Т.САЙХАН

Ховд аймгийн Мянгад суманд “Халзан бүрэгдэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогджээ. Иймд дээрх төслийн үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс зогсоох тухай Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргажээ.

Түүнчлэн, уг төслийг анх эхэлсэн цагаас орон нутгийн иргэд эсэргүүцсээр байна. Тодруулбал, 2022 онд “Mongolian National Rare Earth Corp” ХХК зөвшөөрлийн эрхээ авах үед Мянгад сумын иргэд тайван жагсаал хийж, уг төслийг эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл 2024 онд судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэтэл нутгийн иргэд хайгуул өрөмдлөгийн улмаас цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, салбар яам болон орон нутгийн удирдлагуудад гомдол, өргөдлөө хүргүүлээд байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр болсон жагсаалд 1000 гаруй иргэн оролцжээ.

Манай улсад газрын ховор элементийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа хамгийн бодитой төсөл бол Халзан бүрэгтэй юм. Монгол Улсын хэмжээнд нийт  газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлсэн. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг орд юм. 

Эх сурвалж:www.polit.mn