Б.БАЯРЖАВХЛАН
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламентын сонгууль түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, та МАН-аас нэг номерт жагсаж УИХ-ын гишүүн болсон. Өмнө нь та Засгийн газрын үйл ажиллагааг их шүүмжилдэг байсан. Дотор нь ороод ажиллахд ямар байна?
-Би өмнө нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байсан. Өөрийн хөтөлдөг блогтоо нам харгалзахгүй буруу болон зөв шийдвэр, шийдлийн талаар санаа бодлоо хуваалцаад явдаг байсан.
МАН-ын тавьсан саналыг зөвшөөрч, жагсаалтын нэгдүгээрт жагсаж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болж дотор нь ороход манай улс бүхий л шатандаа эх орноо хөгжүүлэх юмсан гэсэн бодолтой, түүний төлөө хичээж байгааг биеэр мэдэрч байна. Харин хоорондоо ойлголцолд хүрч, бүрэн хамтарч ажиллаж чадахгүй тал харагдаж байна. Үүнээс үүдэж салбар хоорондын уялдаагүй байдал үүссэн гэж харсан. Тиймээс энэ олон жил тогтсон энэ салбар, яам, орон нутаг хоорондын уялдаагүй байдлыг нэгтгэх хэрэгтэй. Миний хувьд энэ ажлыг хийхийн төлөө тодорхой зүйл хийж чадна гэж бодож байна. Жишээлбэл, Нийслэлд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, авто замын мастер төлөвлөгөө, нийтийн тээврийн ерөнхий төлөвлөгөө зэргээр их олон төрлийн төлөвлөгөө байдаг. Гэтэл эдгээр нь хоорондоо уялддаггүй. Тиймээс нэг төлөвлөгөөтэй болж, хоорондын уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Би УИХ-ын гишүүн ч гэсэн мэргэжлийн ур чадвараа улс оронд хэрэгтэй байдлаар ашиглахын тулд улс төрийн тогоонд орох ажлыг хийж байгаа. Гишүүдтэй уулзаад хот төлөвлөлтийн талаарх ойлголтыг өгч, ярилцаад явж байна. Уулзаад явахаар хүн бүхэн л Улаанбаатар хотын асуудлуудыг шийдэхийг хүсэж байна. Гэвч харилцан ойлголцолгүйн улмаас эдгээр ажлууд гацдаг юм болов уу гэж анзаарсан. Тиймээс үр дүнд суурилсан нэгдсэн нэг төлөвлөгөөтэй байж үүндээ зориулан төсвөө тусгаад явъя гэдэг саналыг гаргаж байгаа.
-Одоо 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг та хэрхэн харж байна?
-УИХ-ын гишүүн болоод нэг зүйлийг мэдэж авсан. Тэр нь манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй юм байна. 2025 оны төсвийг одоо хэлэлцэж байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Тэгвэл түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл нь. Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан жишээ олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яаман дээр цахилгааны шөнийн хөнгөлөлттэй тарифад хамрагдах өрхийн тоо гээд байгаа юм. Шалгуур үзүүлэлт нь тус хөнгөлөлтөд хамрагдаж буй өрхийн тоо гэсэн байна. Гэвч шалгуур үзүүлэлт нь агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулсан талаар байх ёстой шүү дээ. Бид утааг бууруулахын тулд нүүрс түлүүлэхгүй байхын төлөө цахилгааны үнийг хөнгөлөөд байна. Гэтэл шалгуур үзүүлэлт буюу үр дүнгээ хэмжих зүйл дээрээ “Аль болох олон хүнийг цахилгаанаар хангана” гэсэн байна. Мөн Соёлын яаман дээр адил жишээ бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн зорилт бүхий ажил байгаа юм. Шалгуур үзүүлэлт дээрээ соёлын салбарт ажилладаг хүмүүсийн хувь хэмжээг бичсэн байна. Тэгвэл үүний оронд ДНБ-д эзлэх соёлын салбарын хувь гэдэг байдлаар зорилтоо тавих ёстой. Гэтэл иргэдийн 20 хувь нь соёлын салбарт ажиллах ёстой гэчихсэн. Таван хүний нэг нь дуулж, хуурдах ёстой болж байна шүү дээ. Үүнээс харахад шалгуур үзүүлэлт нь логикийн хувьд алдаатай байна. Тиймээс үүнийг зөв төлөвлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд үр дүнгээ тавиад дараа нь түүндээ хүрэхийн тулд ямар төсөл, хөтөлбөр хэчнээн төгрөгөөр хэрэгжүүлэхээ тавьж, түүнийгээ хэмжиж ажиллах ёстой гэсэн үг. Ямар үр дүн хүлээж байна яг түүндээ л төсвөө зарцуулмаар байна. Тойрогтоо ийм зүйл хийчих юм сан гэдэг байдлаа больж нийгэмд хэрэгтэй үр дүнд хүрэх зүйлүүдэд төсвөө зарцуулья. Мөн дунд хугацаандаа бид мөн төсвөө төлөвлөдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, том төслүүд манайд 10 гаруй жил гацсан шүү дээ. Тэгвэл энэ жил энэ төслийг хөдөлгөе гээд 10 хувийн төсвийг нь тэр жил олгочихдог. Гэтэл дараа жил нь түүнийг үргэлжлүүлэх мөнгө байхгүй байдаг. Үүнээс үүдэж том төслүүд гацдаг. Тиймээс аливаа төслийн төсвийг дунд хугацаандаа буюу 3-5 жилээр төсөвлөж чадвал амжилттай хэрэгжих магадлал нь өснө. Мөн үр дүнд суурилсан төсвийг бий болгох хэрэгтэй байна. Энэ хоёрыг хийвэл төр засаг солигдсон ч төслүүд маань урагшлаад явна.
