Азербайжан улсын нийслэл Баку хотноо СОР-29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын 29 дүгээр бага хурал эхлээд байна. “СОР-29” бага хурлын гол арга хэмжээнүүд Баку хотын олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн бүсэд эдгээр өдрүүдэд өрнөж байгаа юм.  2015 онд нээгдсэн цэнгэлдэх хүрээлэн нь тус бүс нутагтаа хамгийн том бөгөөд орчин үеийнхэд тооцогддог.  Зөвхөн спорт цогцолбор гэхээсээ илүү Азербайжаны амбицын бэлэг тэмдэг, олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах чадлынх нь илэрхийлэл гэж болно. COP-29 хурлын төлөөлөгчдийг зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баку хот төлөөлөгчдөд зориулж 56 шинэ кафе, ресторан нээжээ.

 

Монгол, Азербайжаны эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баку хотноо хүрэлцэн очиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.  Мөн хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэд хэдэн гол уулзалтуудыг хийсэн.  Түүний нэг нь СOP-29-ийг зохион байгуулагч улс болох Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев байв. Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо. Бүгд Найрамдах Азербайжан Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд энэ нь улс төрийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлдэг гэж хэлж болно.  Ерөнхийлөгч И.Алиев өөрийн эцгийг залгамжлан 2003 оноос хойш засгийн эрхийг барьж байна. 2017 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өөрийн эхнэр Мехрибан Алиеваг дэд ерөнхийлөгчөөр томилсон юм байна. 

 

Э.Одбаяр: Манай бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгисээр тээвэрлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн

 

Төрийн тэргүүн нарын уулзалтын талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр мэдээлэл өглөө.  Тэрээр  “COP-29 бага хурлаар Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзаж байгаа нь түүхэн үйл явдал болж байгааг талууд онцлон тэмдэглэсэн.   Түүнчлэн Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй байгаагаа Азербайжаны тал илэрхийлсэн. Дэд сайдаар ахлуулсан Гадаад харилцааны яамны төлөөлөгчдийн урьдчилсан багийг Монгол Улс руу илгээж, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, боловсрол болон хувийн хэвшлийн чиглэлд хамтрах нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангахаар боллоо. Харин манай улсын зүгээс дээрх дурдсан салбаруудаас гадна соёл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтрах боломжтойгоо илэрхийлсэн юм.Түүнчлэн Узбекистан, Туркменистан, Тажикистан, Киргизстан, Турк улстай томоохон хөрөнгө оруулалт хийдгээ илэрхийлсэн. Үүний дагуу Монгол Улстай ч бүх салбарт харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлж байна.Эдийн засгийн тухайд Азербайжан улс махны импортын хувьд нэн хараат байдгаа өөрсдөө илэрхийллээ. 80 сая малтай манай улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт Азербайжан улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой гэдгээ хэлэхэд нааштай хүлээн авлаа.  Одоогоор цөөн тооны компаниудаас халал аргаар бэлтгэсэн махыг Азербайжан улсын зах зээлд нийлүүлдэг. Үүнийг улам өргөтгөж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэн ялангуяа махны импорт, экспортын чиглэлээр хамтран ажиллана. Азербайжан улс нь Туркменистан, Узбекистан, Казахстан, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Каспийн тэнгис буюу өөрийн нутаг дэвсгэрээр Европын Холбоо болон бусад орнууд руу дамжин өнгөрүүлэх тээврийг эрхэлж байна. Тэдгээр орны худалдаа, эдийн засагт хөрөнгө оруулж хамтран ажилладаг. Манай бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдан аваад зогсохгүй Каспийн тэнгисийнхээ эргэн тойронд барьсан боомтуудаараа дамжуулан дамжин өнгөрөх тээврийг эрхлэх боломжтой гэдгээ санал болголоо. Цаашид олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжтой юм байна. Үүнийг хоёр улсын ерөнхийлөгч хоорондоо ярилцаж тохиролцлоо. Одоо ажил хэргийн түвшинд Гадаад харилцааны яам болон салбар яамд хоорондоо уулзаж, энэхүү айлчлалын үр дүн ямар байгааг түрүүлж шийдэх ёстой” гэлээ.

