Базарбямбын НЯМСҮРЭН
“Эмэгтэйчүүд хүүхдээ харах нь тэдний үүрэг, харин эрчүүд хүүхдээ харвал супер аав” гэдгээс эхлээд хүйсээр ялгаварласан хэвшмэл ойлголтууд нийгэмд цөөнгүй бий. Тэгвэл “эмэгтэйчүүд л ийм байх ёстой”, “эрчүүд үүнийг хийх ёсгүй” зэрэг хэвшмэл буруу ойлголтуудыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл байгуулагдаад гурван жил болсон ч олон даацтай редакц, сэтгүүлчдийг өөрсдөдөө нэгтгэж чадсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл болон “Анлимитид медиа групп”-ийн хамтарсан консорциумаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон КОЙКА байгууллагын төслийн санхүүжилтээр үүсгэн байгуулагдсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, үр дүнгээ хэлэлцсэн “Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлыг даацтай хөндөх, нийгэм дэх хэвшмэл буруу ойлголтыг халахад чиглэсэн чанартай ёс зүйтэй бүтээл гаргах зорилгоор анх байгуулагдаж байсан тус нэгдэл өнгөрсөн хугацаанд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор 155 үйл ажиллагаа зохион байгуулж, 2000 гаруй хүнийг хамруулсны 83 хувь нь сэтгүүлчид байжээ. Мөн энэ хугацаанд нийт 947 сэтгүүл зүйн бүтээлийг олон нийтэд хүргэж, 11 редакцыг менторшип хөтөлбөрт хамруулснаа тус нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин бахархан онцолж байлаа.
“Зууны мэдээ” сонин ч тус нэгдлийн редакцыг чадавхжуулах хөтөлбөрт түүчээлэн хамрагдсан. Энэ талаар “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал хөтөлбөрт хамрагдсаны дараах үр дүнгийнхээ талаар хуваалцсан юм.
“Өмнө нь аливаа сургалт, менторшип хөтөлбөрүүдэд сэтгүүлчид дангаараа хамрагддаг, хувь хүн өөрөө хөгждөг байсан бол бид хамт олноороо хамрагдсан нь үнэхээр маш баярлууштай, мэргэжлийн хувьд нэг том алхсан өөрчлөлт байлаа. Нийтлэлийн бодлогоо өөрчилж, эмэгтэйчүүдэд ээлтэй, хүйсийн тэнцвэрийг хангасан болгож өөрчлөлт хийсэн. Мөн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг долоо хоног болгон тогтмолжуулж, эмэгтэй эх сурвалжуудаа нэмэгдүүлэх чиглэлээр олон өөрчлөлт гарсан учир редакцыг хувьд өгөөж ихтэй сургалт хөтөлбөр байлаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар манай сонин BBC агентлагийн 50:50 хөтөлбөрт хамрагдаж, жил бүр эх сурвалжийн тайлангаа илгээдэг болсон. Мөн өдөр бүр сонины нийтлэлдээ орж байгаа эх сурвалжийн хүйсийг багагүй анхаарч, тэнцвэртэй мэдээлэхэд илүү их анхаардаг болсон. Энэ мэтээр өөрсдөө сайжрахаас гадна одоо бид бусад редакцууддаа нөлөөлөх, туршлагаа хуваалцах боломжтой болсон. Сэтгүүлчид хэвшмэл ойлголтоо өөрчлөх нь цаашдаа редакцыг нийтлэлийн бодлогод томоохон өөрчлөлт болдог” хэмээн хөтөлбөрийн үр дүнгээ талаар хуваалцлаа.
Уулзалтын үеэр Их Британийн “Саксессийн их сургууль”-д магистрын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн жендэр ба медиа судлаач Д.Мөнхчимэг судалгааны үр дүнгээ танилцуулсан нь ихээхэн сонирхол татаж байлаа.