Таны хувьд Японы Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. Энэ нь улс төрийн ажилд тань дөхөм байгаа байх?
-Засгийн газрын ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт би орж ажилласан. Би өмнө нь Японы Засгийн газрын бодлогын баримт бичиг дээр ажиллаж байсан. Тиймээс шалгуур үзүүлэлтүүдийг яаж тогтоодгийг мэддэг болохоор ажлаад үзье гэж бодсон. Гэтэл яамдуудын боловсруулсан ажлын шалгуур үзүүлэлтүүд нь логикийн алдаатай байсан. Өөрөөр хэлбэл, мөнгө үрэх нь зорилт болчихсон төсөл хөтөлбөрүүд байгаад байна. Энэ алдааг арилгахаар ажлаа эхлээд явж байна. Ирэх дөрвөн жилд салбар хоорондын уялдаа болон үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт дээр анхаарч ажиллана. Мөн өөрт оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар биелүүлнэ.
-Улс төрч байхад хүндрэлтэй зүйл нь юу байна?
-Өнөөдрийн байдлаар хүндрэлтэй зүйл алга. Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр ачаалалтай ажилласан. Тодруулбал, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын хөтөлбөр зохиоход ажлын хэсэгт нь орж ажилласан. 24 цаг хуралдах зэрэг ачаалал ихтэй байсан ч өмнө нь иймэрхүү ачаалалттай ажилладаг байсан болохоор харьцангуй гайгүй байсан. Мөн тараагдаж байгаа хуулийн төсөл зэрэгтэй цаг алдалгүй танилцдаг. Чуулган болон байнгын хорооны хуралтай тохиолдолд компьютероороо dparlament-руу ороод хардаг. Аль болох бүх ажлыг амжуулахыг хичээж байна. Манай улсад тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжууд харагдаад байгаа учир ажилдаа дуртай байгаа. Төр түмнийхээ төлөө зүтгэх нь таалагдаж байна.
-УИХ-ын гишүүн болсны дараа таныг одоогийн 20 минутын хот Үндэсний хорооны даргаар очих гэж байна гэх яриа гарсан. Тэр зүгээр л явган яриа байсан уу. Эсвэл танд үнэхээр санал тавьсан уу.
-Тэр зүгээр л хүмүүсийн яриа байсан. Намын удирдлага болон Ерөнхий сайдаас надад ямар нэг санал ирээгүй. Тухайн үед таныг сайд болгоно гэсэн үнэн үү гэж сэтгүүлч асуухад нь би “Надад шийдэл бол байгаа. Санал тавьбал бодож үзнэ” гэж хэлж байсан. Миний хувьд Монголдоо удаан амьдраагүй зэрэг сул тал байж магадгүй. Тиймээс хийж чадах хүнд нь тус хороог даалгасан байх. Гэхдээ 20 минут Үндэсний хорооны ажлын хэсэгт ороод ажиллаж байна.
-Та хэдэн ажлын хэсэгт ажиллаж байна. Засгийн газрын 14 мега төслийн үр дүнг мэргэжлийн хүний нүдээр юу гэж харж байна?
-Би улсын их хурлын зургаан ажлын хэсэгт ажиллаж байна. Тэдгээрээс нэгийг нь ахалж байна. Тодруулбал, хот тосгоныг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн бодлогыг хэрхэх вэ буюу тус бодлогын талаар санал, дүгнэлтийг боловсруулан ажиллаж байна. Мөн 20 минутын хот Үндэсний хорооны үзэл баримтлалын бичиг баримтыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Ерөнхий сайдын ахалж байгаа Үндэсний баялгийн сан, орон сууцны Үндэсний хороонд гишүүнээр ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйл бол дэд бүтэц гэж үзэж байгаа. 14 мега төслийг дэмжиж байгаа. Эдгээрээс хамгийн чухал нь эрчим хүчний салбарын реформ гэж харж байна. Мөн боомтын сэргэлт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, Нефт боловсруулах үйлдвэрийн төслүүдийг дэмжиж байгаа. Гэхдээ оновчтой байдлаар төсөвт ачаалал өгөхгүй байдлаар төлөвлөж явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хот байгуулалт, үйлдвэржилтийг хийхэд дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс 14 мега төслийг эрчимжүүлэхээр болсон. Тэгвэл эдгээрийг өнгөрсөн хугацаанд яагаад хийгээгүй вэ гэвэл манай ДНБ өсөлтгүй байсантай холбоотой. Өнгөрсөн жилээс манай ДНБ таван мянган ам.долларт хүрч эдийн засаг сэргэж байна.
