О.ЭНХЖИН

Хятадын засгийн газар сүнсний баярыг барууны бодлого гэж үзэн хориглосон билээ. Энэ жил цагдаа нар өдөр шөнөгүй эргүүл хийж, уг баяртай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг баривчилж эхлээд байна. Өнгөрсөн жилийн баярын өдөр олон хүүхэд, залуус Ковидын үеийн эмнэлгийн ажилтны хувцас, болон бусад улсын ерөнхийлөгчийн дүрд хувиран ихээхэн баяр хөөртэй тэмдэглэжээ. Тэгвэл үүнийг Хятадын Засгийн газраас доромжлол гэж үзэж, эсрэг хүйсний дүрд хувирахыг “LGBTQ”-г сурталчилж буй нийгмийн гажуудал хэмээн шүүмжлэн улс даяар уг баярыг хориглосон. Энэ явдлыг залуус ард иргэдээ атгандаа байлгах гэж ядсан үйлдэл хэмээн залуус дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. 2022 онд нэг хэсэг хүмүүс хөл хориог эсэргүүцэж бослого гаргасантай адил үймээн дахин гарах магадлалтай гэж сэжиглэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, оролцохыг хатуу хориглоод байгаа гэсэн тайлбар өгчээ.

Шанхайн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Жулу зам дээр хашлага тавьж хаан, булан тохой бүрт цагдаа нар эргүүл хийж, ямар нэгэн дүрд хувирч өвөрмөц хувцас өмссөн, нүүрээ будсан хүмүүсийг баривчлан торгож байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүнд “Сүнсний баяр шиг нэг өдрийг найзуудтайгаа инээлдэж, хөгжилдөж өнгөрүүлдэг өөр өдөр Хятадад байдаггүй. Ганц өдөр содон хувцас өмсөх, нүүрээ дуртайгаараа будах нь хүртэл хууль бус болчихдог нь хачин л байна” хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх болжээ.

Хятадын алдарт блоггеруудын нэг болох Жэ Ин цагдаагийн газраас гараад явж байгаа бичлэгээ хийж “Би уг нь зүгээр л хатан хааны дүрд хувираад найзуудтайгаа хамт хэдэн зураг даруулъя гэж бодсон юм. Цагдаа нарт ад үзүүлэхгүйгээр амар тайван байя гэж хүсэж байвал бусдаас сонгойрч харагдах хувцас өмсөх битгий хэл нүүрээ тод будаад ч хэрэггүй. Элдэв чимэглэл гоёл, жижигхэн баг зүүсэн ч чамайг шууд л барьж аваад явна” гэж бусдад сануулжээ. Ханжоу Бээжин зэрэг бусад хотод мөн энэ хориг үйлчилж байгаа бололтой. Deadpool, Batman зэрэг дүрд хувирсан хүмүүс, Хятадын алдарт жүжигчин Фан БинБинг хүртэл баривчлагдан явж байгаа бичлэг цацагдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)