Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Завхан аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Ариунааг урилаа.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ

 

-Эмэгтэйчүүдийн манлайлал ялангуяа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Энэ орчлон өөрөө арга билгээс бүтдэг. Хүн амын 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэгэхээр дан ганц эмэгтэйчүүд гэж ярих нь өрөөсгөл. Ерөөсөө л аливаад хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь чухал. Эмэгтэйчүүд санаачлах, тэргүүлэх талдаа илүүрхдэг. Би 2000-аад онд хүний эрхийн төлөв байдлын судалгаа хийж байсан юм. Тэр үед өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй өрхөөр ороход ядаж л зуухандаа галтай, гэр орон нь цэмбэгэр, хүүхдүүд нь нүдэндээ цогтой байна.

Харин өрх толгойлсон эрчүүдтэй өрх ихэвчлэн галгүй, шороо тоостой хүүхдүүд нь халтар, ноорхой байх нь элбэг. Энэ бол бодит байдал. Мэдээж сайн өрх толгойлсон аав бий гэдгийг үгүйсгэх гэсэнгүй. Тэгэхээр бүсгүйчүүдэд байгалиас заяасан илүү хүч, сайн сайханд тэмүүлэх тэмүүлэл байдаг юм шиг санагддаг.

Монгол Улс хүчирхэг байсны нууц нь хаан хатан хоёрынх нь хооронд зүү орох зайгүйд л байна гэж Монголыг судалсан тагнуул хэлсэн гэдэг. Үнэхээр улс орны бодлого шийдвэрийг гаргахад хүйсийн бодлого тэгш тусч байж зөв бодлого гарна гэж боддог. Хүүхнүүдтэй уулзахад бүгд нийтлэг нэг сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг соёлжуулах, хөгжүүлэхийн тулд бүгдээрээ нийлээд ярьдаг, цугладаг асуудлаа шийдэж чаддаг. Би ч бас үүнтэй санал нийлдэг. Соёлын төв барих зэргээр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн ч гацчихдаг, царцчихдаг жишээнүүд байна л даа. Тэгэхээр өнөөдөр эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага гэж байна. Юунаас болж байна вэ гэхээр ганцаардал, буруу зуршил, хөдөлгөөний хомсдол, хандлага, сэтгэлийн хямрал зэрэг шийдвэрлэх боломжтой энгийн асуудлууд тулгарсан байдаг юм байна. Тэгвэл үүнийг эмэгтэйчүүдийн оролцоотой л шийдэж чадна. Тиймээс л улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал дутаж байгаа юм.

 

“ТӨР ТӨМБӨГӨР, ЁС ЁМБОГОР”

 

-Тодорхой хугацаанд төрийн алба хашиж, төлөөлөгч байсан хүний хувьд монгол төрийн тухай та юу хэлэх вэ?

-Монгол түмэн дэлхийд анх төрт улсыг байгуулж дэлхийг засаглаж явсан ард  түмэн. Гэтэл бид одоо төрийн бодлогоо гаднаас асуудаг болжээ. Үндсэн хуулиа гаднаас орчуулан хэрэглэж байна. Би өнгөрсөн жил олон улсын байгууллагын урилгаар хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан. Гэхдээ тэнд би огт өөр зүйл ярьсан. Айлаас эрэхээр авдраа уудал гэж. Өнөөдөр манайд 800 гаруй хууль байна. Хууль бол нийгмийн харилцааг зохицуулах зорилготой. Гэвч тэр олон хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гээд л шүүмжлээд байдаг.

Тэгтэл бидний өвөг дээдсийн байгальтайгаа зохицон жам ёсоор амьдарч ирсэн амьдрал ямар ч хуульгүй, ямар ч цагдаагүй, ямар ч эмнэлэггүй, аз жаргалтай амар тайван амьдарч болж байж. Энэ юуг хэлж байна вэ гэхээр амьдрал бол уг нь  их энгийн юм . Жам ёсноос гажихгүй л амьдрахад л болоод явчих юм. Үүнд боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Гэхдээ боловсролын суурь нь гэрийн боловсрол. “Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлдаг” гэж үг бий. Гэртээ хүмүүжээгүй бол нийгэмд гараад хүмүүжнэ гэж байхгүй. Угаас нийгмийн анхдагч нь гэр бүл, хувь хүн. Тэгэхээр бид гэрийн боловсрол, үр хүүхдээ сургаж өсгөсөн өвөг дээдсийн арга ухааныг ярихгүйгээр монгол хүний хөгжлийг ярих боломжгүй. Өнгөрсөнд зургаан настай хүүхэд ямар ч малын төлийг эх бариад авчих тийм мэдлэг, чадвартай байж. Гэтэл орчин цагт барааг нь ч хараагүй хүүхдүүдтэй болж байна.

