Жил бүрийн эхэнд дэлхийн эдийн засаг, улс төрийн өнгийг тодорхойлдог Давосын чуулган өнгөрсөн долоо хоногт “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдав. 60 гаруй орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, 1400 гаруй эксперт оролцож, хиймэл оюун ухаан, технологийн хурдацтай дэвшлийн хандлага, үр дагаврыг хэлэлцэв.
Дэлхий дахины өнөөгийн сөргөлдөөнт байдал сүүлийн үед олон улсын хэмжээний хурал болгон дээр ёс мэт яригдаж, гол сэдэв болоод байгаа. Энэ жишгийн дагуу геополитикийн асуудал, эдийн засгийн форумын үеэр ч голлох сэдвийн нэг байлаа. Мөн улс орнуудын аюулгүй байдлаас дутахгүй анхаарал татах болсон хиймэл оюун ухааны цаашдын чиг хандлага, эрсдэл, технологийн хөгжил, эдийн засгийг сэргээх нөхцөл боломжуудын талаар голлон ярилцсан эдийн засгийн форум болж өнгөрлөө. Украины ерөнхийлөгч В.Зеленский Европын холбоо Украиныг бүх талаар дэмжихийг шаардсан, хүссэн маягтай үг хэлж, НАТО-д элсэхийг яаруулав. Нөгөө талаар ДАВОС-ын чуулганаар дамжуулан АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трамп дэлхий дахинд хандсан анхны үгээ хэлсэн.
ДАВОС-ын чуулганы томоохон сэдвүүд дунд дурдагдаад өнгөрдөг нэгэн томоохон мэдээлэл бол улс орнуудын ирээдүйн зураглалыг тодорхойлсон Эрсдлийн тайлан юм.
Энэхүү тайлангийн хүрээнд эдийн засаг, хүрээлэн буй орчин, геополитик, нийгэм болон технологийн гэсэн таван ерөнхий салбарын хүрээнд тус бүрт тулгамдаж буй асуудал, эрсдлийг тооцоолон дэлхий нийтэд болон улс орон бүрээр тусад нь үнэлэн танилцуулдаг. Дэлхийн эрсдлийн тайланд дурдсанаар ирэх 10 жилд дэлхий нийтэд тулгарах 10 гол асуудлыг нэрлэсэн байна. Тэдгээрийн тал хувь нь бохирдол, түүхий эдийн хомсдол, байгалийн гамшиг зэрэг байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан сөрөг нөлөө бүхий таван эрсдэл байгаа бол технологид хамааралтай, тэр дундаа худал мэдээлэл, хиймэл оюун ухааны сөрөг үр дагавар, тагнуулын зорилготой цахим дайн гэсэн гурван том эрсдэл, эдийн засгийн хувьд тэгш бус байдал, нийгмийн хэт туйлшрал гэсэн нийт 10 эрсдлийг ирээдүйн 10 жилд анхаарах гол сорилт хэмээн жагсаажээ.
Улс орнуудын тухайд тус бүрт нь анхаарах ёстой таван эрсдлийг энэхүү тайланд дэлгэрэнгүй дурддаг. Улс орон бүр голлох таван эрсдлийг жагсаан танилцуулснаар дэлхийн бусад орноос хаана яваа, цаашид хааш чиглэх вэ гэдгээ шийдвэрлэхэд энэ дүн шинжилгээ томоохон үүрэг гүйцэтгэдэг хэмээн ойлгож болно.
Манай улсын хувьд дараах таван эрсдлийг жагсаажээ. Үүнд, ажиллах хүчний хомсдол, эрчим хүчний хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол, ядуурал, орлогын тэнцвэрт бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үер ус, хэт халалт зэргийг эхний таван эрсдэлд оруулсан байна.
Манай улс сүүлийн жилүүдэд ажиллах хүчээ гадагш алдсаар байгаа жишээг та бид мэднэ. Өмнөд Солонгост ажилах хүчээ алдаж байгаагаа урд хөршөөс нөхөх тухай хуулийн төсөл санаачилж байгаа төрийн түшээ ч байгаа. Тэгвэл нэгэнт олон улсын судлаач, шинжээчид манай улсад тулгарах хамгийн гол эрсдлийг ажиллах хүчин гэж тодорхойлоод байхад гадагшаа урсаж байгаа “тархины урсгал”-аа бид эртнээс тогтоон барих арга эвээ бодох л цаг болсныг сануулж байна.
Харин бусад дөрвөн эрсдэл болох эрчим хүчний хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол, ядуурал, орлогын тэнцвэрт бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үер ус, хэт халалт зэрэг бусад эрсдлүүд олон жилийн турш бидэнд байсаар ирсэн, нүднээ ил харагдаж байгаа асуудлууд учраас энд бичиглэх нь илүүц биз. Ямартай ч ойрын 10 жилд манай улсад тулгарах гол асуудал ажиллах хүчний асуудал байгаа бол дэлхий нийтэд байгаль орчин, худал мэдээлэл, хиймэл оюун ухааны асуудал сорилт байсан хэвээр байх нь.
Бүс нутгаар нь авч үзэхэд Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүс нутагт байгаль орчны асуудал голлох асуудал байсаар байх бол Ази тив болон Ойрхи Дорнодод технологид суурилсан цахим аюулгүй байдал, хиймэл оюун ухааны сөрөг үр дагавар, худал мэдээлэл илүүтэй сорилт болох хандлагатай байна.
Улс орнуудын зарим үзүүлэлтийг харахад, Европ тивээс Норвеги улсад эдийн засгийн бууралт, ажиллах хүчний хомсдол, эрчим хүчний хомсдол, хууль бус цагаачлал болон дотоодын зөрчил сөргөлдөөн зэрэг асуудлыг хамгийн их тулгамдаж байгаа эрсдэл хэмээн нэрлэсэн байна.
АНУ-ын хувьд эдийн засгийн уналт, инфляц, хиймэл оюун ухааны сөрөг үр дагавар, хүнсний хомсдол болон цаг уурын нөхцөл байдал тулгарах нь зайлшгүй хэмээн үзсэн байна.
Харин Энэтхэг улсын хувьд эдийн засгийн уналт, цаг уурын өөрчлөлт, нийгмийн хэт туйлшрал, ажиллах хүчний хомсдол болон инфляцийн асуудлууд тулгарахаар нөхцөл байдал үүсэхээр байгааг тайланд дурджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 17 (7513)