Жендерийн мэдрэмж, хэвшмэл ойлголт гэдэг зөвхөн Монголын биш олон улсын хэмжээнд ч анхаарал татсан сэдэв хэвээр байгааг илтгэлдээ онцолсон. Ардчилал, эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д ч одоог хүртэл улстөрч эмэгтэйчүүдийг хэвшмэл байдлаар дүрслэх, цаашлаад улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлөх үзэгдэл байсаар байгааг ч онцлон дурдаж байлаа. Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард болсон Их хурлын сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэлд хийсэн судалгаагааа танилцуулсан. Судалгааны үеэр редакцууд
төвийг сахисан баримтад тулгуурласан мэдээлэл түлхүү мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд эерэг контентийн тоо нэмэгдэж, сөрөг мэдээлэл багассан зэрэг сайшаалтай өөрчлөлтүүд гарч байгааг онцолж байв. Мөн сайны хажуугаар саар гэдэгчлэн эмэгтэй эх сурвалжийг дурдаж байгаа ч яриаг нь эш татах байдал хангалтгүй, гэрэл зурагт тусгахдаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад жижиг зураг оруулах, хэвлэл мэдээллээр дуу хоолойгоо хүргэсэн таван хүн тутмын нэг нь л эмэгтэйчүүд байгаа зэргийг анхаарах шаардлагатайг тухай сануулж байлаа.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүл зүйд оруулж ирсэн шинэлэгч өөрчлөлтийн нэг нь амжилтаа бусадтай хуваалцдаг “Миний сурвалжлага миний түүх” булан бий. Энэхүү уулзалтын үеэр Дархан Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл өөрийн түүхээ сонирхуулсан. Тэрээр, хөтөлбөрийн сургалтад хамрагдсаны дараа аль болох эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангахад ихээхэн анхаардаг болсноо онцлон дурдаж байлаа. Мөн Дархан-Уул аймгийн хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд томоохон ахиц гарч, өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын дарга болон Дархан сумын засаг даргаар эмэгтэйчүүд сонгогдсон нь бодит, эерэг үр дүнгийн илрэл болохыг хуваалцсан юм.
Уулзалтын үеэр шинэ тутамд байгуулагдаад удаагүй ч мэдрэмжтэй мэдээлэх чиглэлд ихээхэн анхаарах болсон “Mongoliapress.mn” мультимедиа агентлагийн Ерөнхий редактор С.Уянга сайтын туршлагаа хуваалцсанаар уулзалт үргэлжилсэн. Монголын анхны мультимедиа агентлагийн хувьд тус хамт олон жендэрийн мэдрэмжийг тод томруунаар харуулна гэсэн том амбицтайгаар нийтлэлийн бодлогоо тодорхойлжээ.
Мэдрэмжтэй мэдээлэх нь яагаад чухал, нийгэмд байгаа хэвшмэл ойлголтуудыг өөрчлөхөд ямар асуудал бэрхшээл байгааг нээлттэй ярилцсан хэлэлцүүлэг энэ өдрийн уулзалтын нэгэн гол хэсэг байлаа.
Төрийн ордонд хүүхэд орж болдоггүй талаар шүгэл үлээж өөрчлөлтийг эхлүүлсэн Их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Сонгогчдын боловсрол төвийн төлөөлөл, менторшип хөтөлбөрт хамрагдсан редакцуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов. Жендэрийн хэвшмэл ойлголт гэдэг зөвхөн нэг хүний, хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш, эсвэл эрэгтэйчүүдтэй барьцсан асуудал биш. Нийгэмд эмэгтэй эрэгтэй хүмүүсийг ялгаварласан биш ижил тэгш оролцоог төлөвшүүлэхэд чиглэсэн асуудлыг гаргаж тавих нь алсдаа хүйсийн тэнцвэрийг хадгалах, тогтсон сөрөг ойлголтыг халахад чигэлсэн томоохон акц болохыг хэлэлцүүлгийн оролцогчид санал нэгтэй дэмжиж байлаа. Тиймээс ч эхлүүлсэн ажлаа хамтдаа үргэлжлүүлж, илүү их үр дүнтэйгээр хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр ярилцсанаар энэ өдрийн уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)