 

Улс орнуудын амлалт, биелэлт

 

СОР-29 бага хурал Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээний дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай шинэчилсэн төлөвлөгөөг 2025 оны хоёрдугаар сард танилцуулах эцсийн хугацаанаас өмнөхөн болж  байгаагаараа онцлог юм.  Энэхүү үүрэг даалгавар нь Парисын гэрээнд тусгасан дэлхийн агаарын хэм нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг биелүүлэх нэн чухал ач холбогдолтой. НҮБ-ын үнэлгээгээр, агаарын хэмийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээс дээш нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр авсан улс орнуудын үүрэг даалгавар хангалтгүй байна гэжээ.  Дубайд 2023 онд болсон СОР-28 бага хурлаар дэлхийн 200 орчим улс олборлодог түлшийг эрчим хүчний системд ашиглахаас татгалзах тохиролцоонд хүрсэн. Улмаар улс орнууд 2050 он гэхэд эрчим хүчний салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх, олборлодог түлшнээс татгалзах, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн билээ. Гэвч дэлхийн хэмжээнд олборлодог эх үүсвэрийн ашиглалт, худалдаанд томоохон өөрчлөлт гараагүй. Саудын Араб, ОХУ, АНУ зэрэг орнууд газрын тос, байгалийн хийн олборлолтын шинэ төсөл хөгжүүлсэн хэвээр байна. СОР-29 баг хурлаар илүү тодорхой арга хэмжээ авах тохиролцоонд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

 

Антонио Гутеррешын сануулга

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт өчигдөр Улаанбаатарын цагаар 16:20-д эхэлсэн.  Уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэллээ.  Тэрээр дэлхийн агаарын хэм болон хүлэмжийн хийн ялгаралт хамгийн дээд түвшинд хүрсэн байгааг дурдаж, үүний улмаас үер, шуурга, ган зэрэг гамшгийн тоо, хүч нэмэгдэж байгааг онцоллоо. Гутерреш хязгаарын хэмийг баримтлах нь хүний амьдрал, байгаль орчинд учрах эрсдэлийг бууруулах цорын ганц зам гэдгийг онцолж, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улс орнууд илүү хүчтэй, бодит амлалтууд өгөх ёстойг сануулсан. Мөн тэргүүлэгч хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын хувьд уур амьсгалын шинэ зорилт тодорхойлох шаардлагатай хэмээн үзэж, хөгжингүй орнуудад 2040 он гэхэд, харин хөгжиж буй орнуудад 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавихыг уриаллаа. Гутерреш мөн байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг гурав дахин нэмэгдүүлэх, энергийн үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний тэгш хүртээмжтэй байлгах хэрэгтэйг онцолсон юм. Мөн хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өрийн ачааллыг бууруулах, нөхөн сэргээх болон дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэхийн чухлыг дурдлаа. Гутерреш энэ бүх санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, засгийн газруудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Мөн эрчим хүчний тэгш хүртээмжийг хангах, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийг түргэвчлэх үүрэгтэй гэдгийг санууллаа. Эцэст нь тэрээр улс орнууд ногоон өсөлт, байгальд ээлтэй эдийн засагт шилжих амлалт авахын чухлыг дахин онцолж, энэ удаагийн чуулганыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн “эргэлтийн цэг” болгон өөрчлөхөд анхаарч ажиллахыг уриалсан юм. Сонины дугаар шилжих мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

 

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг: Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг

-Энэ жил өмнөх уулзалтуудаар яригдсан ажлыг дүгнэхийн зэрэгцээ, санхүүжилтийн тухай сэдвийг голчилж байгаа нь анзаарагдлаа.Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн бөгөөд төслийн мөнгө хүрдэггүй. Түүнчлэн энэ нь ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм. Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх, ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах асуудал шинээр яригдаж эхэллээ. Нөгөө талаас санхүүжилт үр дүнтэй зарцуулагдах, байгаа онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм. Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах нь чухал гэж харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээс хол явж ирлээ. Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид ойлгож авсан.Оролцогчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон жигд анхаарал хандуулдаг болсныг анзаарлаа. Нэг хэсэг хөгжсөн орнуудыг чухалчилсан. Дараа нь буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн байна. 100 тэрбум ам.доллар гэдэг тасралтгүй өсөж буй тоо. Энэ хэрээр бид алхам алхмаар ахиж байгаа гэсэн үг. Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байна. Үр нөлөө нь бидэнд илүү тусаад байна л даа. Тэгэхээр бид энэ нөлөөнд яаж дасан зохицох вэ, бууруулах вэ гэдэг дээр бодлогын өөрчлөлтөө тодорхойлж явах нь зүйтэй гэж харж байна.