Гэрийн хүмүүжил боловсролд эмэгтэйчүүд, ээжүүд чухал үүрэгтэй. Тиймээс энэ арга ухааныг судлах түгээх, эмэгтэйчүүдийг үр хүүхдээ гэртээ өсгөхөд төр дэмжлэг үзүүлэх ёстой. Би гэрийн боловсролд юу чухал вэ гэдгийг судалж мэдчихээд түмэнд түгээх юмсан гэж мөрөөддөг. Монгол Улс авдраа уудалж, хадгалсан эрдмээсээ сурч төрийн хэргийг засах ухааныг өөрсдөө олно гэдэгт би итгэдэг. Тэр судар шасдир нь ч байх шиг. Одоо хүмүүсийн хандлага өөр болсон гэж ихээхэн найдаж суугаа. Жил жилийн сонгуулиас л өөр хандлага өөр зүйл хүсдэг. Энэ жил арай өөр болсон гэж харж байгаа. Төрд очих ёстой хүмүүс нь очдог тэр цаг их ойрхон болсон гэж найддаг. Монголчууд сэрж байгаа гэдэгт итгэж С.Зориг агсны хэлсэн Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг үгийг хэлэх дуртай.

 

“ЭНЭ НИЙГМИЙГ ЭНГИЙНЭЭС ЭХЭЛЖ ЗАСАХ ЮМ БИЛЭЭ”

 

-Та эмэгтэй хүнийг хэрхэн тодорхойлох вэ?

-Бурхан эмэгтэй хүн бүрийг үзэсгэлэнтэй төрүүлдэг гэж боддог. Орчлон өөрөө түүгээр гоёдог. Тийм болохоор эмэгтэйчүүдийг ганган, дэгжин байгаасай. Даашинзаа өмсөж туфлиэ товшиж, үсээ намируулан алхаасай гэж боддог. Намайг анх сургуулиа төгсөөд ирж байхад аймагт их гоё бүсгүйчүүд байсан санагддаг. Банкны, холбооны гээд. Монгол дээл, бүрх малгай, эрээн алчуур зангидаж өндөр өсгийт өмссөн хөөрхөн  бүсгүйчүүд. Залуу нас минь тийм гоё эмэгтэйчүүдийг харж дагаж дуурайх мэдрэмжээр хөглөгдөж байж гэхээр бахархдаг юм. Тиймдээ ч би монгол дээл, бүрх малгай өмсөх дуртай. Ер нь л эмэгтэй хүнд өмд цамц гэхээсээ илүү даашинз, банзал, дээл зохино.

Бүсгүй хүн бүр дотоод сэтгэл, гадаад үзэмжээрээ гоё байгаасай гэж боддог. Энэ бол нийгмийг чимээгүй эрүүлжүүлдэг зүйл. Учир нь би 2000 аад онд хүний эрхийн судалгаан дээр ажиллаж байсан юм. Архи ууж эхнэрээ зоддог нэг эрэгтэйтэй ярилцсан. Та яагаад эхнэртээ гар хүрдэг юм бэ гэхэд “Орой гэртээ ирэхэд үс нь сэгсийсэн. Хир даг болсон хувцастай эмэгтэй угтахаар уур хүрдэг” гэж хэлсэн. Бас надтай хамт ажилладаг байсан жолооч ах “Эхнэр маань ядаж уруулаа будчихаасай гэж хүсдэг” гэж билээ. Тэгэхээр эмэгтэйчүүд бид том ярих биш, их энгийнээс эхэлж энэ нийгмийг засах юм билээ.

Одоо хүмүүс эрүүл биеэрээ гоёдог болсон. Миний хүү “Ээж минь та  эрүүл л байж үзээрэй. Тэр надад өгч байгаа том бэлэг шүү” гэж надад хэлсэн. Би 20-иод жилийн өмнө нөхрийнхөө зөвлөснөөр анх "Шри шри" амьдрах урлагийн бясалгалд явж байлаа. Энэ миний амьдралыг үзэх үзэлд их өөрчлөлт өгсөн. Саранцэцэг багш маань олон хүнд энэ сайхан мэдлэгийг олгож яваа буянтан.