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байгаа гэж байна. Шинээр барьж буй хотхонууд улсын сургууль, цэцэрлэггүй баригдаад байна. Үүнийг олон улсад яаж шийдсэн байдаг юм. Манай улсын хувьд эл асуудлыг шийдэх ямар боломж байна?
-20 минутын хот Үндэсний хорооны үзэл баримтлалын төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах даалгаврыг надад өгсөн нь дээрх асуудалтай холбоотой байх. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь дэд бүтэц гэж хэлсэн дээ. Өөр нэг зүйл нь салбар хоорондын бодлого уялдахгүй байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, хийж буй ажлууд нь үр дүн дээр суурилахгүй бүгд тус тусдаа хэрэгжиж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн 30 жилд 76 гишүүн парламентад сонгогдож, тойргийнхоо л асуудлыг ярьж, ажилласаар ирсэн. Үүнээс үүдэж хэн гэдэг сайд хаанаас гарна тэр аймаг дүүрэгт л сургууль цэцэрлэг баригддаг байсан гэсэн үг. Хүн төвтэй хот төлөвлөлт, бүтээн байгуулалт хийгээгүй байсан.
Тиймээс 20 минутын хотын үзэлт баримтлалыг боловсруулахдаа үүнийг анхаарч байгаа. Улаанбаатар хотыг 14 хот болгон хувааж, хорооны нэгжийг байхгүй болгон, дүүргийг хотын нэгж рүү дэвшүүлэхээр төлөвлөж, иргэдийн оролцоот хот байгуулалтын тогтолцоог бий болгоно. Ингэснээр хүнд төвтэй хот бий болно гэж мэргэжлийн хүний нүдээр харж байна. 20 минутын хот гэдэг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламждаа 20 минутын дотор хүрдэг төлөвлөлт юм.
Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Ирэх оноос орон нутгийн засаг, захиргаа, түүний нэгжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр 21 аймгийн төвд байдаг сумууд байхгүй болж хотын зэрэглэлтэй болно. Налайх, Багануур, Багахангай дүүргүүд ч мөн адил хотын статустай болно.
Хот гэдэг статустай болсноор юу хийх ёстой талаар 20 минутын хотын үзэл баримтлалд тусгаж өгч байгаа. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн асуудлыг хэн хариуцах вэ гэдгийг нарийвчлан зааж өгнө. Яам нь хариуцах юм уу эсвэл хот нь хариуцах юм уу гэдгийг тодорхой зааж өгч, татвар болон татаасын бодлогыг уялдаатай, бие даасан байдлаар шийдэх эрх зүйн шинэчлэлтийн бэлтгэлийг хийнэ. Ирэх сараас эхний байдлаар олон нийтэд танилцуулж, санал асуулга авна.
-Одоо дүүргүүд хэдэн төрлийн татвар, татаас авдаг вэ. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Дүүргүүд хүн амын орлогын албан татвар, газар ашиглалт, үл хөдлөхийн албан татвар авч байгаа. Энэ гурван татварыг авч байгаа цагт аж ахуй нэгжүүдийг дүүрэг рүү татахад хүндрэлтэй. Хүн ам нь ихсэж байж дүүргийн орлого нэмэгддэг. Тэгвэл хүн амаа их болгохын тулд орон сууц барьж байна. Гэтэл үүний цаана сургууль цэцэрлэг, ажлын байрны асуудал орхигдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, барилга барих нь дүүргийн асуудал, сургууль, цэцэрлэг барих нь яамны асуудал байдаг. Төр болон орон нутгийн засаг захиргаа хоорондын уялдаа холбоогүйгээс иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Тиймээс үүнийг нэгтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг орон нутагт нь үлдээдэг больё. Ингэснээр аж ахуй нэгжийг дуудахын тулд аймаг хотын удирдлагууд, төлөөллүүд хичээж, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажилладаг болно. Аж ахуй нэгжийн албан татвар нь ороод ирэхээр дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн ажилдаа хөрөнгө оруулдаг буюу цогц уялдаа холбоотой бодлоготой болно гэж харж байна.
-Иргэд оршин суугчдын саналыг сонсоно гэж байна. Олон улсад хот төлөвлөлт дээр иргэдийн саналыг сонсдог уу?
-Мэргэжлийн хүмүүс дангаараа хотыг төлөвлөөд, улс төрчид төсвийг төлөвлөнө гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн чухал нь иргэдийн саналыг авах чухал байдаг. Бид нийслэлтэй хамтраад судалгаа хийсэн. Одоогийн байдлаар 4000 хүн хамрагдсан байна. Ингэхдээ 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд “Та 20 минутын дотор ямар үйлчилгээ авахыг хүсэж байна” гэдэг санал асуулгыг олон улсын жишгээр явуулсан. Үр дүн нь маш сонирхолтой байсан. Жишээлбэл, Лондон хотын судалгаанд авахыг хүсэж буй үйлчилгээний нэгдүгээрт автобусны буудал, хоёрдугаарт, шуудангийн газар гэж гарч байсан бол Улаанбаатар хотын иргэд нэгдүгээрт тоглоомын талбай, хоёрдугаарт, ногоон байгууламж гэж хариулсан байсан. Оршин суугч иргэн болгон өөр хэрэгцээтэй гэдгийг эндээс харж болно. Энэ удаад түүврийн аргаар дээрх хүмүүсээс хийсэн бол цаашлаад Дархан, Эрдэнэт, аймаг болон нийслэлийн 14 хот болоход хот болгон дээр энэ аргачлалаар иргэдээ сонсож, хэрэгцээнд нь нийцсэн бодлогыг гаргаж ажиллах үндэс суурийг нь бий болгохоор ажиллаж байна.
-Олон улсад хэдэн хүн тутамд сургууль, цэцэрлэг байна гэж заасан байдаг вэ?
-Монголд нэгдүгээр ангиасаа 12 дугаар анги төгсөх хүртлээ нэг сургуульд сурдаг. Харин япон зэрэг бусад улсад бага болон дунд, ахлах сургуулийн байр нь тус тусдаа байдаг. 6000-9000 мянган хүн амтай нэгж хорооллын дунд бага сургууль нь байрлах бөгөөд 400-500 хүүхдийн суудалтай байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд хичээлдээ өөрсдөө яваад очиж чаддаг учир арай хол зайтай байж болох жишээтэй. Яг үүн шиг бид бага сургууль, дунд, сургууль гэх зэргээр нэгжээр төлөвлөх нь зүйтэй. Олон улсад ихэнх сургуулиуд нэг ээлжээр хичээллэж байна шүү дээ. Өглөө 08:00-14:00 цаг хүртэл хичээллээд, үдээс хойш бүгд дугуйланд явдаг. Ингэж оюун санаа, урлаг, бие бялдар чиглэлээр хичээллүүлснээр хүүхэд бүрэн хөгжих боломжтой гэж үздэг. Харин нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль ес байна. Тэд орой 20:30 цаг хүртэл хичээллэж байна шүү дээ. Энэ нь боловсролын чанар, эрүүл, аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Тиймээс бид хот төлөвлөлтөөр 1-5, 6-9, 9-12 дугаар анги гэж хувааж бага сургууль төвтэй байхаар хотыг төлөвлөх тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр эцэг эхчүүд бага ангийн хүүхдээ 20 минутад алхаад хүргээд өгчих боломж бүрдэнэ гэсэн үг. Харин дунд, ахлах ангийн хүүхдүүд автобусаар сургуульдаа очиж болно. Гадны ихэнх орнууд ийм байдаг. Ингэснээр бид өглөө бүр хүүхдээ хүргэж өгөх гэж түгжирдэггүй болох боломжтой болно. Ийм тогтолцоо руу орох боломжтой.
-Таны хэлж буй санал, санаачилгаас хэдэн хувь нь биелэх боломжтой вэ?
-Хот төлөвлөлтийг хамгийн багадаа таван жилээр төлөвлөж, төсөвлөдөг. Тэгвэл дээрх ажлыг 10-20 жилээр төлөвлөөд, таван жилийн дараа гэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох зэрэг зорилт тавиад явах боломжтой. 10 жилийн дараа нийслэлийн бүх сургууль нэг ээлжээр хичээллэдэг, бүх хүүхэд спортоор хичээллэдэг болох боломж бий. Хэрэгжих боломжгүй болох эрсдэл бий. Энэ нь төр иргэд оршин суугчдын дуу хоолойг сонсохгүй, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хийхгүй байх тохиолдолд. Төр болон иргэд оршин суугчид үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг урт хугацаандаа тууштай хэрэгжүүлж, олон нийтэд ил тод байдлыг хангаснаар энэ эрсдэл үгүй болно. Хүмүүсийн саналыг тусгаж, оролцоотой байлгаснаар энэ ажил урт хугацаандаа хэрэгжих боломжтой гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)