Т.САЙХАН
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өчигдөр /10.24/ 48 цагийн хугацаатай хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дах хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг. Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Капитал" банканд тавих хяналтаа сулруулснаас тус банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөг, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүргэсэн хэмээн буруутган өмнө нь хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан юм.
Н.Баяртсайхан нь УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn