Рагчаагийн Оюун

 

Хилийн манаанд хэдэн өдөр үүрэг гүйцэтгээд Монгол Улсынхаа халдашгүй дархан хил тайван байгааг, өглөөний нар мандаж, жаргахад хилийн багана дээр тусах нарыг харах үнэхээр гайхалтай мэдрэмж. Үүрэг гүйцэтгэж ирээд салбарынхаа захирагчид “Монгол Улсын хил тайван байна” гэж илтгэхдээ өөрөөрөө бахархдаг. Хилийн цэргийн мэргэжлийг өөрөө сонгосон. Учир нь би удам дамжсан хилчний гурав дахь үе. Миний өвөө дэслэгч генерал Шавийн Арвай, аав маань хилийн цэргийн ахмад цолтой н.Пүрэв-Очир гэж байсан. Ээж минь ахлах ахлагч цолтой, гавьяаныхаа амралтад гарсан Арвайн Мөнгөнтуяа гэж бий хэмээн ярих залуухан офицерыг энэ удаагийн “Удмын бахархал” буландаа зочноор урилаа.

Түүнийг Пүрэв-Очирын Ням-Очир гэдэг. 2019-2024 онд ОХУ-ын Калининградын Хилийн цэргийн дээд сургуульд Радио техникийн инженер мэргэжлээр сурч төгсөөд эх орондоо иржээ. Тэрээр ОХУ-д суралцаж, орос хэл сурсан болохоор үүнийгээ ашиглая. Оростой хиллэдэг ангид очиж ажилламаар байна гэж хүсэлт гаргасны дагуу ХХЕГ-ын даргын тушаалаар энэ оны долдугаар сарын 21-нд Хилийн цэргийн 0286 дугаар ангид томилогдон ирж ангийн захирагчийн томилгоогоор Хилийн 0240 дүгээр салбарт сургалт, цэргийн албаны офицероор ажиллаж байна. П.Ням-Очир томилогдож ирээд удаагүй ч Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтад орчуулагчаар гурван удаа оролцжээ.

Нийтлэлийн баатар маань 2018 онд Багануур дүүргийн Гүн галуутай ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг төгссөн аж. XII ангид ордог жилээ өөрийн сонирхлоор Хилийн цэргийн дээд сургууль дээр очиж ямар хичээлүүдээр шалгалт өгдөг, ур чадварын шалгалт гэж юуг хэлдэг талаар судлаад жилийн хугацаанд бэлдэж орсон байна.

Тухайн үед өвөө нь бурхан болоогүй байсан болохоор урдаа суулгаад “Миний хүү сүүлийн зээ нь. Тиймээс хилчин гэдэг удмыг тасалмааргүй байна. Чи хилчин болох хүсэлтэй байна уу” гэж түүнээс саналыг нь асуухад “Тийм ээ” гэж хариулжээ. Тэр цагаас хойш сонсогчийн мөрдэс зүүхэд өвөөгийн үг түүнд тушаал юм шиг санагддаг болсон байна. ОХУ руу сурахаар явахад өвөө нь “Том гүрний хэлийг нь сайн сур. Хичээл орж байгаа багш нарыгаа хүндэл. Оросууд анхны сэтгэгдлээр хүнийг дүгнэдэг. Тиймээс хичээлээ ойлгохгүй байсан ч өдөр, шөнө суугаад идэвхтэй хийгээрэй” хэмээн захьсан байна. П.Ням-Очирыг хоёрдугаар курст ордог жил өвөө нь тэнгэрт дэвшжээ. 

П.Ням-Очир өвөө дэслэгч генерал Ш.Арвайн хамт. 2020 он.

