Х.МОНГОЛХАТАН

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII экспод оролцож байна.

 

“Хөрөнгө оруулагчидтай тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн”

 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.  Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болсон юм.

Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа. Айлчлалын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэж байна. Ази, Европын стратегийн уулзвар дээр оршдог Монгол Улсын хувьд энэхүү Экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн билээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улс дэлхийд дөрөв дэх том зэсийн гүний уурхайг Рио Тинто компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм. Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш 5-7 хувиар тогтмол өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна. Монгол Улс жил бүрийн долоодугаар сард Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өмнө Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Та бүхнийг Монгол үндэстний өвөрмөц зан заншил, түүх, нүүдэлчин ахуйтай танилцаж, бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээдэг Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьж байна. Эртний худалдааны түүхтэй Шанхайн Экспод оролцогч улс орнууд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж, шинэ амжилт, шинэ түншлэлийг хүсэн ерөөе” гэсэн юм.

 

Хоёр улсын Ерөнхий сайд найман баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав

2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү экспод Монгол Улс тасралтгүй оролцож ирсэн. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй долоо дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлог байна.

Энэ удаагийн экспод Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллага болох Эрдэнэс Монгол нэгдэл, түүний гишүүн байгууллагууд болох Эрдэнс таван толгой компаниуд болон “Ньюком” групп, “Макс” групп, “Капитал Маркет Монгол” зэрэг компаниуд Монголын үзэсгэлэнгийн талбай гарган ажиллаж байна.  Уг үзэсгэлэнгийн талбайд Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцах бөгөөд ирэх жил болох “Mining week & MinePro 2025” арга хэмжээний талаар танилцуулах юм.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж Монгол, Хятадын хооронд дараах найман баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.

Тухайлбал, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд зориулсан тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэх юм байна.  Мөн айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болов.

Уг Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлал өнөөдөр Жөжян мужийн Ханжөү хотод үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)