Т.САЙХАН

Эрчим хүчний үндэсний хорооноос өчигдөр эрчим хүчний реформ хийх асуудлаар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд: Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүчний асуудал тулгамдаж байна

 

-Эрчим хүчний реформ зөвхөн цахилгааны үнэ тарифыг нэмэх тухай асуудал биш. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байна. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна. Харин богино хугацаанд үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэх байдлаар УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Ингээд эрчим хүчний цогц шилжилт хийх ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Тиймээс нам харгалзахгүй нэгдмэл байя гэдгийг уриалмаар байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийх байх. Үүнд бид хэд, хэдэн боломжит хувилбаруудыг санал болгосон. Цахилгааны үнэ нэмэгдвэл бүх юмны үнэ дагаад өснө гэж ярьж байна. Гэхдээ реформ амжилттай хэрэгжвэл эргээд цахилгааны үнэ буурна.

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай салбарт санхүүгийн болон технологийн хоцрогдол үүссэн

 

-Эрчим хүчний салбар 101 жилийн настай. Хоёр хөрштэй харьцуулахад нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ манай улсад хоёр дахин бага. Цар тахлын улмаас дэлхий нийтэд инфляц бий болж, эрчим хүчний салбар алдагдалд орсон. Эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоодог атлаа зардал нь зах зээлийн зарчмаар гардаг. Иймд зөрүү үүссэн. 285 төгрөгөөр үйлдвэрлэж 216 төгрөгөөр цахилгаан нийлүүлж байна. Манай салбарт хоёр асуудал үүсээд байгаа нь санхүүгийн болон техникийн хоцрогдол юм. Иймд УИХ-аас томоохон ажлын хэсэг байгуулж, бид сүүлийн гурван сард юуг, яаж хийхээ тодорхой болголоо.  Уг нь энэ асуудлыг аль эрт ярьж эхэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Бид эхний ээлжид үнийг өртөг рүү нь ойртуулна. Төрөөс эрчим хүчний салбарын компанийн захирлуудыг томилдог. Эдгээр компанийн зарим мэдээлэл ил тод биш тул олон нийтийн хяналтад оруулж, нээлттэй хувьцаат компани болгоно. Сэлэнгэ аймгийн төвд 70, Завханд 50 мегаваттын хүчин чадалтай станцууд барьж байна. Дорнодын цахилгаан станцыг барих ажил энэ онд дуусна. Ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад шинэ эх үүсвэрүүд нэмэгдсэн. ТЭЦ-3-т 300 мегаваттын цахилгаан, 360 мегаваттын дулааны шинэ эх үүсвэр барихаар ОХУ-тай ярилцаж байна. Харамсалтай нь энэ төслийн өртөг өндөр байгаа юм.Хамгийн сүүлд 2022 онд буюу цар тахлын дараа эрчим хүчний үнийг нэмсэн. Ингэхдээ уул уурхайн салбарын төлдөг тарифыг 294 кв/цаг болгосон. Одоо ахуйн  хэрэглээ нэг квт нь 140 төгрөг байгааг 175 төгрөг болгох тооцоо хийж байна. Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэр гаргадаг байгууллага. Тэд шийдвэрээ дангаараа гаргана.Удахгүй эрчим хүчний үнийг чөлөөлнө. Хувийн хэвшлийнхэн энэ салбарт орж, өрсөлдөөн бий болсноор үнэ буурах ч магадлалтай. Эхлээд үнэ нэмж байна. Учир нь өртөгт нь хүргэснээр хөрөнгө оруулагчид энэ салбар руу орох сонирхол нэмэгдэнэ гэж харж байна гэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)