Харин ээж нь “Хилчин болоход хэцүү. Гэхдээ сайн тал ч бий. Хамт олон чинь нэг гэр бүл шиг болдог юм шүү. Чи хил хамгаалах байгууллага гэдэг том айлд орлоо. Тэр тусмаа офицерын бүрэлдэхүүнд орж байна. Тиймээс албаа сайн хаагаарай. Өвөө, аавынхаа нэр хүндийг дээш нь өргөж яваарай” гэсэн аж. Түүнийг ямар ч шийдвэр гаргасан ээж нь 100 хувь дэмждэг гэж байлаа.

П.Ням-Очирын найз охин нь хотод шүдний эмчээр ажилладаг. Тэрээр найз охиндоо “Хоёулаа ажил, амьдралынхаа гарааг хамтдаа хилийн салбараас эхэлье. Энд эмчийн орон тоо байна. Чи хүрээд ирээч” гэсэн санал тавихад нааштай хүлээн авчээ. Гэхдээ одоо ажиллаж байгаа эмнэлэгтэйгээ гэрээ байгуулсан учраас хугацаагаа дуусгаад ирнэ гэсэн болохоор энэ саналыг ангийнхаа удирдлагуудад хэлсэн байгаа гэв.

Өвөө, аав ээжийнхээ өмссөн хувцсыг хараад сүрдэн, биширсэн бяцхан хүүгийн “Би том болоод цэргийн хүн болно” гэсэн хүсэл мөрөөдөл нь биелж хилийн цэргийн офицерын бүрэлдэхүүнд орон ажиллаж байна.

 

Аавын эрх охин хилчин болов         

Гэр бүлийн хамт.

Арвайн Мөнгөнтуяа аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрж, цэцэрлэг, сургуулиа хотод төгсжээ. Тэрээр нөхөртэйгөө 1992 онд танилцахад Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч байж. Нэг удаа аав нь “Миний охин малчин болох уу” гэхэд нөхөр нь “Хоёулаа малчин больё” гэснээр 1997 онд малчин болцгоожээ. Ингээд хоёр жилийн дараа аав нь нутагтаа ирэхэд нөхөр нь “Хоёулаа хилчин болох уу. Цэргийн хүмүүс гоё харагдаад байна. Аав ирсэн байна. Би аавтай хамт Хилийн цэргийн 0129 дүгээр анги ороод ирье” гээд ирэхдээ “Миний найз болсон шүү. Би харуулын даргаар явлаа” гээд 1999 оны аравдугаар сард хилчин болж харуулын дарга болсон учир малаа хамаатныдаа үлдээгээд нөхрөө дагаж явсанаар түүний хилчин болох гараа эхэлж энгийнээр 2004 он хүртэл ажиллахдаа их зүйлийг хийж сурчээ.

Нэг өдөр Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Ранзинням түүнийг дуудаад “За, Мөнгөнтуяа чамтай ярих юм байна. Чи холбооны курст яваад ирэхгүй юу” гэхэд нь ихэд гайхаж “Тэгээд ямар хүн болох юм бэ” гэж асуухад нь “Чи цэргийн хүн болно. Би Арвай генералтай ярьсан. Чамайг холбоочин болж аавынхаа мэргэжлийг аваад явчихна гэсэн. Юм сурдаггүй хүн гэж хаана байсан юм” гэснээр 2004 оны гуравдугаар сард холбооны курст сурч ирээд долдугаар сард нь ахлагчийн бүрэлдэхүүнд орж хилчин болов.

А.Мөнгөнтуяа нэг охин, хоёр хүүтэй. Нэг өдөр нөхөр нь “За, том охин тав, дундах нь хоёрдугаар ангид, бага нь цэцэрлэгт орлоо. Одоо хоёулаа төв бараадья” гэснээр Багануур дахь Хилийн инженерийн 0252 дугаар ангид хөрөө арамын тоотоор хуваарилагдаж ирэхэд хүмүүс “Чи генералын охин мөн үү” гэхэд нь “мөн” гэхэд “Генералын охин яахаараа ахлагч цол зүүчихээд, эмэгтэй хүн байж том том гуалин түрээд, хадаас хадаж, шавар зуурж явдаг билээ” гэхэд нь “Ажил намайг голохгүй. Харин би л ажил голно” гэж хэлсэн аж.

