Ц.БАЯР
Монгол Европын хоёр, Африкийн нэг, Азийн нэг буюу нийт дөрвөн улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, санамж бичиг байгууллаа. Ингэснээр шууд нислэг үйлдэх боломжтой орнуудын тоо нэмэгдэхээр болжээ. Одоогоор Монголоос Европ руу хоёр буюу Истанбул, Франкфурт хотууд руу л шууд нисэх боломжтой. Харин шинээр байгуулагдаж байгаа агаарын санамж бичгийн хүрээнд Италийн Милан, Ром, Венец хотууд руу шууд нислэг үйлдэх боломжтой болж буй. Мөн үүн дээр хоёр чиглэлийг нэмж тодорхойлохоор тохиролцсон аж. Харин Руандатай нислэгийн чиглэл, давтамж болон багтаамжийг хэлэлцээр байгуулах үед тохирох юм. Хэрэв тус улс руу шууд нислэгтэй болбол Монгол анх удаа Африкийн орон руу шууд нислэгтэй болно гэсэн үг. Цаашид Саудын Арабтай ч агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохиролцсон бол Нидерландтай өмнөх агаарын хэлэлцээрээ шинэчлэн байгуулжээ. Монгол 18 улс руу шууд нисэх боломжтой байсан байгаа бөгөөд шинэ агаарын хэлэлцээрүүд байгуулснаар ирэх жилүүдэд шууд нислэг үйлдэх боломжит чиглэлүүд нэмэгдэх хүлээлт үүсгэж байна. Монгол Франкфурт хот руу хамгийн хол буюу 6.0 мянган км-ийн шууд нислэг үйлдэж байгаа. Гэхдээ Америк руу шууд нислэгтэй болчихвол 10 мянган км гаруй зайд буюу хамгийн холын нислэг болох ажээ. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын Америк дахь айлчлалаар хоёр орны хооронд энэ 2024 оны II улирлаас эхлэн шууд нислэг үйлдэхээр тохиролцож байв. Юутай ч Америк руу шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа ч МИАТ ТӨХК тус чиглэлд нисэх хоёр “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлгөө хүлээн аваад байгаа ажээ.
Эх сурвалж: www.zms.mn