10-аад жилийн өмнө байх Түвдийн таван дасгалын тухай нэгэн номыг уншаад энэ дасгалыг өөрийнхөөрөө л сурч хийж байв. Өнгөрсөн жил долоо болсон тухай дахин сэрээх мэлмий номыг уншаад онлайнаар багшийн удирдлагаар сурч хийдэг болсон. Бас монгол бясалгалын хичээлд Атарсайхан багшийнхаа удирдлага дор суралцсан. Хүүгийнхээ тэгж хэлснээс хойш өдөр бүр таслахгүйгээр дасгалуудаа хийдэг болсон доо. Чадвал хааяа мацаг барихыг хичээдэг. Мацаг бол эрүүл байх, гоо байхад тун тустай. Мэдээж заримдаа явмааргүй, тасалмаар санагддаг. Тэр үед Саранцэцэг багшийн хэлсэн хоногийн 24 цагийн 30-хан минутыг л өөртөө зориул. Бусдад нь толгойгоороо хөл хийнэ үү хамаагүй гэж хэлсэн нь бодогддог юм. Тэгээд ч зүв зүгээр сууж байгаад гоё болчихгүй, сайн сайханд хүрэхгүй. Заавал бэрхшээл тэсвэр тэвчээр шаарддаг.

Би Нийгмийн халамжийн дарга байхдаа охиддоо “Эмэгтэй хүн өөрийн гэсэн хуримтлалтай, бас өөрийн гоо сайхантай бай” гэж хэлдэг байсан. Ядарсан цагт хэрэглэчих хэдэн төгрөгтэй ямар ч үед эмэгтэй гээд харчих төрхтэй байхыг эрхэмлэх нь бас чухал санагддаг.

-Таны амьдралдаа баримталдаг зарчмыг сонирхож болох уу?

-Нас тогтоод ирэхээр амьдралын хор шунал үгүй болчихдог юм байна. Хүний амьдралын утга учир, үйлийн үрийг мэдээд, амьдралын үзүүрт харагдах тэр хонгилоор явна шүү гэдгээ мэдрэхээр их олон зүйлд шунахаа больдог бололтой юм. Энэ орчлонг хайраар тэтгээд, бас үхэхэд ядаж нэг хүнд ч болов сайн, сайхнаар дурсагдах дурсамж бүтээх юмсан гэж л боддог.

Түүнээс гадна хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг харамгүй хэлж, зааж, чиглүүлж, зөвлөх юмсан гэж бодож байгаа. Үүгээр нийгмийн соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн чадах хэрээр хувь нэмрээ оруулах хэтийн зорилгоо биелүүлэхийг л хичээж байна даа.

 

БУУРАЛ ЭЭЖИЙН “ОХИН”

 

-Б.Ариунаа гэж хэн бэ гэдгийг уншигчид маань сонирхож байгаа болов уу. Та үүнд хариулах уу?

-Би ээж, ааваас есүүлээ. Хоёр эгч, нэг ахтай, дөрвөн эрэгтэй, ганц охин дүүтэй айлын дундах хүүхэд. Аав, ээж хоёр маань насаараа эмнэлгийн ажилтан байсан. Тэр хоёр маань Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул. Би өлгийтэй байхаасаа л Шилүүстэйд өсөж торнисон. Намайг наймдугаар анги төгсөх үед багш бэлтгэх улсын бодлого явж байсан бололтой юм билээ. Багш болох сонирхолтой шилдэг хүүхдүүдийг есдүгээр ангид нь нэг анги болгож төвлөрүүлээд аймаг дээр багш гээд нэг бүлэг болгосон. Бидэнд сургах, сэтгэл зүйн хичээл орно. Ер нь л багш болгож бэлтгэх ажлыг хийж байсан юмдаг уу даа. Бидэнд дунд, бага ангийнхныг даалгадаг. Хагас, бүтэн сайнд тэр хүүхдүүдтэй ажиллуулж үндсэндээ бэлтгэлийг сайтар базааж байсан байгаа юм.

Ингээд аравдугаар анги төгсөхөд бидний ихэнх нь багш болоход би санхүүгийн мэргэжилтэй болно гээд Санхүү эдийн засгийн техниккумд оюутан болж байлаа. Хожим нь хууль зүйн магистр хамгаалж, Удирдлагын академийнг төрийн захиргааны менежментээр төгссөн.

-Та яагаад багш болоогүй юм бэ?

-Би чинь уран зохиол сонирхдог хүүхэд байсан. Нэг удаа буурал ээждээ зориулж шүлэг бичиж, түүнийг маань Самдан багш ихэд тоож билээ. Ингээд бодохоор багш болж болох ч юм шиг байгаа биз. Гэхдээ надад бусдын жишгээр, хүний үгээр явах нь таалагдаагүй. Үндсэндээ багш болгоно гээд хүчээр л хүүхдүүдийг бэлтгэж байсантай эвлэрээгүй гэсэн үг л дээ. Тийм болохоор л нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг сонгосон гэж боддог. Тэгээд ч тооны хичээлд гайгүй, ер нь онц сурлагатан байлаа шүү дээ.

-Буурал ээждээ бичсэн шүлэгээ одоо санаж байна уу?

-Би багадаа буурал ээжтэйгээ ойр өссөн. Буурал эжийгээ ойчсон хойно хүн нас барах хийгээд хүнийг санахын учрыг гадарладаг болчихсон байжээ гэж боддог. Жигтэйхэн их үгүйлж, буурал ээжийн хийдэг үйлдэл, хэлдэг үг тодоос тод санагдаад байсан хэрэг. Тэгээд л жаахан шүлэг оролдож эхлэх үед багш минь надад урам өгч би буурал ээждээ зориулж хэдэн мөр хэлхсэн юм.

Буурал ээж

Боож хадгалсан шинэхэн бүсээ

Будилж сандран эрж байдаг

Буцаад хэзээ ч ирэхгүй болсон

Буурал ээжийн маань тэрлэг харагдлаа

Нүдэнд дулаахан тэр тэрлэгийг

Нүүрэндээ би ойртуулахад

Саалийн үнэр нэвт шингэсэн

Сайхан түүний минь үнэр мэдрэгдлээ

Буурал ижий нь чанасан юм, миний охин уучих гээд

Будаатай цай аягалж, хоёр гардаж барих юм

Цаад аав, ээжийгээ дуудаач

Чанасан цай хөрчих нь байна гэж уулга алдаж байгаа үзэгдэх юм... гээд есдүгээр ангид байхдаа бичиж байсан шүлэг л дээ.

 

“ЭЭЖ МИНЬ ТА ЭРҮҮЛ БАЙГААРАЙ”

 

-Та аливаад дандаа л эерэг ханддаг байх тийм үү?

-Амьдралын нас насанд хүний үзэл бодол өөр болдог юм байна. Хайр гэдэг асар нандин зүйл. Чадвал үхтэл хамт байх ёстой. Учир нь хайрлаж байгаа хүний биеэс асар хүчтэй дааврууд ялгардаг юм байна. Энэ нь өөртөө, эргэн тойрондоо, эх байгальд ч эерэг нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр нийгмийг сайн сайхан болгоно гэвэл бүх хүнээс л энэ хайрын дааврыг ялгаруулах хэрэгтэй юм. Хайр ганц эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлээс үүсдэг юм биш байгалийн сайхнаас, бусдын сайхнаас ер нь эерэг харж байгаа бүхнээс үүсдэг. Шашин бүр яагаад уур, мунхаг, атаа чөтөө, шунал тачаалыг хорьдог вэ гэхээр нөгөө дааврууд нь сөрөг төлөвт шилждэг юм гэж ойлгодог. Тэгэхээр биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгийн учир энэ л юм билээ.

-Сурагч ахуйгаасаа “дарга” байсан Б.Ариунаа удирдах арга барилыг аль хэдийнэ эзэмшжээ гэвэл, та санал нийлэх үү?

-Миний багад онц сурдаг хүүхдүүд салаан дарга, ангийн дарга, ариун цэврийн дарга болдог байлаа. Хэдийгээр би багаасаа хүнтэй харилцах арга барилд суралцсан мэт харагдавч цаг хугацаагаар өөрчлөгдөж байгаа учраас хүн удирдах аргыг сурчихсан гэж хэлэх боломжгүй. Тэр ч бүү хэл хүний амьдралыг үзэх үзэл ч нас насанд өөрчлөгддөг юм билээ. Тухайлбал, би 20 настай байхдаа “зөв байна, чухал байна” гэж боддог, хардаг байсан зүйл 30 насанд эсрэгээрээ байх нь бий. Тэгэхээр туйлын гэдэг зүйл байхгүй юм байна гэж боддог болсон. Түүнээс гадна “хэзээ ч үгүй” гэдэг зүйл хүний амьдралд байдаггүй гэдгийг ойлгосон. Тиймээс аливаа асуудалд “хэзээ ч үгүй” гэж амлахгүй юм шүү гэж хичээдэг.

Би Улиастайн оршин суугч. 10 жилийн сургуулиа дүүргэсэн, сургууль төгсөж ирээд өнөөг хүртэл амьдралын жаргал зовлон энэ л нутагтай холбоотой. Хүн өөрийн амьдарч байгаа орчныг илүү ая, тухтай байлгахыг хүсдэгтэй адил би сумынхаа хөгжлийг янз бүрээр л төсөөлнө. Улиастайд залуучууд, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалтын газар алга. Тэр ч бүү хэл кино театр, соёл амралтын хүрээлэн ч алга. Хүмүүс зуны дэлгэр цагт гэр бүлээрээ очоод хамтдаа цагийг өнгөрүүлэх газар хомс байна. Мэдээж эдгээрийг шийдвэрлэхэд тулгамдсан асуудал байгааг мэддэг. Гэхдээ асуудал байна гээд байвал юу ч хийгдэхгүй. Харин арга замыг нь эрэлхийлвэл гарц бий. Жишээлбэл, амралтын өдрүүдэд төв гудамжныхаа замын хөдөлгөөнийг хаагаад гэрэлт гудмандаа дуу бүжиг, худалдаа наймаа, хоол ундаа дэлгээд амралтын гудам болгож ашиглаж болно шүү дээ.

-Оюутан Б.Ариунаагийн ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?

-Оюутны ширээнээс Үнэт цаасны брокер болж төрсөн нутагтаа ирж ажилласан. Тэр үед ягаан, цэнхэр тасалбараар хувьчлал явагдаж байсан үе л дээ. Эхний зах зээлийн арилжаа явагдаж дуусаад хоёрдогч зах зээл рүү орох үеэс л брокерийн ажил явцгүй болж ирсэн. Учир нь хувьчлалаар авсан компаниуд эхнээсээ дампуурч, үйл ажиллагаа нь зогсож эхэлсэн учраас ногдол ашиг олгох боломж нь хомсдож ирсэн хэрэг л дээ. Нэгэнт салбар нь зогсонги байдалд орсон учраас брокерууд ч ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлсэн л дээ. Би хэсэг хугацааны дараа Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд судалгаа хийх ажилд төслийн ажилтан болсон. Энд ажиллаж байхдаа бүх л салбарт орж ажилласан. Эндээс олон зүйлийг тэр дундаа хүний төлөө ажиллах учиртайг мэдэж авсан. Энэ хугацаанд би хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж үзээд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Төслийн ажилтнаас аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэст мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга болсон. Ингээд 2012-2016 онд аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байлаа. 2016-2021 онд аймгийн Засаг даргын орлогч хийж байсан. Одоо бол ИТХ-ын төлөөлөгч.

-Та гэр бүлээ танилцуулж болох уу?

Надад бурхнаас амьдралыг хосоор туулаг гэж сайн хань заяасан юм шүү дээ. Одоо миний хань бясалгал, сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байна. 

-Би нөхөр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхөр маань төрийн тусгай албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Том хүү минь санхүүч мэргэжилтэй. Саяхан Австралид магистр хамгаалаад ирсэн. Харин бага хүү энэ жил оюутан болсон. МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сурч байна.

Хүний амьдралд олон өнгө сүлэлдэн оршдог гэдэг. Сайн, муу ээлжилдэг ч гэж ярьдаг. Бурхан хүнд дааж чадах ачааг нь л үүрүүлдэг гэдэг юм гэнэ лээ. Би хүний эрхийн төслийн ажилтан байсан учраас амьдралын бодит үнэн, нийгмийн байдал гээд олон зүйлийг өөрчлөх, хүмүүсийг соён гэгээрүүлэх юмсан гэж боддог байсан. Тийм дээ ч хууль эрх зүйн боловсрол эзэмшихийг чухалчилсан хэрэг.

Мэдээж одоо бол сайн хүмүүсийн дэмээр, хатууг сөрж, давж гарсандаа баярладаг. Бас бурхан хүнийг шалгадаг, давж чадвал бэлгээ өгдөг гэдэгт итгэдэг. Надад бурхнаас амьдралыг хосоор туулаг гэж сайн хань заяасан юм шүү дээ. Одоо миний хань бясалгал, сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байна.

