Б.ГАРЬД

 

“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.доллар алдсан тухай дуулиан дуусаагүй байна.

Хэдийгээр томоохон бөгөөд олон жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулсан ч энэ дуулиан тус группын хувьд тун таагүй тусав.

“Трафигура” группын гүйцэтгэх удирдлага  “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд сэтгэл маш дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим, ёс суртахуун байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалжийн мэдээллээр “Трафигура” группын Сингапур дахь оффисоос “Трафигурх Монгол” компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн жил дотоод хяналт шалгалт хийсэн. Тухайн үед зохих мэдээллийг авч, тэр дагуу ийм хяналт шалгалт зохион байгуулсан. Түүгээр одоо яригдаад байгаа зөрчил илэрсэн.

Өөрөөр хэлбэл, тус группын мэдэгдэлд

“…Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн” гэсэн. Энэ нь уг алдагдал, эсвэл эрсдэл, луйвар гэж тодорхойлогдож буй үйл явц 2018-2023 оны хооронд үйлдэгдсэн болж таарч байна. Мөн нэгэнт Монгол дахь салбарынх нь буруутай үйл ажиллагаа гэж үзсэн учраас үүнийг төлж барагдуулахын тулд 1.1 тэрбум ам.долларыг төсөвлөснөө зарлалаа.

Мөн Монгол дахь салбар нь яаж яваад таван жилийн дотор 1.1 тэрбум ам.долларын асуудалд орчихсон бэ. Энэ талаар “Трафигура” групп “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна” гэж мэдэгджээ.

Түүнчлэн тус группын гүйцэтгэх захирал Жеркми Уэйр албан ёсны мэдэгдлээрээ “…Бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна” гэлээ. Ямартай ч дээрх шалгалтын дараа энэ 2024 оны хавар “Трафигура Монгол” компанийн захирал Э.Жононбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Гэхдээ “Трафигура” группын зүгээс Монголд болсон үйл явдалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй бололтой. Тус группын мэдэгдэлд “…Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

Ер нь бол “Трафигура”-гийн албан мэдэгдэлд анхаарал татсан, маш ноцтой зүйл бий. “…Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдэж, үүнд Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн” гэсэн байгаа юм.

Зүгээр нэг бизесийн өгөө авааг “Трафигура” ингэтлээ эмзэглэж хүлээж авахгүй. Тэр тусмаа ийм өгөө аваанаас үүдсэн гүйлгээний сүлжээг “…Төвөгтэй” гэж тодорхойлохгүй. Тэгвэл тэд юуг “…Гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээ” гэх вэ. Үүнд одоохондоо хэн ч хариулаагүй байна. Гэхдээ оролцогчид бий. Явж явж “Трафигура”-гийн энэ том дүнтэй луйвар, алдагдалд улстөрчид ямар нэг байдлаар холбогдож гарч ирнэ шүү.

Яагаад гэхээр сүүлийн хэдэн жилд Монголын улс төр бизнесийн салбарт “цөм татаж” гарч ирсэн “Трафигура” Э.Жононбаяр нефтийн бүтээгдэхүүний импортоос гадна, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, үүрэн телефоны салбарт хөл тавьж байгаа талаар байнга яригдаж ирсэн. Дараагийн удаад жагсаалтыг нь хүргэмз. Хамгийн гол нь Э.Жононбаярын бизнес өргөжих бүрт өнөө хэдэн улстөрч маань л гар хөл нь болчихсон тууж яваа дуулддаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)