Б.БАЯР

 

Тавантолгойн нүүрсний орд гэж асар их баялаг бий. Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Өрөм гэж болохуйц хэсгийг нь хувийн компаниуд эзэмшиж, авч үлдсэн. “Энержи ресурс” ХХК, Тавантолгой ХК, “Админерал” ХХК-иудыг нэрлэж болно. Үлдсэнийг нь төр, ард түмний “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшдэг. Тэндээс ард түмэн ч, авлигачид ч санхүүжиж ирсэн. Тэгвэл тус компанийн засаглал, үйл ажиллагаа нь эрсдэлд орсон талаар сүүлийн үед яригдах болов. Үүнд чухам юу нөлөөлж байгааг ч ажиглагчид, шинжээчид, төрийн хяналт шалгалтын байгууллагынхан хэлж ярьж эхлээд байна.

 

НҮҮРСНИЙ ОРЛОГЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

 

 УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойших компанийн орлого, ашгаас Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Тухайлбал, тус компаниас Хүний хөгжил санд 2011 онд 217.6 тэрбум, 2012 онд 80.2 тэрбум, 2013 онд 120.6 тэрбум төгрөг нийт 418.4 тэрбум, “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд 2018 онд 18.6 тэрбум, 2019 онд 111.8 тэрбум, 2020 онд 138.7 тэрбум, 2021 онд 180.8 тэрбум, 2022 онд Засгийн газрын 2021 оны 316 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болох 12.5 тэрбум, нийт 462.4 тэрбум, Хятадад үзүүлэх буцалтгүй тусламж болох 30 мянган хонины зардалд 2020 онд 2.9 тэрбум, “Азийн хүүхдүүд” олон улсын спортын YII наадмын хүрээнд 2019 онд 5.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Мөн, Засгийн 2022 оны 220 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөгжлийн банк дахь 117.2 тэрбум төгрөгийг зээлийн төлбөрийг төлсөн байна. Бас Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Хятадын “Норинко интернэйшнл күүпэрэшн” компанитай 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “...Газрын тос дамжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний үнэ болох 388.1 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар төлж барагдуулахаар шийдвэрлээ, 2022 онд 59.7 тэрбум төгрөг, Засгийн газрын 2021 оны 206, 353 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд үндэслэн “...Богдхан төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын 1,404.9 сая ам.долларыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 130.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” БАЙГУУЛЖ 48.1 ТЭРБУМ ТӨГРӨГ “ЦАЦЖЭЭ”

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн MV-011943, MV-016883, MV-0168818, MV016882, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаартай найман лицензээс 2019 онд MV-011943 дугаар лицензийг “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шилжүүлсэн. Гэвч тус компани 2020 онд татан буугдсанаар буцаасан.

Дашрамд хэлэхэд, ингэж 2019 онд “...IPO гаргана” гээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж баахан хөрөнгө мөнгө зарсан нь бас л үргүй зардал, алдагдал болж хувирсан. Үүний хүрээнд 48.1 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан байдаг. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХКийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 296 дугаар тогтоолоор “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох, Цанхийн зүүн хэсгийн МV-011943 дугаартай ашиглалтын лицензийг охин компанид эзэмшүүлэхээр заасан. “ЭрдэнэсТавантолгой” ХК нь дээрх тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг байгуулж, 2019 онд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV011943 дугаартай лицензийг шилжүүлэхдээ АМТХ-ийн 49.3-т “...Ашиглалтын лиценз эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан лицензийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэж заасныг зөрчиж холбогдох татварыг төлөөгүй шилжүүлсэн. “Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үнэлгээний тайлан” боловсруулах зөвлөх үйлчилгээний ЭТТ-2019/779 дугаартай гэрээг “Экологийн бүтээмж” ХХК-тай 2,394.0 сая төгрөгийн дүнтэй байгуулж, 2,175.8 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн боловч гэрээ болон ажлын даалгаварт заасны дагуу гүйцэтгээгүй, чанар, стандартын шаардлагыг бүрэн хангаагүй, үргүй зардал болсон байдаг.