 

Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Пакистан 10 тэрбум, БНХАУ 70 гаруй тэрбум модыг тарьж, ургуулж байна

- Улс орон бүр өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаль орчин, хүний нийгэмд ямар сөрөг өөрчлөлт гарч байгаа талаар дүгнэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлдог. Монгол орны хувьд эх газрын онцлогоор, уур амьсгалын өөрчлөлтөд гурав дахин хурдтай өртөж буй. Нийтдээ жилд 10 орчим сая га буюу БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний ой доройтож байна.  Олон талын оролдлого хийж буйн нэг нь мод тарих буюу “ногооруулах”. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч санаачилсан. Пакистан 10 тэрбум, Европын холбоо гурван тэрбум, БНХАУ 70 гаруй тэрбум модыг тарьж, ургуулж байна. Дэлхийн улс орнууд олон алхам хийж буйн  нэг нь мод тарих, үүнийг дагасан экосистемийг нөхөн сэргээх юм. Иймд манай “Тэрбум мод” хөдөлгөөн нь дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагатай нийцсэн. Багадаа тэрбум, цаашид тэрбум тэрбумаар тоологдох модыг ургуулах ёстой болж буй. Монгол орны хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд 1.6 сая га талбай хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон. Эдгээрийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай. Байгальд суурилсан шийдэлд анхаарах буюу хэдэн мянган жил мод ургаагүй газар тарих биш, доройтсон хэсгийг нөхөн сэргээх нь оновчтой. Иймд үүнийг харгалзан үзэж, ойн экосистемийг тэлэх учиртай.

 

 Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү: 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгөн ажиллаж байна

-НҮБ-ын суурь конвенцын хуралдаан, Киотогийн протокол, Парисын хэлэлцээрийн талуудын хуралдааныг хийхээс гадна шинжлэх ухаан технологийн хурал болон конвенцын хэрэгжилтийг хангах олон улсын хорооны хуралдаанд олон талт гэрээ хэлэлцээр хийдэг.Үүнд Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөлөл тодорхой чиглэлийн дагуу оролцож буй. Уулзалтаар олон талт хэлэлцээрийн үйл ажиллагаа эрчимжиж байна. 2022 оныг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах хүрээнд хөгжингүй болон хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтийн хэмжээг 100 тэрбум хүргэх амлалтыг авч хэрэгжүүлж байна. Энэ жилийн санхүүжилтийн тайлангийн дүнгээс харвал 118 орчим тэрбумыг хөгжиж байгаа орнуудад үзүүлэх юм.Улс орон болгон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд үндэсний хэрэгцээ шаардлагыг тооцоолсон дүнгээ Уур амьсгалын конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, нэгдсэн байдлаар энэ удаагийн хурал дээр ярьж байна. Санхүүжилтийн хэмжээг тооцоолбол тэрбумаар бус их наядаар тоологдох ам.доллар улс орнуудад хэрэгтэй юм байна.Энэ удаагийн COP-29-ын үр дүнд санхүүжилтийн шинэ зорилгыг батална гэдэгт оролцогч талууд бүрэн итгэлтэй байна. Гэхдээ 14 хоногийн хэлэлцээрийн эцсээр нэгдсэн дүн тодорхой болох нь ойлгомжтой.Монгол Улсын хувьд хоёр жил тутам уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлан гаргадаг. Үүнийгээ өнгөрсөн онд албан ёсоор хүргүүлсэн.Монгол Улсын хувьд үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхээ хүрээнд 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг авч ажиллаж байгаа.Улмаар 2050 он хүртэл дэлхийн хэмжээний нийтлэг хандлагын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг тавьж ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)