр уурын зуухаар нүүрсээр дулааны шийддэг байсан цэцэрлэг хоёр ширхэг хөрөгч шиг төхөөрөмжөөр халаалтаа шийдсэн гэсэн үг. Ингэснээр утаа, тортог, галлагаа зэрэг үйл ажиллагааны зардал хэмнэгдсэн. 2700 тууш өрөмдлөгөөр тус бүр 100 метрийн гүнд 27 цооног гаргасан. Нэмээд барилгын дээвэрт нь нарны коллектор хийсэн. Нарны энергиэр ус халдаадаг систем тавьсан гэсэн үг. Хөрсний гүний дулааны систем  тодорхой хэмжээнд тухайлбал -20 орчим хэмд ажилладаг. Үүнээс дээш -25,30 хэмд хүрч хүйтрэхэд ажилладаггүй. -30 хэмийн үед ажиллах систем эдийн засгийн хувьд ач холбогдолгүй. Учир нь манай улсын өвөл 90-100 хоног үргэлжлэх хугацаанд огцом хүйтрэх үе нь газар бүрийн онцлогоос хамаарч 10-20 хоног. Тэгэхээр 10,20 хоногт  хоёр дахин их зардал гаргах бололцоогүй.

Харин нарны коллектор  харьцангуй хямдаас гадна хангалттай сайн дулаан үйлдвэрлэдэг онцлогтой. Систем нь хөрсний дулааны эх үүсвэрт ойрхон тухайлбал, Архангай аймгийн халуун рашаантай газарт илүү үр ашигтай. Дэлхийн зарим улс Исланд гэхэд хотоо ийм системээр халаадаг  туршлагатай. Манай орны хэт  хүйтэн хэсэгт тохиромжгүй. Хөрөнгө оруулалтын зардал их. Ховдын цэцэрлэгт гэхэд  260  орчим мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар тавьсан. Зардлын 65 хувь нь өрөмдлөг, цооногт  зарцуулагдсан. Суурилуулж буй битүү фероны систем суурилуулах зардал өндөр. Хөргөгч нь бол хямдхан. Эрчим хүчний яамнаас хамгийн хүйтэн газруудад энэ системийг турш гэсэн. Үүний дагуу ажиллаж байна. Нөгөөтээгүүр, ийм шинэ системийг ашиглахад инженерийн тооцоо, судалгаа, зөвлөх үйлчилгээг авах хэрэгтэй. Манай системд Финланд улсын зөвлөх инженер ажилласан. Тус улс энэ системд илүү туршлагатай. Тэд газыг хананаас ус авч байгаатай адил хэрэглэдэг. Хүйтрэнгүүт шууд ашигладаг онцлогтой.

Англи улс газаар халаалтаа шийдвэрлэсний зэрэгцээ мөн энэ системийг хэрэглэхийг Засгийн газраас нь дэмжиж тарифын хөнгөлөлт үзүүлж аль болох сэргээгдэх эрчим хүчээр халаалтын шийдэхийг зорьж байна. Англид ийм системээр халаалтаа шийдсэн өрхийн шөнийн тарифыг нь хөнгөлдөг. Тус улсын цахилгааны өртөг өндөр. Яг ийм системийг суурилуулахад 17 мянган фаундын зардалтай. Шведэд ийм технологийн мөн хэрэглэдэг. АНУ сүүлийн үед янз бүрийн системийг туршиж байна.

- Цэнэгт хураагуур ашиглалтад орсноор оргил ачааллын үеийн дутагдлыг хэрхэн нөхөж байна вэ?

- Завхан аймгийн Улиастай хотод 5.0 М/Вт-ын нарны станц, 3.6 м/Вт цагийн хүчин чадал бүхий батарей хураагуур нь цагт 600 к/втц эрчим хүчээр аймгаа хангах юм. Завхан аймаг цахилгаан эрчим хүчний дутагдалтай байнга тог тасардаг газар. Энэ систем ашиглалтад орсноор оргил ачааллын үед зургаан цаг аймгаа эрчим хүчээр найдвартай хангана.

- Говь-Алтай аймгийн Алтай суманд сэргээгдэх эрчим хүчний хосолмол эх үүсвэрийг бий болгосон гэж байсан. Энэ эх үүсвэрийн талаар тайлбарлана уу?

-Хосолмол систем гэдэг нь салхи, нарны хамтарсан биеэ, биеэ нөхөж ажиллах систем. Хэмжилтээр тухайн сум уулын нөмөрт байрладаг учраас жижиг салхин станц барих боломжгүй байсан учраас нарны станцаар өргөтгөж батарей цэнэгт хураагуур суурилуулсан. Мөн наргүй 3-4 хоног үргэлжилбэл системээ тэжээх нөөц дизелийн генератортай ийм гурав, дөрвөн эх үүсвэртэй систем. Үүнийг хосолмол гэж тайлбарлаж байна. Түүнчлэн манай төслийн хүрээнд “SBJ” буюу концентрац төхөөрөмж суурилуулсан. Энэ нь ямар учиртай юм гэвэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тогтвортой ажилладаггүй, наргүй, салхигүй үед зогсчихдог гэсэн ойлголт бий. Тэгэхээр нар, салхигүй үед хэвийн ажиллах  тохируулга нэмэлт төхөөрөмж суулгах шаардлага үүссэн. Тиймээс ийм төхөөрөмжийг Завхан аймгийн Тэлмэн суманд суурилуулсан. Энэ нь бүрэн автомат. Сүлжээнд ямар нэгэн өөрчлөлт гарах бүрд богино хугацаанд өөртөө ачааллыг авч тохируулдаг систем.

- Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор мөн валютын ханшийн зөрүүгээс шалтгаалж өндөр үнэтэй тогтоод байх шиг байна. Тухайлбал, өмнө ашиглалтад орсон зүүн бүсийн станцуудад ихээр ажиглагдсан. Тэгвэл баруун бүсийн эдгээр шинэ эх үүсвэрээс тэжээгдэх нэг к/Вт цахилгааны үнэ дунджаар  хэд орчимд тогтож, ямар зохицуулалтаар явах вэ?

-Тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно. Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан станцууд гэрээгээрээ зохицуулагдаг байх. Манай төслийн хөрөнгө оруулалт Японы буцалтгүй тусламжийн хамтарсан Кредит сан болон Уур амьсгалын сан мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлүүдээр санхүүжиж байна.Тиймээс хувийн хөрөнгөөр баригдсан станцуудыг бодвол  арай багаар тогтож байгаа. Одоо яригдаж буй эрчим хүчний үнийн нэмэгдэл эдгээр эх үүсвэрүүдэд хамааралгүй.

-Нэг, нэгж нарны хавтангийн хүчин чадлаас нэг к/Вт цахилгааны үнэ тогтдог. Тэгэхээр эдгээр станцуудын дамжуулах  эх үүсвэр буюу нарны хавтангийн чадал хэдэн к/Вт байна вэ. Мэдээж технологийн өөрчлөлтөөр хүчин чадал нь нэмэгдэж байгаа байх?

-Манайд 2017 онд анхны хөрөнгө оруулалттай нарны станц ашиглалтад орсон. Тэр үед технологи буюу дамжих үүсгэвэр буюу нэг хавтангийн чадал 330-340 к/Вт байсан. Дараа нь 2021 онд манай төсөл хэрэгжиж эхлэх үед нэг, нэгж нарны цахилгаан үүсгэвэр буюу хавтангийн чадал 380 к/Вт-аас эхэлсэн. Хамгийн сүүлд ашиглалтад орсон Мөрөн нарны станцынх 555 к/Вт болж нэмэгдсэн. Эхэндээ 540 к/Вт аар төлөвлөж тендерт орсон ч технологийн шийдэл хурдтай өөрчлөгдөж байна. Хүчин чадлаас шалтгаалж үнэд нөлөөлөх нь тодорхой.

Технологийн хөгжлийг бид гүйцэхгүй байна. Өнөөдөр нэг нэгж нарны хавтангийн зах зээлийн үнийг БНХАУ тодорхойлж байна. Энэ үнээр төлөвлөсөн ч төслийн санхүүжилт хийгдэх үед үнэ нэмэгдсэн байдаг. Үнийг тогтооход төвөгтэй. 2017 онд нарны хавтангийн чадлаас хамаарч нэг к/Вт сэргээгдэх эрчим хүчний цахилгааны үнэ 17.2 центээр тогтож худалдах, худалдан авах гэрээгээр байгуулсан. Үүнээс хойш хувийн хөрөнгө оруулалттай найман нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Багассаар байгаад одоогоор 12-13 цент дээр ирж байна. 2017 онд нэг ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл 2020 онд нэг ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байна. Одоо хувийн хөрөнгөөр шинэ нарны цахилгаан станц баригдах юм бол хуулиараа 12 цент буюу үүнээс доош тогтохоор гэрээ хийгдэнэ. Өнөөдөр нэг ам.доллар 3500 төгрөг. Тэгэхээр доллартой харьцуулбал үнэ бууж байна. Төгрөгтэй харьцуулбал инфляцтай холбоотойгоор буухгүй  байна.

- Цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа хэдэн жил бэ. Устгалд хэрхэн оруулах вэ. Манай улс Батарей хуримтлуурын тухай хуульгүй орон шүү дээ?

-Манай төсөл хоёр төрлийн цэнэг хураагуур ашигласан. Нэг нь Улиастайд суурилуулсан. Энэ нь “НатриS” цэнэг хураагуур юм. Онцлог нь цельсийн +305 хэм болон түүнээс дээш хэмд цэнэгжих процесс явагдана. Өөрөөр хэлбэл, вакум халуун орчинд урвал явагддаг учраас цэнэгээ 100 хувь ашиглаж эргээд 100 хувь цэнэгээ алдаг онцлогтой. Уламжлалт цэнэг хураагуур заавал 20 хувийг үлдээдэг. Бүрэн ашигладаггүй. Цэнэглэхдээ ч мөн ялгаагүй. Уг хураагуур 12 жил тасралтгүй ажиллах хугацаатай. Гэхдээ 14 жил ажиллана гэж гэрээнд заасан. Хугацаа дуусангуут үйлдвэрлэгч буцаан авч устгалд оруулах гэрээтэй. Нөгөөх нь Алтай суманд суурилуулсан цэнэг хураагуур. Энэ нь өмнөх үеийн бага энергийн нягтаршилтай литийн карбон суурьтай. Үүнд мөн адил 8-10 жил ашиглах циклийн тоотой. Мөн тухайн цэнэг хураагуурын үйлдвэрлэгчээс шууд нийлүүлсэн учраас устгалд оруулах үед буцаан авах гэрээний нөхцөлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)