Ингэж хэлэх шалтгаан гэвэл аав нь “За, миний охин ажлыг битгий голоорой. Ажлыг чи голно уу гэхээс ажил чамайг голохгүй. Чи юу л хийж чадна тэр бүхэн чамд амьдралын чинь сургамж болж ирнэ. Миний охин бүгдийг чадна” гэж хэлдэг байв. Тэгээд аавыгаа юу хийж байна гэж ярих бүрт нь “Барилга бариад, хадаас хадаж байна, мод хөрөөдөөд сууж байна” гээд зураг явуулахад “Эвий миний дураараа охин ингэж ажил сурах гэж” гэжээ. 

Тэрээр хөрөө арамын ажлыг таван жил хийжээ. Нэг өдөр ангийн дарга, хурандаа Д.Чулуунбаатар дуудаад “Мөнгөө чи компьютер дээр шалгалт өгөөд үз” гэхэд нь “Миний энэ ажил амар, бичиг цаастай ажиллаж чадахгүй” гэхэд “Чи энэ компьютер дээр бичдээ” гэхээр нь бичихэд “Чи бичээч юм байж яагаад болохгүй гэж” гэснээр архивын нууцын ажлыг ахлагч н.Мөнхцэцэгээр туслуулсан ч 2009 онд энэ эгч нь тэтгэвэртээ гарчээ. Тиймээс шаварт унасан шарын эзэн гэгчээр нууцын архивын ажлыг авч энэ албан тушаалд 17 жил ажилласан байна.

Тухайн үед ажлынхаа учрыг олохгүй, шантрахыг нь харсан аав нь “Миний охин болохгүй бол нэг өдөр хаячих. Тэгээд нэг дайраад үз” гэхэд нь “Ааваа болохгүй шүү дээ. Та удирдах хүн байсан байж загнана даа” гэсэн чинь “Үгүй ээ, миний охин зүгээр хаячих” гэжээ. Аавынхаа хэлснээр 14 хоног ажлаа хаяад ирсэн бичгийг нэг нэгээр нь бариад гартаа оруулж. Ямар нэг ажлыг хийхэд ааваасаа зөвлөгөө аваагүй үе гэж үгүй гэсэн юм.

Арвай гуай “Муу ажилтан гэж байдаггүй. Харин муу удирдлага гэж байдаг” гэхэд нь “Ааваа та өөрийгөө муу гэж байгаа юм уу” гэхэд “Муу удирдлага гэдгийг миний охин олон ухаанаар авч үзээрэй. Ажил төрөл дээрээ биш. Ажилтанг удирдлага сургаад авах ёстой байдаг” гэхээр нь “Би удирдлагынхаа үгийг сонсох ёстой юм байна. Тийм үү” гэхэд “Тийм ээ” гэжээ. Аавыг харахад зөөлөн юм шиг хэрнээ хатуу хүн. 60 гаруй жил удирдах алба хашсан хүн чанга байлгүй яах вэ. Миний аавд үр хүүхдүүд бид сураагүй гайхамшиг байдаг. Тэр бол олон дуу, шүлэг бичсэн. Мөн морин хуур, баяан хөгжмийг нотгүйгээр өөрийн сонсголоороо тоглоно. Ааваараа бахархах зүйл олон байсан. 