 

ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 2009 ОНД 87 000, 2022 ОНД 104 000 ТӨГРӨГ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг УИХ-ын 2010 оны 39, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан. ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолоор “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн дүрмийг баталсан.

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийг бие даасан компани болгосон. Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-аас шилжүүлж, УУХҮЯ 70 хувь, ТӨБЗГ 30 хувийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2021 оны  арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 367 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-д буцаан шилжүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.19 хувийг төр, 0.06 хувийг аж ахуйн нэгж, 14.75 хувийг иргэд эзэмшиж байна. Анх 2009 онд 1072 ширхэг хувьцаатай 2.5 сая иргэнд 87 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байсан. Иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор уулзалт, сургалт зохион байгуулан иргэдээс судалгаа авч, хувьцааны баримтыг цахимжуулсан. 2019 оны ашгаас иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг хуваарилахаар ТУЗ-өөс шийдвэрлэж, нэгж үнийг 90 төгрөгөөр тооцож ногдол ашиг тараасан. 2022 онд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон.

 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЭРХЭМ ГИШҮҮН, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ХОРЬСНООР ХААГДСАН УУ

 

 “Эрдэнэс Тавантолгой”-г “түшиглэсэн” авлига, албан тушаалын нөлөөгөөр хууль бусаар мөнгө олдог сүлжээ үүсчихсэн. Тэдний үйлдлийг нүүрсний хулгай гэх бөгөөд 2022-2023 он дамжиж иргэд, олон нийт, УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллага бүхэлдээ үүний эсрэг тэмцсэн. Нүүрсний хулгайг улсаараа ухаж төнхөж байсан 2022 оны аравдугаар сарын 5-нд Засгийн газрын өдрийн “...Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс томилон ажиллуулсан. Одоо төр “... “Эрдэнэс Тавантолгой” янзын сайн аижлладаг болсон” л гээд байдаг. Гэвч нүүрсний хулгайн хэргээс эцэслэж шийдэгдсэн хэрэг бараг байхгүй. УИХ-ын нэг гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрхэм хоёрыг барьж хориод, улмаар шүүх хорих ялаар шийтгэсэн. Яригдаж хэлэлцэгдээд, дуулиан шуугиан болсон бусад хэрэг нь дарагдчихсан. Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө үргүй зарагдсан тухай маш ноцтой мэдээлэл яригдлаа. Ерөнхий аудитор Д.Загджав “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш” ХХК-д өгсөн 1.1 их наяд төгрөгийн зарцуулалт гэмт хэргийн шинжтэй байсан. Прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдэв.

Эндээс, “...2022 оноос хойш Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилж сүржигнээд байсан “Эрдэнэс Тавантолгой”-д яагаад ийм гэмт хэрэг үйлдэгдсэн бэ” гэдэг ноцтой асуудал босож ирж байна. “Эрдэнэс Тавантолгой”-гоос “Тавантолгой түлш” ХХК-д ө хэдэн жил дараалж өгсөн мөнгө нь татаас уу, санхүүжилт үү гэдэг зүйл бас яригдав. Ер нь зөвхөн “Тавантолгой түлш” ХХК биш, бусад төсөл хөтөлбөрт зориулагдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гардаг хөрөнгө мөнгө ч мөн ийм замаар алга болж байхыг үгүйсгэхээргүй болж байгаа юм. Түүнчлэн саяхан ээлжит бус чуулганы үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлэв. Ингэхдээ байгуулсан цагаас нь мөнгөөр тэтгэж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдээс асуусангүй. Энэ бас л хуулийн том зөрчил болоод явчихаж байгаа юм.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ОРЛОГО ӨСӨЛТТЭЙ,  ЭЗДИЙНХ НЬ АМЬДРАЛЫН ЧАНАР УНАЛТТАЙ

 

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой”-д засаглал хэрэгжүүлж байгаа талаас “...Маш сайн ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгдөгч төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагууд өөр зүйл хэлдэг. Нэг л жишээ нь дээр хэлсэн “Тавантолгой түлш” ХХК-ийн 1.1 их наяд төгрөгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Нөгөөтэйгүүр, байгалийн баялгийг ашиглаж байгаагийн зорилго нь Үндсэн хуулийн 6.2-т “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, ядуурлаас ангижруулахад чиглэх ёстой. Гэтэл уул уурхайн салбараас олох орлого нэмэгдсээр байхад Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буураагүй, нийт хүн амын 27.8 хувь буюу 947 963 хүн ядуу амьдарч байна.

