Рагчаагийн ОЮУН

Халх гол-85: Мартаж болохгүй түүх

Энэ жил Халх голын ялалтын 85 жилийн ойг угтан Монгол, ОХУ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг олон улсын дугуй ширээний уулзалтыг Буриад улсын Ардын хурлын дэргэдэх Залуучуудын танхим, Буриад улсын Засгийн газар, Буриад улсын төрийн архив, Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургууль хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Буриад улсын Ардын хурлын дарга Павлов Владимир Анатольевич, Монгол Улсын Ерөнхий консул Д.Нямцэрэн, Буриадын Засгийн газрын орлогч дарга, Беларусь улсын Эрүүл мэндийн сайд Евгения Юрьевна Людупова, Беларусь улсын Ардын хурлын депутат, Ардын хурлын дэргэдэх Залуучуудын танхимын дарга, ОХУ-ын Холбооны хурлын Хурлын холбооны зөвлөлийн дэргэдэх Залуу хууль тогтоогчдын танхимын гишүүн Ивахинова Инна Саяновна, Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн, Буриад улсын Төрийн архивын захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Жалсанов Бутит Цыдыпмункуевна, “Халхын голын ажиллагааны үе үеийн дурсамж”, Залуучуудын танхимын нутгийн удирдлагын байгууллагатай харилцах комиссын дарга Баташов Василий, ЗХУ-ын маршал, Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, дэд хурандаа Д.Амартайван болон Улаан-Үүд хотод суралцаж буй монгол оюутны төлөөлөл оролцсон юм.

Мөн орой нь Буриадын үндэсний драмын театрт Геннадий Башкуевын зохиол, Олег Юмовын найруулсан “Халхын гол тангараг” жүжиг үзүүллээ. Бодит явдлаас сэдэвлэсэн драмын жүжгийг хоёр жил судалгаа хийж, гол дүр болох Халх голын байлдааны ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэнгийн ярианд тулгуурлан бүтээсэн байна. Жүжигт Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 14-16 насны 16 охин сайн дураараа явсны нэг нь Ц.Чимэдцэрэн гуай байж. Тэрээр 1939 онд Халх голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байжээ. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг нь хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж цэргийн сувилагчаар ажилласан аж.

Энэ жүжгээр эх оронч үзэл, амь насаа үл хайрлах сэтгэл, хоёр орны ард түмний найрамдал, хүний амь хэчнээн үнэ цэнтэйг харуулжээ. Ойн хүрээнд хоёр улсын хооронд олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэ жүжиг юм. Жүжгийг монгол хэлнээ хөрвүүлснээрээ онцлог байлаа.

Энэ үеэр уулзалтад оролцогчдын сэтгэгдлийг сонссон байна.

 

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, дэд хурандаа Д.Амартайван: Ховор баримт, бичмэлүүд үзэсгэлэнг минь чимж байна

-ОХУ-ын архив, манай батлан хамгаалахын архиваас нууцын зэрэглэлээс гарсан ховор баримтууд дөрөв дэх газраа нүүж ирсэн үзэсгэлэн байна. Энэ үзэсгэлэнд тавьсан ховор баримт гэвэл маршал Х.Чойбалсан гуай дайн эхэлсний дараа ард түмэндээ хандаж тусгай тогтоол гаргасан байдаг. Мөн Оросын архиваас Гадаад явдлын яамны орлогч даргад нь бичиж байсан захидал байгаа. Гэндэн гуайн “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдад зөв зааварчилгаа өгөөч, хөрш зэргэлдээ улс орнуудын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаадаа дахин сургамж, зааварчилгаа өгч ажиллана уу” гэсэн гар бичмэл, Жуков жанжны өөрийнх нь гар бичмэлүүд, түүхэнд нэрээ дуурсгаж үлдсэн сайхан хүмүүсийн талаарх ховор баримт, бичмэлүүд үзэсгэлэнг минь чимж байна. Оросын ард түмэн зүрхээ шимшрүүлж сонсдог. Би олон жил Жуковын музейд ажиллаж байна. Эх орондоо тангараг өргөх гэж явсан орос залуус өнөөдөр Дорнод аймгийн Халх голын хөрсөнд унтаж байгаа. Хэн ч гэсэн өөрийн хамаатан садныг олж, тодруулчих юмсан гэдэг. Энэ утгаараа их хүндэтгэлтэй ханддаг, энэ түүхийг мартдаггүйд нь би баярлаж, талархаж явдаг. 

