Б.НЯМСҮРЭН

Хуудсыг нь сөхөх бүрд шинэ бодол, хүсэл тэмүүлэл зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа яруу найрагч Э.Үржинхандыг урьж “Хайрын эх орон- номынх нь тухай ярилцлаа.

-Ном бүр өөрийн гэсэн онцлог, илэрхийлэмжтэй. Мөн дахин давтагдашгүй байдаг. Харин сайн, муу болсон эсэхийг нь уншигчид дүгнэнэ. Энэ удаагийн “Хайрын эх орон” номд 90 шүлэг багтсан. Миний уран бүтээлийн найм дахь ном минь билээ. Утга уянгын талдаа бүтээл гэж ойлгож болно. Ингэхдээ яруу найргийн шүлгийн түүврээр уншигч олондоо халуун дулаан хайр, сэтгэлийн амар амгалан, эх орноороо бахархах, амьдралд дурлах сайхан эрч хүч, урам зориг өгөхийг хичээсэн. Миний өмнөх  “Сэтгэлийн жимээр” ном 108 шүлэгтэй. Уншигчдадаа үнэнийг харах ухамсар, зүрх сэтгэл рүүгээ өнгийж, эерэг хандлагыг түгээхийг зорьсон хоёр өөр өнгө аястай хос ном өлгийдөн авсан.

 

Уншсан зүрх бүхэнд гэрэл гэгээ түгээнэ

 

“Хайрын эх орон”  шүлгээ Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж багшийнд буюу Хөвсгөл далайд очиж золгоод гэрээс нь гарахдаа бичсэн. Тухайн үеийн сэтгэл, мэдрэмжээс үг өгүүлбэр бүр нь ундарч төрсөн шүлэг. Тиймээс эх орноо хайрлан бахархах сэтгэлээс эхтэй “Хайрын эх орон” шүлгээрээ номоо  нэрлэсэн. “Сэтгэлийн жимээр” номд ийм нэртэй шүлэг байхгүй. Харин энэхүү номын шүлгүүдээр дамжин өөрийнхөө дотоод сэтгэлийн жимээр аялаасай гэж хүссэн юм. “Сэтгэлийн жимээр” ном нь долоо дахь, “Хайрын эх орон” нь найм дахь ном. Хосоороо уншигчдын гарт хүрч байна. Энэ хоёр ном агуулгын хувьд хоорондоо өөр өнгө аястай. Ирэх оноос бид улс даяараа хос бичигтэн болох гэж байгааг угтан уншигчдадаа шүлгээ уншингаа хөнгөн маягаар монгол бичгээ сайжруулахад нь тус дэм болох зорилгоор шүлэг тус бүрийн ард монгол бичгийн хөрвүүлгийг хавсаргасан. Энэ нь хос номын гол онцлог болж байна.Ном маань уншсан хүн бүрийн зүрхэнд гэрэл гэгээ түгээж, ухамсар оюун бүрийг сэрээх сэрүүлэг байж, өөрийн сэтгэлийнхээ гүн рүү өнгийх түлхүүр нь болоосой гэж бодсон. Ном уншихын ач холбогдол үнэхээр далай мэт уудам. Гадаад ертөнцийг танин мэдэхээр дамжуулж дотоод ертөнц рүүгээ өнгийн харах, өөр лүүгээ хийх нэгэн төрлийн гайхамшигт аялал юм даа.

Ингээд  “Хайрын ургамал” шүлгээ хүргэе.

Үүлс тэнгэрээ арчаад цэмцийлээ

Уулс тэрлэгээ тайлаад налайлаа

Чулууд өвсөө дэрлээд тэрийлээ

Сэтгэл гунигаа гөвөөд тэнийлээ

Шувууд солонгоо эвхээд нислээ

Шугуй цэцэгсээ дэлгээд найгалаа

Хүсэл биеллээ олоод дэрвэлээ

Хүн хүнийхээ хайраас ургалаа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)