Орон орны онцлогийг илэрхийлсэн гар урлал, хоол амттан алагласан өдөрлөг ч гэмээр үзэсгэлэн ч гэмээр өвөрмөц арга хэмжээ жил бүрийн намар болдог. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрынхны тэсэн ядан хүлээдэг, эх орноо сурталчлан таниулдаг энэхүү арга хэмжээг ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс жил бүр зохион байгуулсаар өдгөө 24 дэх намраа угтаж байна.
Уламжлал болсон “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг өнгөрсөн ням гарагт Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв. 24 дэх удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ зэрэг орны Элчин сайдын яамд, Тайландын Өргөмжит консулын газрын төлөөлөгчид оролцсоноос гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа танилцуулав. Жилээс жилд өргөжин тэлж буй тус арга хэмжээ зааландаа багтахгүй өргөн дэлгэр болж буйг Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон бахархан ярьж байв.
Жижиг хийц бүрийг нь гараар шаглаж хийсэн хөөрхөн хүүхэлдэй, эмэгтэйчүүдийн хараа бүлаасан ээмэг зүүлт, үнэ өртөг нь боломжийн мөртлөө өгч байгаа хүндээ эд болох арьсан эдлэлүүд, өнгө өнгийн утсаар алаглуулж нэхсэн хөнгөн спорт гутал, эсгий тавчик, арьсан гутал, эрээн даавуугаар зүйж хийсэн хэрнээ энгийн мэт үл харагдах хантааз, хүрэм гээд л гараар бүтээж болох бүхнийг ширээнээ дэлгэн сонирхуулсан нь хараа булааж, гар урлалын гайхам сайхныг бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ.
Энэ жилийн арга хэмжээнд Европын холбооны ТРАМ -экспортыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд түлхүү оролцжээ. Мөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв энэхүү арга хэмжээг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Орсон хүн бүр өөрт хэрэгтэй нэг биш зүйлээ аваад гармаар өгөөжтэй хандивын үйл ажиллагаанаас цугларсан хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлдэг. Мөн хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажиллах боломжийг олгодгоороо ихээхэн ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нэг дороо цугласан гар урлаачид ч бие биеэсээ харилцан суралцаж, туршлага солилцож networking хийх боломжийг олгож буй.
“Сайн санааны үйлс” арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн оны тавдугаар сард тэмдэглэх үеэрээ бид өнгөрсөн түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзэл дүүрэн байгаадаа санал нэгдэж байлаа. Бидний энэхүү “Сайн санааны үйлс” арга хэмжээ нь аль хэдийнэ олон нийтийн хүсэн хүлээдэг өдөр болжээ. 24 жилийн амжилтаас цухас дурдахад, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна” хэмээн онцлоод үргэлж үйл ажиллагааг нь дэмжин оролцдог Улаанбаатарт суугаа гадаад орны ЭСЯ-д, дотоодын байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.
Тус өдөрлөгийн хүндэт зочин НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра “Эмэгтэйчүүдийн дипломат клубын зохион байгуулдаг энэ санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн төдийгүй эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хэчнээн чухал болохыг харуулж байгаа бодит үр дүнтэй баталгаа юм. Мөн дэлхийн олон газарт үймээн самуунтай, эв нэгдэлгүй байгаа энэ цаг үед энх тайвныг сурталчилсан, сайхан сэтгэлийн арга хэмжээ болж байгаа нь олон хүнд эв нэгдлийн уриалга болж чадаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
“Сайхан сэтгэлийн хандив” арга хэмжээг хөгжөөж Монгол, Лаос, Орос хүүхэд залуучууд, уран бүтээлчид ая дуугаа өргөж, Лаос, Япон Улсын ЭСЯ-наас эх орноо видео киногоор сурталчилж, Япон хүүхдүүд “Мочи-Цүки” хэмээх будааны боов хийж үзүүлсэн нь олны сонирхлыг ихэд татаж байлаа.
Өдөрлөгийн үеэр Монголын соёлын өв болсон “Өлзий” хээн урлалын талаар Зүймэл урлалын төвийн үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ танилцууллаа. Тус ТББ-ынхан өлзий хээгээр дагнасан томоохон бүтээл урлаж, цаашид Гиннесийн номд бүртгүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Монгол Үндэсний өлзий хээ нь баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг. Тиймээс ч үндэснийхээ уламжлалыг хадгалсан энэхүү соёлын өвийг Гиннесийн амжилтад багтааж чадвал үндэсний өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулахад тодорхой хувь нэмэр болно хэмээн Ц.Сэлэнгэ бүсгүй бахархал дүүрэн ярьж байлаа.
Тус төрийн бус байгууллагын хувьд зорилтот буюу хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар 20 жилийг хамтдаа үджээ. Бүтээлүүдээ урлахдаа хаягдал материал, дахин ашиглагдах боломжгүй торго, даавууны өөдөс ашигладаг учир байгаль ээлтэй, дахин давтагдашгүй гардгаараа онцлогтой аж.
20 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан гар урлаачид дунд хөгжлийн бэрхшээлтэй ч гар урлалаар мэргэшсэн олон урлаач ажилладаг юм байна.
Тэд нийт долоон төрлийн өлзий хээ бүтээсний хамгийн том нь зургаан метрийн урттай. Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй уг бүтээлийг хийхэд 6000 гаруй зүүдэл, гараар зангидсан 700 гаруй сампин оржээ. Мөн 21 аймгийн 70 гаруй урлаачдаас гадна АНУ, Япон, ОХУ зэрэг Африк зэрэг 20 гаруй орны бүсгүйчүүд гар сэтгэл нийлэн хамтран урлаж байна. Гадаад орны гар урлаачид зүүдэл бүрийг оёход хүчин зүтгэсэн бөгөөд зургаан метрийн урттай өлзий хээг бүтээхэд зургаан сар орчим хугацаа зарцуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)