Р.Оюун
“Монгол такси” аппликейшнийн захирал Э.Тэмүүжин мэдээлэл хийлээ. Тэрээр “Миний хувьд автотээврийн салбарт бизнес эрхлээд 16 дахь жилдээ ажиллаж байна. Зам тээврийн судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг бие даан санаачлан хийсэн байдаг. Тухайлбал, Богд уулыг тойрсон суурьшлуудыг төмөр замаар холбож хотыг тэлж хөгжүүлье. Хотыг хэвтээ болон босоо тэнхлэг дагуу 10, 10 гол замтай болгоё. Мөн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулья гэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачилсан. Энэ тухай төрд, олон нийтэд удаа дараа мэдээлж багагүй шуугиан дэгдээж ч байсан. Тэгээд төрд очоод л таг. Дарга нар нь ч тоохгүй.
Хотын түгжрэлийг ганцхан сарын дотор 40 хувь бууруулна. Яаж гэхээр нийгэмдээ хортой асуудлуудыг үүсгэдэг, халтуурчид гэж нэрлэдэг зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэгчдийг бүрэн цэгцлэх юм. Гэтэл энэ боломжийг маань гажуудуулсан ганц компани монополийг үүсгэн, зах зээлийг бүрэн атгаж байна. Хамгийн хачирхалтай нь төр, засаг нь тэдгээрийг онцгойлон дэмждэг. Нэг жишээ хэлэхэд таксины аппликейшнүүдийг нийтийн тээврийн газраас хянаж, шалган хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Тухайн гэрээнд нэг км тариф 1000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх ёстой. Мөн стандарт бус тээврийн хэрэгсэл бүртгэсэн байвал гэрээг цуцлах заалтууд байдаг. Хэрэв бид нэг км тариф 1000 төгрөгөөс илүү үнээр иргэдэд үйлчлэх эсвэл нэг ширхэг буруу хүрдтэй автомашин бүртгэсэн байвал манай аппликейшнийг хүчээр хааж, компанийн үйл ажиллагааг шууд таслан зогсооно гэдэг.
Гэтэл өрсөлдөгч нэртэй нөгөө компани нь 50 мянган халтуурчдыг бүртгэсэн. Нэг км тариф бүр 5000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж салбарын үнэ, дүрмийг тогтоож байна. Энэ бол зүгээр хүмүүсийн мэдэхгүй зүйл дээр нь тоглолт хийж, иргэдийг хэрэгцээгээр нь далимдуулан цэвэрхэн шулж байгаа явдал. Хууль дүрмээ мөрдсөн нь хохироод, зөрчсөн нь завшаад байдаг энэ одоо ямар нийгэм бэ.
Х.Нямбаатар дарга аа, сонгуулийн дараа хэрэгжиж эхлэх таны санаачилсан хууль чинь монополийг дэмжих байсан юм уу. Хүн хувийн машинаараа халтуур хийвэл таван сая төгрөгөөр торгуулна. Хэрэв торгуулахгүй гэвэл заавал UB cub-т бүртгэлтэй байх ёстой юу” гэв.
Эх сурвалж www.zms.mn