 

“...“ТЭРБУМ МОД” ТӨСӨЛД ТУСГАЙЛСАН ЭРСДЭЛИЙН АУДИТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ”

 

Гэсэн атал ажлын нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ батлагдаагүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй, маш сул хяналттайгаар “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг санхүүжүүлдэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 180 сая мод тарихаар төлөвлөжээ. Зөвхөн 2022 онд ТУЗ-өөр 32.7 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, гүйцэтгэлээр 28.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Ингэхдээ ОБЕГ-тай 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр 28,045.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ-2022/503 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гэтэл эгнэхүү гэрээний үүргийн хэрэгжилт бүрэн хангагдаагүй байх жишээтэй. Түүчнлэн Батлан хамгаалах яамтай 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 9,972.8 сая төгрөгийн дүнтэй ЭТТ2022/113 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулж 0.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Төрийн аудитын байгууллага “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд олон эх үүсвэрээс төрийн байгууллагууд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул тусгайлан эрсдэлийн аудит хийх шаардлагатай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм. Тэгэхээр үүний ард мөнгө төгрөгийн ноцтой асуудал анзаарагдаад байна гэсэн үг.

 

“...“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭРСДЭЛ ДАРГА НАР ДАРАМТААС ҮҮДЭЛТЭЙ” ГЭЖЭЭ

 

Ерөнхийдөө, төрийн эрх барьж буй томоохон дарга нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үууд удирдамж өгөх хэлбэрээр компанийн засаглалд оролцож байгаа нь төрийн оролцоог нэмэгдүүлж, “Компанийн засаглалын кодекс”-ийн зарчмуудыг алдагдуулсаар иржээ. Үүнийг дотоод гадаадын байгууллагууд хэлж зөвлөдөг ч манай дарга нар хэрэгжүүлдэггүй байна. Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд  зааснаар ТУЗ-ийн төрийг төлөөлж буй гишүүн нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллахаар заасны дагуу төрийн төлөөллийг хэрэгжүүлэгчээс удирдамж ирсний дараа компанийн Хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийг хуралдуулдаг бөгөөд хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр удирдамж авахыг шаарддаг байгаа юм. Тодруулбал, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн төлөөллийг хэрэгжүүлэгчээс ирэх удирдамжийг заавал биелүүлэхээр тусгасан. Удирдамжийн агуулга, хүргүүлэх ажиллагаанд хяналт тавих харилцаа зохицуулагдаагүй. Удирдамжийн дагуу их хэмжээний санхүүжилт, зээл, хөрөнгө оруулалт хийх, бодлогын шийдвэр гаргахыг үүрэг болгосноос гадна удирдамжийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох талаар мэдэгддэг. Ингэж дарамталж хүссэнээ хийлгэдэг. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр ирсэн удирдамжаар Хөгжлийн банкинд төлөх “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 117.2 тэрбум төгрөгийг төлөхийг таван удаагийн бичгээр шаардсан. Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 25 дугаар тогтоол, 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 01/690 дугаар албан бичгээр ирүүлсэн удирдамжаар Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл, үйлдвэрлэлийн тасралтгүй бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “Багануур” ХК-д 23.9 тэрбум, Шивээ-Овоо ХК-д 24.1 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгохыг шаардсан “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 01/743 дугаар албан бичгээр ирүүлсэн удирдамж, Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулсан ЭТТ-2021/407 дугаартай хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн ТУЗ-ийн 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор 2021-2024 онуудад “Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн жилийн хэрэглээний 30 хувь болох 21.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг үнэ төлбөргүй, үлдэгдэл 70 хувь болон 49.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг эрчим хүчний нүүрс хангалттай байхад өртөг үнээр Цагаан-Овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх нөхөн олговрын хэмнэлтээс олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, төрийн оролцоог хэтрүүлж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нөлөөлж, компанийн үнэ цэнэ, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, компанийн сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй удирдамжаар аливаа Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ-ийн шийдвэр гарч байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийн зарчим алдагдсан тогтолцоотой болчихсон.  Нөгөөтэйтэйгүүр “Эрдэнэс Монгол” ХК-ийн Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх байгууллагыг Засгийн газрын тогтоолоор олон удаа өөрчилж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д засаглал тогтворгүй байх, бодлогын залгамж алдагдах байдлыг үүсгэжээ.