 

“ИТГЭЖ Л ЯВНА ДАА”

 

-Энэ жил танай сумын 100 жилийн ой тохиосон. Яг энэ үеэр та цахим орчинд нэлээд “балбуулсан” харагдсан?

-Дахиж давтагдахгүй 100 жил шүү дээ. Тиймээс сумынхаа түүхт тэгш ойг шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй угтах гээд чамгүй ажилласан. Аймгийн төсвөөс 200 сая төгрөг шийдүүлж батлуулаад, сумаас 120 сая төгрөг гаргуулсан. Яах вэ зураг төв, сонгон шалгаруулалт гээд ажил оройтож эхэлсэн. Түүхт ойгоо шинэ цэнгэлдэхдээ тэмдэглэх ч өнгөрлөө. Бид чинь баяр наадмаа дэлгэр ногоон дэнж дээрээ хөдөө хийж заншсан хүмүүс. Наадам ч эхэллээ, улс төрийн явуулгууд ч зэрэгцлээ. “Шинэ цэнгэлдэх барих мөнгийг нь хувааж иджээ. Гүйцэтгэгч компаниас мөнгө нэхсэн байна” гээд л баярын өдөр сошиалаар “нүдэж” өгсөн, намайг. 100 жилээ ийм гунигтай, ийм гүтгэлэгтэй угтана гэж огт санаагүй. Цэнгэлдэхийн барилгын ажлыг хийхээр шалгарсан компанийн ажил хэт удаан байна л даа. Одоо ч барилгын ажил үргэлжилсээр байгаа юм билээ.

Надад нэг л мөрөөдөл байсан нь нутгийнхнаа сайхан стдионд баяр жаргалтай цэнгүүлэх. Энэ тухай бодохоор одоо ч нүдэнд нулимс дүүрээд ирдэг. Энэ гуниг хэзээ арлах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Би өглөө бүр тэнгэр өөд хараад хэлдэг юм. Буруу санаагүйг минь, үнэн явааг минь нутгийн түмэн минь мэдэх тэр цагт л миний сэтгэл амарлина. Хэрэв буруу явсан бол гэсгээл шийтгэлийг тань хүлээнэ гэж. Ард түмэн ухаантай, төр түмэн нүдтэй, үнэн ялна гэж итгэж л явна даа.

-Хөгжил гэдэг үнэн хэрэгтээ байшин барилга биш юм биш үү?

-Аливаа улс орны хөгжлийг харагдах байдлаас нь байшин барилга, зам харгуйгаар тодорхойлж болно. Гэхдээ хамгийн чухал нь хүн чанар, үнэн сэтгэл, гэгээн үзэл бодол, хайр энэрэл юм шиг санагддаг. Үүнийг ухаж ойлговол цаанаа их өргөн агуулгатай. Хүний дотоод мөн чанар гэж юм бий. Магадгүй ингээд ярихаар мухар сүсэгтэй гэх байх. Гэвч энэ бол аливаа зүйлд эерэг зөөлөн, хайр энэрэл цацруулснаар ямар гайхалтай үр дүнг авчирдаг вэ гэдгийг харуулдаг мөн чанар гэж боддог. Хүний дотоод гал хайраар ундаалж эерэг төлөвт шилжихээр дотоод шүүрлийн булчирхайнууд зөв ажиллаж эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг тухай мэдээллийг уншиж байсан. Хэрэв хүн дотоод галаа уураар өрдвөл хүний биед сөргөөр нөлөөлж өвдөх эрсдэл дагуулдаг юм байна гэж ойлгосон. Тиймээс л хүнд сайн сайхныг хүсэж, муу муухайг зайлуулдаг байх хэрэгтэй гэсэн үг. Энэ нь хувь хүний хөгжил хандлагад нөлөөлж ажил хөдөлмөр эрхлэх зэрэг улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.

 

ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ

 

-Бүсчилсэн хөгжлийн бодлогод аялал жуулчлалыг онцолж байгаа. Завхан аймаг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Тиймээс аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэгддэг. Таны бодлоор?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал бол хөдөөгийн хөгжлийн нэг гарц. Отгонтэнгэр хайрхныг зорьсон зорчигчид манай нутгаар дайрч өнгөрдөг. Тиймээс тэр уулзварт цахилгаан эрчим хүч татсан. Эрчим хүчтэй байхад хөгжил хажууд ирлээ л гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд сумын хөгжлийг дэмжих боломжтой ажлуудыг хийж хэрэгжүүлэх бүхий л гарцыг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Жуулчдыг татах боломж аймгаас гадна сумдад бий. Харин тэнд дэд бүтэц, зам гээд зайлшгүй шийдэх ёстой ажлуудыг хийх нь зүйтэй.

