Т.САЙХАН

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд модон жорлонг солиход гишүүд дэмжиж туслахуйц ямар асуудал үүссэн бэ гэдгийг тодруулж байв. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр 100 ширхэг модон жорлонг шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, төслийг дөрөв хувааж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 объект ашиглалтад орсон. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон ариун цэврийн байгууламж 72 ширхэг байна.  241 байгууламжийн барилгын ажил хийгдэж байна. Бусад нь зураг төсөл боловсруулах зэрэг ажлын явцтай байна. Эхний байдлаар 72 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон. 2025 оны зургаадугаар сар гэхэд төслийг 100 хувь гүйцэтгэнэ. Өвлийн хэт хүйтэнд ариун цэврийн байгууламж хөлдөх асуудал үүсэж байгаа. Цаашдаа хүний нөөц ажиллуулах, мэргэжил арга зүйгээр хангах зайлшгүй шаардлага гэж бий" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn