Б.БОЛОР

Дорнод аймгийн Матад сум дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлтээ хийжээ. Нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцсон байна. 
Энэ үеэр АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна” гэсэн юм. 
Дашрамд дурдахад, Петроматад ХХК-ийн Цэн тогоруу-1 цооногоос туршилтын байдлаар өдөрт 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөө гарч, шингэн хагалбарын ажил, цооногийн гадаргуугийн байгууламжийн угсралтын ажлуудыг хийжээ.
Газрын тос олборлох бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өргөжин тэлснээр, Дорноговь аймагт бүтээн байгуулалтын шатанд явагдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркийг тосоор хангаж, цаашлаад Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө хангахаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: www.zms.mn