Б.БАЯРЖАВХЛАН

 

Аливаа улсын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг нь нийгмийн хамгааллын бодлого байдаг. Нийгэмд хүн амын нийгмийн баталгааг хангах асуудалд төрөөс нийгмийн хамгааллын бодлогоор дамжин хэрэгждэг. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжил, нийгмийн хамгааллыг хангах зорилт, чиг үүргийн хүрээнд нийгмийн хамгааллын үйлчилгээг хавтгайруулан хүн бүрт хүргэх бус нийгмийн зорилтот бүлэгт чанар, хүртээмжтэй хүргэх стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Иймд төрөөс явуулах нийгмийн хамгааллын бодлогыг зохистой явуулах нь нэн чухал юм.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран ядуурал, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдэх “Нийгмийн хамгааллын форум"-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус форумд Индонез, Азербайжан, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг орны нийгмийн хамгааллын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд өөрсдийн туршлагыг хуваалцсан юм.

Форумд манай улсаас салбарын сайд Л.Энх-Амгалан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар болон салбарын мэргэжилтнүүд оролцсон юм. Азийн хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь “Төгсөлтийн аргачлал” юм. Энэ нь бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг болох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл аж. Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй хамгийн сайн төсөл бол “Төгсөлтийн аргачлал” юм. Төслийн үр дүнд бага орлоготой өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, өөрсдөө хөдөлмөрлөх боломжийг нэмэгдүүлэх,  хөдөлмөрлөх боломжийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, тус төслийн хүрээнд 1200 орчим өрхийг ядуурлаас гаргасан. Цаашлаад эдгээр хүмүүс үндэсний хэмжээнд сургагч багш болон ажиллаж, ижил төрлийн бага орлоготой иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх, туршлага солилцох тогтолцоог бий болгохын төлөө өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг зургаан аймагт байгуулсан. Тус төвийг байгуулахад байшин савнаас эхлээд тоног төхөөрөмжөөр ханган асуудал чухал байсан” гэсэн юм.

Ромора Эдвард Ситорус 

Дэлхийн улс орон бүр ядуу иргэдийнхээ тоог бууруулахад анхаарч байна. Тухайлбал, ажил олж өгөх, сургалтад хамруулах, чадавхжуулах зэргээр зорилтот бүлэгт чиглэсэн олон ажлыг хийдэг. Тэгвэл Индонез улсын хувьд иргэдийг чадавхжуулах, тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр олон иргэнийг ажлын байртай болгож чадсан байна. Энэ тухайгаа Индонез улсын Карту Пракержа хөтөлбөрийн үнэлгээ, судлагаа, түгээлт нөлөөллийн албаны дарга Ромора Эдвард Ситорус “Манай улс сүүлийн жилүүдэд Карту Пракержа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөр нь залуучуудын оролцоо, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг. 24/7 буюу долоо хоногийн аль ч цагт тухайн өөрийн сонирхож буй мэргэжлийн сургалтад хамрагдах боломжийг олгодог. Мэргэжлээ солих гэж буй болон чадавхжих сонирхолтой хүмүүсийг хамруулдаг. Өнөөдрийн байдлаар 18.9 сая иргэн тус хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр хүмүүст сургалтад хамрагдахаар нь тэтгэлэг олгож, сургалтаа амжилттай төгсвөл мөнгөн тусламж үзүүлдэг. Ингэснээр сургалт маань маш амжилттай байна. Тодруулбал, сургалтад хамрагдсан хүмүүсийн 95 хувь нь төгссөн байна. Гарсан үг дүнгээс дурдвал, ажилгүй байсан иргэдийн 26 хувь нь ажилтай болсон, нийт оролцсон хүний 17-20 хувь нь тодорхой хэмжээний орлоготой болсон. Манай улсын хувьд ядуурлын түвшинг бууруулах, тэр дундаа нэн ядуу иргэдийн тоог цөөрүүлэх зорилт тавьсан. Манай улсын нэн ядуу иргэд нийт хүн амын 0.8 хувийг эзэлдэг. Энэ сайн жишгийг бусад улс орнууд авч хэрэгжүүлээсэй гэж бодож байна” гэсэн юм.

Л.Итгэл

Азийн хөгжлийн банк нь Азийн хөгжиж буй улсуудад эдийн засаг тэр дундаа нийгмийн салбарт олон ажлыг хэрэгжүүлдэг. Тиймээс энэ удаагийн чуулганд өөрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг улс орнуудыг туршлага солилцуулахаар ийнхүү цуглуулжээ. Энэ тухай Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Л.Итгэл “Өнөөдрийн арга хэмжээг гэр бүл, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулж байна. Энэ удаа Азийн хөгжлийн банктай хамтран үйл ажиллагаа явуулдаг таван улсын байгууллагыг авч ирж туршлага солилцуулж байна. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар төсөл хөтөлбөр хэрэгжиж буй дээрх орнуудын сайн туршлагыг хооронд нь солилцуулах, тэр дундаа нийгмийн хамгааллын оновчтой хөтөлбөр нь юу байгааг, ямар хөтөлбөр нь үр дүнтэй байна, хэрхэн хэрэгжүүлж байна, цаашид анхаарах зүйл нь юу байна гэх зэргээр бие биедээ мэдээлэл өгч, суралцаж байна. Азийн хөгжлийн банкны хувьд 1990 оноос эхлэн Монгол Улсад 500 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж, зээл дэмжлэг олгосон. Тэр дундаа нийгмийн хамгаалал, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх тал дээр анхаардаг” гэсэн юм.

Манай улсын хувьд сүүлийн 30 жил нийт хүн амын 30 хувь нь ядууралтай байсаар байна. Тэгвэл салбарын сайд ядуурлын түвшинг энэ хэмжээнд барьж, багасгах зорилт тавьж буйгаа хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)