Хэдийгээр би эрх дураараа өссөн ч аав минь надад их итгэл өгсөн. Аавдаа их баярладаг. Аавын нөмөр нөөлөг ямар ч хүнд байдаг. Ээж хүн хүүхдээ элгээрээ хамгаалдаг бол аав хүн уулын чинээ юм уу гэж боддог. Би гурван хүүхдэдээ аавынхаа захьсан “Та нарын нэрний урд та нарын нэрийг хайрласан хүний нэр яваа. Тэрийг битгий сэвтээгээрэй. Амьдралд зөөлөн явахад аяндаа болно доо” гэж хэлдэг. Аав минь өнгөрөхөөсөө өмнө ах, эгч бид гурвыг дуудаад “Аав нь гурван хүүхдэдээ ганцхан л юм захья. Аав нь гомдоож, муу эцэг байсан бол уучлаарай. Миний гурван хүүхэд атгасан гар шиг эвтэй яваарай. Нэгнийгээ ойлгож амьдраарай. Тэгсэн цагт миний хүүхдүүдэд энэ хорвоо гэрэлтэй юм шиг явна” гэсэн. Аавынхаа захиасыг баримтлахын тулд би өнөөдөр яг тэгж зүтгэж явна. Энэ үгийг гурван хүүхдэдээ ч хэлдэг.

Хилийн цэрэгтэй хөл нийлүүлсэн нь хамгийн сайхан алба. Хил хамгаалах байгууллагад ажиллахдаа зургаан даргын нүүр үзсэн. Хүнтэй ажиллах арга барил бүгд өөр байдаг. Дарга нарын хэлж байгаа бүхэн надад номноос илүү багш болдог хэмээн ярьж байлаа. 

 

Шавийн Арвай   

 

Бидний дараагийн танилцуулах эрхэм бол хилийн цэргийн домог, НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй, Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, дэслэгч генерал Шавийн Арвай юм. Тэрээр 1938 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Богийн гашуун хэмээх газар төрж, бага насаа Дорноговь аймгийн Эрдэнэ суманд өнгөрүүлэн 1947 онд сумынхаа бага сургуульд элсэн орж, дунд сургуулийг аймгийн төвд дүүргэж, 1954-1956 онд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт сантехникийн засварчин, 1957-1958 онд тусгай мэргэжлийн сургуульд суралцан сантехникч мэргэжил эзэмшиж Улаан-Уулын төмөр замын өртөөнд засварчнаар ажиллаж байгаад сайн дураараа ардын цэргийн албанд мордсон байна.

Мөн Сэлэнгийн байцаан өнгөрүүлэх боомтод 1958-1960 онд хугацаат цэргийн алба хааж, 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургууль, 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг онц дүнтэй, 1982-1984 онд Жанжин штабын академийг суралцаж төгсжээ. 1963-1967 онд НАХЯ-ны Хилийн ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газарт туслах, офицер, 1970-1975 онд Хилийн 0129 дүгээр ангид штабын дарга, ангийн захирагч, 1975-1976 онд Хилийн 0198 дугаар ангийн захирагч, 1976 онд Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга, 1976-1982 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, 1984-1986 онд БХЯ-ны орлогч сайд, 1986-1990 онд НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 онд гавьяаны амралтад гарчээ.

Мөн 1972-1975 онд Дорноговь аймгийн АДХ-ын депутатаар, 1976-1990 онд МАХН-ын төв хорооны орлогч ба Төв хорооны бүгд хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 1984 онд ЗХУ-д “БНХАУ-тай хил нийлсэн хэсэгт БНМАУ-ын хил хамгаалалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр цэргийн шинжлэх ухааны дэд доктор (Ph.D), 2002 онд НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн Москва дахь Хил судлалын салбарт “Улсын хил хамгаалалтыг боловсронгуй болгох үндсэн чиглэл” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. Түүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өндрөөр үнэлж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнасан байна.

Тэрээр “Хилчний сурах бичиг”, “Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл”, "Цогтой гүний домогт хязгаар Эрдэнэ сум", “Дурдатгал ба хүүрнэл” гэсэн 40 гаруй ном, товхимол, 200 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан ажээ.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны болон цэр­гийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Байлдааны болон ойн меда­лиуд мөн олон улсын харилцаанд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, ОХУ, Лаос, Вьетнам, Куба, Герман, Польш, Унгар, Чехословакын одон, медалиар шагнагдаж, 1976 онд хо­шууч генерал, 1979 онд дэслэгч генерал цол хүртжээ.