 

“ЧАЛКО”-Д АЛДСАН БОЛОМЖ

 

“ЭрдэнэсТавантолгой” ХК 2018-2022 онд “Чалко трейдинг хонконг” ХХК-д Цанхийн зүүн уурхайгаас 14.4 сая тонн коксжих нүүрс борлуулахдаа бусад компанид коксжих нүүрс борлуулсан үнээс тонн тутамд 0.4-13.5 ам.доллароор доогуур үнээр борлуулахаар гэрээ байгуулснаар 107.3 сая ам.доллар буюу 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байна. Энэ нь Цагаан хад хүртэл тээвэрлэх нөхцөлтэй коксжих нүүрсний үнийг тонн тутамд тухайн үеийн Ганцмод боомтын түүхий коксжих нүүрсний үнэ болох 124.3 ам.доллароос хилийн хураамж, агуулахын зардалд 6.4 ам.доллар, БНХАУ-ын НӨАТ-т 17 хувь, импортын татварт гурван хувь, Ганцмод боомт болон Цагаанхад хоорондын тээврийн зардалд 4.0 ам.доллар, нийт татвар хураамжид 35.3 ам.долларыг хасаж 89.0 ам.доллароор тогтоохоор байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко трейдинг хонконг” ХХК-тай 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр байгуулсан А/11/040 дугаартай гэрээний 8.1-д 70.0 ам.доллар буюу 19.0 ам.доллароор бага тогтоосноос шалтгаалсан байгаа юм. “Чалко Трэйдинг Хонгконг” компанитай байгуулсан гэрээний дагуу анхны үнэ нь 70 ам.доллароор тогтсон боловч гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний үнэ, үнэ тогтоох аргачлал болон бусад сайжруулах нөхцөлүүдийг оруулжээ. Тухайлбал, 2014, 2016, 2018 онуудад нүүрсний үнэ тогтоох индекс тооцох аргачлалд өөрчлөлт оруулж, индексийн багцад хоёр индексийг өөр индексээр орлуулж, нэг индексийг шинээр нэмснээр “Чалко Трэйдинг Хонгконг” компанийн үнэ бусад спот гэрээний үнээс 24 хувиар бага байсныг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл тус гэрээний үнэ нь бусад гэрээний спот үнээс 17.0 хувиар бага байна.

Мөн 2022 оны гуравдугаар сард гэрээний үндсэн хугацаа дуусаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэлт гэрээ таван жилийн хугацаа хэрэгжиж эхэлсэн тул спот үнээс 17.0 хувиар бага тогтдог байсан хувийг бууруулж, нүүрсний суурь үнийг тонн тутамд 6.63 ам.доллароор нэмэгдүүлжээ. Ингэснээр тус гэрээний үнэ нь бусад богино хугацаат гэрээний үнээс 12.5 хувиар бага байхаар шинэчлэн тогтжээ. “Чалко Трэйдинг Хонгконг” компанийн борлуулалт нийт борлуулсан нүүрсний 22.1 хувийг эзэлж байгаа бөгөөд борлуулалтын өгөөжийг тооцож үзвэл нүүрс нийлүүлснээс хүртсэн санхүүгийн өгөөж тус компанид нийлүүлэх нүүрсний үнийн хөнгөлөлтөөс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөгтэй ойролцоо дүнтэй байгаа аж.