 

Оюутан Э.Баярмаа: Түүхийг мартаж болохгүй гэдгийг ойлгож авлаа

-Би Буриад улсын их сургуулийн орос хэлний тэнхимийн орос хэл, уран зохиолын ангийн хоёрдугаар курсын оюутан. Улаан-Үүд хотод суралцаж байгаа Монгол оюутны холбооноос төлөөлөн Монгол, Оросын хамтарсан Халх голын 85 жилийн ойг тэмдэглэж буй арга хэмжээнд өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа сонсож байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд халх голын 85 жилийн арга хэмжээнд оролцсоноор цааш нь дамжуулах ёстойг маань сануулж өгсөн. Түүхийг мартаж болохгүй, чухал гэдгийг ойлгож авлаа. Би хөдөө өссөн болохоор Монголынхоо тал нутгийг их санадаг.

 

“Шинэ Буриад” сонины сэтгүүлч Дмитрий Бояркин: Түүхийг буруу ярьдаг асуудал гарч байна

 

-Халх голын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг алдаршуулах арга хэмжээг Читад зохион байгуулсан. Иргэдэд дайнд оролцсон баатруудын тухай мэдээллийг өгөх. Хамтын ялалт учраас Монголын ард түмний төлөөлөгчгүйгээр энэ баяр, эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээг явуулах боломжгүй. Бид ийм арга хэмжээнүүдэд Монголын нөхдөө оролцуулахыг хичээдэг. Залуучуудад үүнийг таниулахгүй бол түүх мартагддаг. Түүхийг урвуулж ярьдаг асуудал гарч байгаа учраас залуучуудыг энэ талаар мэдээсэй гэж хүсэж байна. Читад болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд Дорнод аймгийн ИТХ-ын орлогч дарга Г.Дагвадорж оролцсон.

 

Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн: Соёл, урлагийн салбарт олон арга хэмжээ зохион байгуулж байна  

-Халх голын ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ жил халх голын ойн ялалтыг тэмдэглэх хүрээнд соёл, урлагийн салбарт олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Буриад улсын Засгийн газар, Соёлын яам болон Буриадын үндэсний драмын театр Монгол Улсын ахмад дайчин 101 настай Ц.Чимэдцэрэн эмээгийн бодит түүхээр сэдэвлэсэн “Халхын гол тангараг” жүжиг тавьж Буриадад тоглоод дараа нь Монгол Улсын хот, хөдөөд зургаан удаа Монголын үзэгчдэд хүргэсэн. Мөн “Халх гол 85” гэсэн эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт Буриад улсын Ардын их хурлын танхимд уригдан ирж оролцож байна. Эрдэм шинжилгээний хуралд Г.К.Жуковын нэрэмжит музейн захирал, судлаач, цэргийн түүхч, дэд хурандаа Д.Амартайван архивын шинэ материалуудаар үндэслэсэн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Мөн ойд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, Александрын нэрэмжит Оросын цэргийн дуу, бүжгийн ансамбль, Монголын бүх цэргийн дуу, бүжгийн ансамбль, Байгал театрынхан Улаанбаатарт халх голын ялалтын 85 жилийн ойн хүндэтгэлийн концерт, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалд зориулсан төрийн дээд хэмжээний хүлээн авалт, соёл, урлагийн арга хэмжээг Монголын уран бүтээлчид, соёл, урлагийн салбарын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид хамтдаа толилуулсан.    