Байгалийн үзэсгэлэнт газрыг нь үзэх гээд зориод ирэхэд байрлуулах буудал, аятайхан үйлчилгээний газаргүй байвал дараа нь эргэж ирэхгүй л дээ. Тиймээс л эхлээд орон нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Орон нутагт ялангуяа халуун усны асуудал яригдаж байна. Сумын төв халуун усгүй байсан нь бодит үнэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын төслийн хөрөнгөөр сумаа халуун устай болгосон.

Монгол Улс хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Олон чиглэлээр хөгжүүлэх боломжуудын эрэлхийлж байна. Гэхдээ дэлхий ертөнцийг нүүдлийн соёл аварна гэдэгт итгэж явдаг. Гэтэл манай улс мал аж ахуйг хөгжүүлэх, ган зуднаас хамааралгүй болгох асуудлыг орхигдуулсаар ирсэн. Тиймээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Нөгөөтээгүүр малчдын орлого олох эх үүсвэр нь малын гаралтай түүхий эд. Түүнчлэн малын өвс тэжээлийн борлуулалт байж болно. Мэдээж худаг ус, хөв цөөрөм гээд өөр асуудлууд бас бий. Тэгэхээр малчдаас гарах түүхий эдийг борлуулах боломжийг бүрдүүлэх талаар улсын хэмжээнд бодлого гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн алхам хийж, арга хэмжээ авч байсан хэдий ч тодорхой, дорвитой үр дүнд хүрэхгүй байна л даа.

-Төлөөлөгчийн хувьд иргэд ямар санал түлхүү тавьдаг вэ. Та юунд илүү анхаарч ажиллав, өнгөрсөн дөрвөн жилд?

-Сумын иргэд сургууль цэцэрлэг, эмнэлэг, эмчилгээ, оношилгооны асуудлыг их тавьдаг. Анхаарал хандуулж ажил хэрэг болгож өгөөч гэдэг. Төлөөлөгчийн хувьд сумын хөгжлийг боловсрол, эрүүл мэндийн салбартай нь уяж хөгжүүлэх нь зүйтэй гэж хардаг учраас эмнэлэгт шүдний тоног төхөөрөмж, физик эмчилгээний кабинетыг байгуулж өгсөн. Мөн багийн эмч нарын компьютерыг шинэчилж өгсөн байгаа. Түүнээс гадна сургуулийн дотуур байрны их засвар, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, цэцэрлэгийн хүүхдийн тоглоом нийлүүлэлт, дотуур байрны гадна талбайн тохижилтын ажлыг зохион байгуулсан. Энэ нь хүүхэд багачууд сургуулийн орчинд аюулгүй, тав тухтай, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх орчинтой байх нь зүйтэй гэж үздэг учраас идэвхийлэн хийсэн ажил байгаа юм. Мэдээж сумын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах гээд нэлээдгүй ажил бий. Тиймээс соёлын төвд иж бүрэн цахилгаан хөгжимтэй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ мэтчилэн төлөөлөгчийн хувиар хийж хэрэгжүүлсэн, хөөцөлдөж бүтээсэн ажлууд бий.

Орон нутгийн эрх мэдэл хумигдсаар байгаа. Өнөөдөр бүх эрх мэдэл дээд түвшиндээ төвлөрч байна. Захиргааны буюу томилох эрх, эдийн засгийн буюу төсвөө өөрөө бүрдүүлж захиран зарцуулах эрхийг улам хумьсаар байна. Хөдөөний нэг сумын ажилтан гэнэт өвдөхөд оронд нь нэн даруй хүн томилох эрх алга. Хэмнэсэн төсвөө  орон нутагтаа захиран зарцуулах эрх ч алга. Дээр үед "Ховор хүмүүс" гэдэг кинонд "Хаалганы бариул унасан хадах уу, болих уу даргаа" гэдэг шиг хошин зүйл давтагдаж байна. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг нэмэх хэрэгтэй байна. Эрх үүрэг хоёр нэг юмны хоёр тал . Хариуцлага ярих гэж байгаа бол эрхийг нь бас өгөх хэрэгтэй.