 

“БАРТЕР”-ЫН БАЛАГ ЯАЖ ТУСАХ ВЭ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019-2022 оны борлуулалтын 7.2-39.8 хувь нь төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулахад зарцуулагдаж байгаа нь тус компанийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэл үүсгээд байна. Тодруулбал, тус компани борлуулалтын орлогоос 2020 онд 31.0, 2021 онд 39.8, 2022 онд 22.2 хувийг нүүрсээр төлбөр барагдуулахад зарцуулсан байдаг. Энэ нь компани мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэлтэй тул төсөл хөтөлбөрийг эрэмбэлэх замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагыг үүсгэжээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь гэрээт олборлогчдын уулын ажлын гүйцэтгэлд бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 319.6 тэрбум төгрөг, гэрээний төлбөрт 2021-2022 онд 316.0 тэрбум төгрөгийн 789.9 мянган тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа нь үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа нь уялдаагүй байгаатай холботой гэж шинжээчид үзэж байна. Жишээ нь, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх гэрээ”-ээр гүйцэтгэгчид давуу байдал олгосон байж болзошгүй тул хууль хяналтын байгууллага шалгаад эхэлсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний хавсралт “В” болох “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний (ЭТТ-2019/784/BI-TTGS-CONT-0003 дугаартай) 3.2-т “...Худалдагч нь энэхүү гэрээний 3.139-д заасан санхүүжилтийг мөн гэрээгээр тохирсон нөхцөл шаардлагын дагуу Гүйцэтгэгч буюу Гүйцэтгэгчийн нэрлэсэн Худалдан авагчдад Гэрээт талбайгаас олборлосон нүүрс нийлүүлэх замаар нөхөн төлж барагдуулах бөгөөд Талууд нүүрс худалдах, худалдан авах гэрээг тусдаа байгуулна” гэж заасныг үндэслэн “Бодь интернэшнл” ХХК-д төлөх төлбөрийг түүний сонгосон нэрлэсэн худалдан авагчтай нүүрс борлуулах гуравласан гэрээ байгуулж, нүүрсээр төлж байгаа аж. Энэ нь гэрээг бусдад шилжүүлсэн гэх “Бодь интернэшнл” ХХК нэрлэсэн худалдан авагчийг шууд сонгон, нүүрс худалдах, худалдан авах гуравласан гэрээ байгуулах боломжийг олгожээ. Бүр тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний 3.3.1-д “...Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах 682,199,507 ам.доллар буюу энэхүү гэрээний хавсралт “Б”-д заасны дагуу тодотгосон мөнгөн хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлнэ. Хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг энэхүү гэрээний хавсралт “Б” болох нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө” гэж үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар давуу байдал тус тус олгосон байж болзошгүй аж.

Түүнчлэн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээнд нь Цанхийн болон Бортээгийн уурхайг ашиглах ТЭЗҮ-д тусгагдаагүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хамааралгүй байгааг хууль хяналтынхан тогтоожээ. Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ, Импортын түлшний арилжааны гэрээ,  “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах гэрээ зэрэг үүнд багтаж байна.

 

ИХ МӨНГӨ, ҮРГҮЙ ЗАРДАЛ...

 