 

Хоёр орны залуус түүхээ хамтран судална    

ОХУ-ын Буриад улсын Төрийн архивын захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Жалсанов Бутит Цыдыпмункуевнатай ярилцлаа. 

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан арга хэмжээг хоёр улсад зохион байгуулж байна. Энэ удаа Буриадын Улаан-Үүдэд зохион байгуулж байна. Энэ талаар? 
-Монгол, Оросын хамтарсан архивын бүлэг хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг түүхийн үнэнийг нотлох, батлах, түүхийг гуйвуулахаас урьдчилан сэргийлсэн бичиг баримт, мэдээллийг архивын бичиг баримт дээр үндэслэн хангаж ажиллана. Халх голын дайны явцад гадаадын олон сэтгүүлч, сонингууд энэ мэдээллийн талаар буруу ташаа материал, нийтлэлүүдийг гаргаж байсан. Энэ дайны үр дүнд Монгол орон ЗХУ хоёр хүний нутгаас нэг ч дөрвөлжин газар аваагүй. Харин өөрийн нутгийнхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн гэдэг архивын бичиг баримт байгаа. Өнөөдрийн дугуй ширээний уулзалтаас гарч байгаа санамж бичигтэй санал нийлж байна. Түүхийг үнэн бодитоор хадгалж үлдээх, цаашид түгээх ажил боллоо. 
-Хүүхэд, залуус хэр идэвхтэй оролцож байна вэ. Тэдэнд эх орны үнэ цэн, эх оронч сэтгэлгээг хэрхэн суулгаж байна? 
-Өнөөдрийн арга хэмжээнд залуучууд их оролцож байна. Бидний явуулж байгаа арга хэмжээ нь залуучуудын сонирхлыг төрүүлэх мөн хоёр орны залуус өөрийнхөө түүхийг хамтарч судална. Халхын голын үйл явдлыг харуулсан үзэсгэлэн, дугуй ширээний ярилцлагаас өөрийнхөө түүхийг сонирхож, мартахгүй байх гэж бодож байна. Бид боловсролынхоо яамтай түүхийн бодит болсон үйл явдлуудын талаар цаг, мэдээллийг нь нэмснээр залуучууд бүрэн ойлголттой болоход нөлөөлнө гэдэгт итгэж байна. 
-Халх голын түүх манай хоёр улсын хувьд мартаж болохгүй чухал үйл явдал. Түүхийн судалгааны ажлууд одоо ч хийсээр байгаа. Буриад улсын хувьд энэ ажлыг хэр хийж байна вэ?
-Түүхийн болон өнгөрсөн дайны асуудлууд ялангуяа, Халх голын сэдэв маш чухал. Монгол, ОХУ-ын Буриадын хамтарч ажиллах маш чухал сэдэв гэж үзэж байгаа. Судлаагүй зүйлүүд байгаа. Манай хоёр орны эрдэмтдийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, үргэлжилнэ гэдэгт найдаж байгаа. Монголын олон эрдэмтэн манай эрдэмтэдтэй хамтран ажиллаж монгол эрдэмтэд эрдмийн цол, зэрэг хамгаалж Буриадын их, дээд сургуульд суралцаж байгаа. 
-Улаан-Үүд хотод “Халх голын тулалдааны 85 жил”  үзэсгэлэн гарсан байна. Үзэсгэлэнгийн талаар та юу хэлэх вэ?          
-Үнэн бодит түүхийн нотолгоо болсон өмнө нь харж байгаагүй ховор гэрэл зургууд шинээр гарсан байна. Хэдий чинээ олон зураг, баримт байх тусмаа нотолгоо болж үлддэг. Тиймээс хоёр улсын эрдэмтэд шинээр гарч байгаа баримт, зураг гэсэн нотолгоонууд чухал судалгааны сэдэв болж үнэнийг тогтооход тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)