 

ТӨЛӨӨЛӨГЧ Б.АРИУНАА

-Та төлөөлөгчийн хувиар сумын төвийн халаалтыг шийдвэрлэх ажлыг сайн гүйцэтгэсэн гэх юм билээ?

-Сумын төв олон жижиг уурын зуухтай галлагаатай байсан юм. Түүнийг төвлөрсөн халаалтад холбосноор айл өрх албан газрууд халаалттай, халуун устай болсон. Мэдээж энэ бүхэн эцсийн дүндээ хүмүүсийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг.

Би аймгийн ИТХ-д Шилүүстэй сумынхаа иргэдийг хоёр удаа төлөөлөн сонгогдсон Төлөөлөгч. Монгол Улсын Үндсэн хуульд “Төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр тэр олон хүний хамгийн чухал эрхийг  төлөөлөн хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тиймээс маш хариуцлагатай ажил.

Манай сум бол урд дөрвөн сумын төв буюу сум дундын эмнэлэг, анхны 10 жилийн сургууль гээд одоогоор бол бүсийн төв сум нь байсан. Одоо ч бүсчилсэн хөгжлийн бодлогод урд чиглэлийн хөгжлийн бүсийн төв байхаар тусгагдсан байгаа. Би сумын иргэдийн итгэлийг авч сонгогдсон төлөөлөгчийн хувьд сум орны хөгжил, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хэтийн хөгжилд анхаарч ажиллах ёстой. Найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд нэлээд бий.

Манай суманд ундны усны асуудал хамгийн чухлаар тавигддаг. 1960 аад онд гаргасан гүний худаг ундарга сайтай жилийн дөрвөн улиралд байнга оргилж байдаг. Үүгээр сумын төвийн иргэд ундаалдаг. Гэвч худгийн ус хатуулаг  ихтэй байгаа тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд олон удаа гарсан. Тиймээс усыг цэвэршүүлэх ажил нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хоёр удаа хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн ч цар тахлын хүнд үе таарсан. Гэхдээ төлөвлөсөн ажлаа хийсэн нь үр өгөөжөө өгсөн. Мэдээж сайжруулах, өргөтгөх шаардлага бий.

-Төлөөлөгч байх хугацаанд төлөвлөсөн атлаа хийж амжаагүй ажил бий юу?

-Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тийм болохоор төлөвлөсөн болоод шинээр хийж хэрэгжүүлэхээр хөөцөлдсөн ч амжаагүй ажлууд бий. Тухайлбал, манай сум бол урд дөрвөн сумыг нэгтгэсэн анхны 10 жилийн сургуультай. Тэр сургуульд 300 гаруй сурагч суралцаж байна. Гэтэл сургуулийн хичээлийн болоод дотуур байр хуучин цагийнхаараа. Хэдийгээр засвар хийсэн ч шинэчилж барих шаардлагатай байгаа юм. Урд бүсэд манай сум шиг хуучин сургуулийн байртай сум байхгүй. Сургуулийг шинэчилж барих зураг төсөл нь бэлэн. Харамсалтай нь хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдэхгүй байна л даа.

Түүнчлэн алсхан буйд нутгийн иргэдийн соёлждог газар бол соёлын төв нь. Манай сум долоо хоног бүрийн пүрэв гарагт нийтийн бүжиг явуулдаг. Соёлын төвийн байр бас л хуучных. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөр бол соёлын төвийн барилга яг одоо баригдахаар байгаа. Гэвч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх эсэхээс хамаарах болж байгаа юм.

Үндсэндээ Монгол Улс хөгжих ёстой гэдэг ч хөгжил гэдэг бага нэгжээс эхэлдэг гэдгийг орхигдуулснаас өнөөдрийн хөгжлийн түвшин тодорхойлогдож байгаа юм. Нөгөөтээгүүр, сум орон нутгийн хөгжлийн бодлого, зайлшгүй хийх ажлын эрэмбийг тодорхойлж саадгүйгээр санхүүжилт олголдог байх хэрэгтэй. Бөөн явдал чирэгдэл болж бүтсэн атлаа санхүүжилтийн буруу тогтолцооноос үүдэн бүтээн байгуулалтын ажил гацах тохиолдлууд элбэг. Тиймээс сумын хөгжлийг шат ахиулахын төлөө төлөөлөгчийн хувиар өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)