Тэрээр хоёр зууныг дамжсан Монгол Улсын болон Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашиг болох улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл хөдөлмөрлөсөн “Хилчин генерал” юм. 

Дэслэгч генерал Ш.Арвай гуай 2017 онд “Өнөөдөр” сонинд “Би VII анги төгсөөд Зүүнбаянд очсон. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1953 онд байгуулагдаж, дэргэдээ техник, мэргэжлийн сургууль нээлээ. Тэнд сурч сантехникч мэргэжил эзэмшсэн, нефтийн үйлдвэрийн анхны монгол ажилчдын нэг болж байлаа. Түүнээс хойш сурсан сургууль бүрээ онц төгссөн. Биднийг сургасан мөнгө эцсийн эцэст ард түмнийх. Тиймээс сайн сурах ёстой гэж бодож, өдөр, шөнөгүй зүтгэдэг байж. Цэргийн сургуульд өглөө 06:00 цагт босоод шөнө болтол суралцана. Тэнд ачаалал дааж сурсан. Одоо нас өндөр болсон ч хоногт 15-16 цаг ажилладаг. Уншаад, судлаад, бодож, бясалгаад сууна. Цэрэгт урт цагаар ажилласаар байгаад амьдралын хэвшил болчихож.

Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт өндөр цалинтай мундаг ажилчин байв шүү дээ. Тэр үед нефтийн үйлдвэрийг амархан босгочихож байсан юм шүү дээ. Одоо л манайхан чадахгүй юм. Цаг үе нь өөр болсон юм байлгүй. Нефтээ нэрээд бензин гаргаад, үлдсэн шаарыг нь чанаад кокс болгодог байсан. Улаан уулын төмөр замыг зөвлөлтийнхөн тавьж өгөөд буцсан. Тэнд 18 км урт шугамтай, усан сантай тосгон байгууллаа. Тэгээд төмөр замынхан намайг сантехникийн мэргэжилтэй гэж олзуурхаад ажилд авсан хэрэг. Төмөр замынхан намайг цэрэгт явуулахгүй гээд, аймгийн төв дээр Гомбосүрэн гэж цэргийн хэлтсийн хүн ирчихсэн авья гээд байдаг. Хулгайгаар л явсан. Намайг төмөр замд ажиллаж байсан гээд Сэлэнгийн төмөр замын байцаан өнгөрүүлэх боомтод хуваарилдаг юм байна. Ингээд жолооч болох хөг өнгөрлөө. Ингэж л эх орныхоо хилийг хамгаалах үйлсэд зүтгэх хаалга нээгдсэн. Бууны жад жавар зүсэн исгэрэх чимээ сонсон, эх орныхоо хилийг нүд цавчилгүй манаж явснаараа үргэлж бахархдаг.

Миний өндөр өвөө Шавины Дорж гэж хилийн цагдаа, гэлэг хүн байсан гэдэг. Түүхийн архиваас 1907 оны үед 50 эргэм настай байхдаа ажиллаж байсныг нь мэдэж авсан. Өвөө маань улсын хил хязгаарт тагнуулын чиглэлээр ажиллаж байж. Ингэхээр удам угсаа маань 150 орчим жилийн өмнөөс хилчин байсан болж таарах нь. Ах нар минь эх орныхоо хоёр дайнд оролцож явсан хүмүүс. Миний удам угсаа, амьдрал эх орныг батлан хамгаалах хүрээнд эргэлдэж явна даа” гэж ярилцлага өгсөн байдаг.

Үнэхээр түүний удам угсаа өнөөдөр эх орныхоо халдашгүй дархан хилийг нэр төртэйгөөр хамгаалж явна. Хилийн тэнгэр цэлмэг байг ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)