Б.НЯМСҮРЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

То Лам Вьетнамын ерөнхийлөгч болохоосоо өмнө нам төрийн шатлалын эрэмбээр дөрөв дэх албан тушаалд байсан. ВКН-йн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг, Парламентын дарга Нгуен Тхи Ким Нган, Батлан хамгаалахын сайд Нго Суан Лич нарын дараа орж байсан юм. То Лам нь ВКН-ын удирдлагад консерватив шугам, хатуу улс төрийн чиглэлийн гол төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: www.polit.mn