П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Одончимэг болон дэлхийн алдарт жүжигчин Кэри Маллиган нарыг онцолж байна. Тэд хоёулаа 39 настай юм.

 

Театраар овоглож дэлгэцнээ гэрэлтсэн Б.Одончимэг

“Алтантүлхүүр” жүжгийн Брутиногоор тайзны анхны дүрээ бүтээж байсан түүнийг Б.Одончимэг гэдэг. Удам дамжсан авьяаслаг жүжигчин тэрээр Улаанбаатар хотын унаган охин. Дуу цөөтэй, бүрэг ичимхий охин арван жилээ төгсөхдөө жүжигчний замналыг сонгож, 2004 онд СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн шавь болон элссэн юм. Хоёрдугаар курсээсээ UBS телевизэд кинонд дуу оруулж, урлагийн салбарын анхны ажлаа хийсэн гэдэг. Сургуулиа төгсөөд УДЭТ-т 13 жилийн турш олон сайхан дүрийг бүтээхийн сацуу  дэлгэцийн бүтээлд  дүрээ мөнхлөх болсон билээ. Театрт ажиллаж байх хугацаандаа тайзнаа тавигдаж буй бүхий л жүжигт гол болон туслах дүрд ажиллажээ. Онцолж дурдвал, “Яаж амьдрах юм” жүжгийн Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаа, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгийн Сэрчмаа зэрэг болно.

Жүжигчин хүн тайз, кино ялгаагүй бүхий л төрөлд өөрийгөө сорьж, авьяас чадвараараа түмэн олонд танигддаг. Энэ бүх замналыг туулж яваа жүжигчдийн нэг Б.Одончимэг юм. Тайзны уран бүтээлд тоглохтой зэрэгцэн кино урлагт орсон түүний  хамгийн анхны дэлгэцийн гол дүр нь 2014 онд нээлтээ хийсэн Фантастик” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Аз жаргалын шок” кино билээ. Уран зөгнөлт, фантастик жанрын энэ бүтээл гол дүрийн эхнэр нөхөр хоёрын хүйс солигдож буй хөгжилтэй үйл явдлаар эхэлдэг. Энэхүү уран бүтээл нь түүний үеэл “Фантастик” продакшны найруулагч Б.Тамирын анхны бие даасан уран бүтээл байв. Харин одоо тэд Монголын кино урлагийн тод өнгө, түүчээ нь болж явна. Үргэлжлүүлэн  “Том толгойтын романс” киноны захирал эмэгтэй, “Гэрлэн дохио”-н Тамираа, “37-р Точка”-гийн Бурмаа гэхчлэн 20 гаруй кинонд тогложээ. Мөн тэрээр 2019 онд “Донна” энтертайнментаа байгуулж, анхны бүтээл болгон “Солонго үүл” киног туурвисан юм. Энэ уран бүтээлдээ гол дүр бүтээхийн зэрэгцээ продюсероор ажиллаж, өөрийгөө сориод амжсан билээ. “OI entertainment”-тай хамтарч бүтээсэн тус киноны зураг авалтын нэлээд хэсгийг ОХУ-ын Эрхүү хотод хийсэн байдаг. Харин түүний хамгийн сүүлд тоглосон “Гурав дахь цохилт” уран сайхны кино өргөн дэлгэцээр үзэгч олонд хүрч байна. Б.Одончимэг урлагийнхан дотроос жүжигчин О.Дөлгөөнтэй  дотно нөхөрлөдгийг бид мэднэ. Харин энэ удаа тэд нэг уран бүтээлд тоглосон байна.

 

Гурвантаа “Оскар”-т нэр дэвшсэн Кэри Ханна Маллиган

Харин түүнтэй нас чацуу Английн алдарт жүжигчин Кэри Ханна Маллиган 1985 оны тавдугаар сарын 28-нд Вестминстер хотод төрсөн юм. Зургаан настай байхдаа  “Хаан бид хоёр” сургуулийнхаа жүжигт тоглох ахыгаа харснаар жүжигчин болох мөрөөдлийг тээсэн гэдэг. Түүний энэ мөрөөдлийг эцэг, эх нь эсэргүүцдэг байв. Харин Кэри өөрийн хүсэл мөрөөдөлдөө чин үнэнч байсан юм.  Волдингемийн сургуульд сурч байхдаа театрын үйл ажиллагаанд оролцож, хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, жүжиг тавихад нь тусалдаг байв. 16 настайдаа Кеннет Бранаг харж, энэ замналаар явах бүрэн итгэлийг тээсэн гэнэ. Ахлах сургуулиа төгсөхдөө  элсэх гэж байсан сургуулиа орхиж, Лондоны драмын гурван сургуульд хүсэлт илгээсэн боловч харамсалтай нь тэнцээгүй байна. Тэрээр төгсөх жилээ Сценарист Жулиан Феллуэсийн “Gosford Park” киноны тухай  лекцэд сууж, лекцийн дараа түүнтэй ярилцаж, жүжигчний карьерын талаар зөвлөгөө авахыг хүссэн байдаг. Гэвч хүссэнээр нь тийм ч тааламжтай болсонгүй. Хэдэн долоо хоногийн дараа Фэллоусын эхнэр  Маллиганыг нөхөртэйгээ хамт залуу жүжигчдэд зориулсан оройн зоогт  урив. Энэ оройн зоог Маллиганыг “Pride and Prejudice” киноны шалгаруулалт орох боломжийг бүрдүүлсэн юм. Ийнхүү тэрээр гурван удаагийн шалгаруулалт орсноор 2005 онд “Pride and Prejudice” гэх ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлд Китти Беннетийн дүрийг бүтээсэн юм. Тэр жилээ “BAFTA” шагналыг хүртсэн  “Bleak House” кинонд өнчин охин Ада Клэрийн дүрийг амилуулсан байдаг. Ийнхүү өөрийн хүсэн хүлээсэн урлагийн салбарт амжилттай хөл тавьж, олон сайхан дүрийг бүтээсэн юм. 2009 онд “An Education” кинонд хөгшин эрд уруу татагдсан ахлах сургуулийн охины дүрд тогложээ. 100 гаруй жүжигчдээс сонгогдсон түүний жүжиглэлт найруулагч Лоне Шерфигт гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Маллиган энэ дүрээрээ анх удаа Оскарын кино наадамд нэр дэвшсэн юм. Тэрээр нийт гурван удаа Оскарт нэр дэвшиж байсан юм. Тодруулбал, 2021 онд “Promising young woman”, “Maestro” киногоороо дэвшсэн юм. Хэдийгээр оскар хүртэж чадаагүй ч үзэгч, кино шүүмжлэгчдийн сайшаалыг болон бусад нэр хүнтэй шагналын эзэн болжээ. “An Education” киноны дүрээрээ BAFTA буюу Их Британийн кино академийн шагнал хүрсэн байдаг. Мөн “Promising young woman”-ны дүрээр CCA буюу Америк-Канадын Шүүмжлэгчийн сонголт нийгэмлэгээс жил бүр олгодог “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон юм. Хамгийн сүүлд буюу 2023 онд “Maestro” киногоороо Капри холливуудын олон улсын кино наадмын шагнал хүртээд байгаа юм.

Кэри  Маллиган нь жүжигчнээс гадна сайн үйлсийн элч төлөөлөгч юм. 2010 онд хүний наймааны талаар олон нийтэд сурталчлах төсөлд оролцож байв. 2012 онд Альцгеймерийн нийгэмлэгийн элч төлөөлөгчөөр томилогдож, Альцгеймер болон сэтгэцийн эмгэгийн  талаарх мэдлэгийг дээшлүүлэх, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой ажиллажээ. 2014 онд “War Child International” сайн үйлсийн төлөөлөгчөөр сонгогдож, Конго улсад айлчилж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)