Үүнээс гадна, “Эрдэнэс Тавантолгой” ХК урхайн үндсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах чиглэлээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээс харахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөөгүй, төсөл арга хэмжээний төсөвт өртөгт нийцсэн санхүүжилт төлөвлөөгүй, уурхайд нэгдмэл байдлаар ажиллах явуулах техникийн шийдлийг сонгоогүйтэй холбоотой алдаа зөрчил бас гарч иржээ. Беларусь улсын BELAZ, Герман улсын LIEBHERR, Хятад улсын XCMG (Xuzhou Construction Machinery Group co ltd) маркийн техник хэрэгслийг сонгосон нь хослон ажиллах боломжгүй, засвар үйлчилгээний төв нь тус тусдаа байхаар болчихоод байгаа аж. 2020 онд Уурхайн олборлолтыг өөрийн техникээр хийх зорилгоор Белаз75135 маркийн 12 ширхэг автосамосвалыг 56.2 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 2021 онд  Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах чиглэлээр худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, талбайн инженер геологийн дүгнэлт гаргуулах төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, техникийн зөвлөх үйлчилгээ, захиалагчийн хяналт үзүүлэх ажилд гэрээ байгуулаагүй он дамжсан, зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх 955.9 тэрбум төгрөгийн гэрээг “Норинко интернэйшнл” ХХК-тай байгуулсан. Ус хангамжийн чиглэлээр 121.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас зөвхөн 0.2 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн БОНҮ хийлгэх гэрээг “Хатандалай” ХХК-тай байгуулсан. Конвейерын системийн ТЭЗҮ боловсруулах 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлын тендер шалгаруулалтыг оны эцэст зарласан боловч тодорхойгүй шалтгаанаар 2022 онд төсвийг бууруулахаар төлөвлөсөн. Олборлолтын техник худалдан авах чиглэлээр 77.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зургаан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч 27.5 тэрбум төгрөгийн таван гэрээ байгуулсан бөгөөд худалдан авч буй техник хэрэгслийн марк, нэр төрөл, хүчин чадлаас харахад цогц байдлаар ажиллах техникийн шийдэл болж чадаагүй байна. 2022 онд Олборлолтын техник худалдан авах чиглэлээр 1,266.6 тэрбум төгрөгийн өртөгтэй найман багц ажлыг 88.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж, худалдан авах ажиллагааны үр дүнгээр 1,170.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 гэрээ байгуулжээ. Дээрх гэрээний хэрэгжилтэд Засгийн газрын Онц бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн А147 дугаар тушаалаар байгуулсан төслийн удирдлагын баг хяналт хийж, Уулын үндсэн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ЭТТ2022/57З, ЭТТ2022/534, ЭТТ-2022/574 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх XCMG XDE130 маркийн есөн автосамосвал, XCMG ХЕ200О маркийн нэг экскаватор, XCMG GR3505T PRO маркийн хоёр автогрейдрт дүгнэлт гаргасан байна. Түүгээр “...Автосамосвал 68-аас 103 мот/цаг хэтрэлттэй, шаардлага хангахгүй дугуйтай, ослын тормосгүй, галын автомат системгүй, даац, явалтын мэдээлэх системгүй”, “...Экскаватор 40 мот/цаг хэтрэлттэй, галын болон байршил тогтоогч системгүй, өндөр даралтын шлаг, гидро шахуурга хөлрөлт, гоожилт ихтэй”, “...Автогрейдер соёогүй, шаардлага хангахгүй дугуйтай, галын, тосолгооны болон байршил тогтоогч системгүй” зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс дээрх худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан техникүүдийг 2023 оны  нэгдүгээр сард багтаан нийлүүлээгүй, мөн гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагуудтайн нийцээгүй зөрчлүүд илэрсэн тул захиалагч гэрээнүүдээс татгалзаж байгаагаа нийлүүлэгчид 2023 оны 01/460 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ИЙМ ЭРСДЭЛҮҮД НҮҮРЛЭСЭН ҮҮ?

 

Түүнчлэн УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын стратеги зорилт Тавантолгойн бүлэг ордын “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд бүрэн хэрэгжээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого, үйл ажиллагаанаас олсон ашгаар нийгмийн болон өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа нь тус ордын ТЭЗҮ-д заасан нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүргэж, ордын үнэ цэнийг бууруулжэээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын геологи хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө 2018-2022 онд 1.8-18.2 дахин багассан нь орд газрын нөөцийн нарийвчилсан суурь мэдээлэл хангалтгүйгээс уурхайг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлдвэрлэлийг удирдах нөхцөл хангагдахгүй байх эрсдэлтэй болгожээ.

Компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийн шинэчилсэн тайланд Цанхийн баруун хэсгийн геологийн нөөцөөс үйлдвэрлэлийн нөөцийг 182.0 сая тонноор илүү тооцож тооцооллын алдаа гаргасан нь уг нөөцийн тайланд үндэслэн тодотгох техник, эдийн засгийн үндэслэл бодитой хийгдэхгүй байх үр дагаварт хүргэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн компанийн ирээдүйд олох орлого, төрд ногдох ногдол ашиг, үнэт цаас гаргах, орлогын өсөлтийг дайчлах замаар томоохон төслүүдэд 2019 онд ДНБ-ий 2.3 хувь, 2020 онд 2.8 хувь, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 1.9 хувьтай тус тус тэнцэх хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийг зөрчжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны “Ногдол ашиг хуваарилах тухай” 09 дүгээр тогтоолоор компанийн 2019 оны цэвэр ашгаас төрийн эзэмшлийн 9,779,874,440 ширхэг хувьцаанд ногдох ашгийг компанийн эзэмшиж байгаа үнэт цаасаар хуваарилахаар шийдвэрлэж, 880.2 тэрбум төгрөгийг одоо болтол Ирээдүйн өв санд төвлөрүүлээгүй байна.

Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардагдах усны эх үүсвэрийг шийдвэрлээгүйгээс цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүйд хүрчээ. Энэ нь өндөр чанартай коксжих нүүрсийг сорчлон олборлож, коксжих чанар сул эдийн засгийн үр ашиг багатай “0” давхаргын болон эрчим хүчний нүүрсийг уурхайн ул хүртэл олборлоогүйгээс дотоод овоолго үүсэхгүй болж, Цанхийн баруун болон зүүн уурхайгаас нийт 1,630.9 сая м.куб хөрсийг гадаад овоолго руу зөөж байгаатай холбоотой юм байна. Ингэснээр ирээдүйд их хэмжээний үр ашиггүй нэмэлт зардал гарах үр дагавар үүсгэж, ордын үнэ цэнэ буурч, насжилт богиносжээ.

Цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлээгүйн улмаас ТЭЗҮ-д тусгасан өндөр хүчин чадалтай, цөөн тооны техникээр бус гэрээт олборлогчийн олон тооны хүчин чадал багатай техникээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь олборлолт, тээвэрлэлтийг иж бүрэн хяналттайгаар удирдах боломжгүйд хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ашиглалтын найман лицензийн талбайн газар эзэмших эрхийг бүрэн аваагүйгээс ордын ашиглалтын талбайгаас иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр 4,937.8 га газрыг олгосон байна. Энэ нь уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулах, газрыг чөлөөлөхийн тулд их хэмжээний нөхөн төлбөр төлөх эрсдэлийг бий болгожээ.

Нүүрс тээвэрлэлтийг хэт олон автомашинаар гүйцэтгүүлж, мөн Чойр, Ханги-Мандал, Шивээговь зэрэг чиглэлд зориулалтын бус замаар тээвэрлэлт хийснээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, Говийн бүсийн эмзэг хөрс бүхий газар нутаг талхлагдаж, хөрсний элэгдэл их хэмжээгээр үүсгэжээ.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Хятадын Гаалийн ерөнхий газар хооронд мэдээлэл солилцох протоколын дагуу талууд гадаад худалдааны барааны статистикийн мэдээллийг цахим хэлбэрээр хагас, бүтэн жилээр харилцан солилцож зэрэгцүүлэлт хийж байгаа ч нүүрсний мэдээлэл зөрүүтэй илэрхийлэгдэж байгаа нь түүнд тавих хөндлөнгийн хяналтын тогтолцоо бүрдээгүй, статистик мэдээ, тайланг Засгийн газарт хүргүүлж хэлэлцдэггүй аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэл хангалтгүй, хууль, журмын дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулаагүй, хуримтлалын сан үүсгээгүй нь ирээдүйд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх зардал хүрэлцэхгүй байх эрсдэл үүсжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс 2010-2022 онд уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэхээр 12 удаагийн шийдвэр гаргаж, орон тоо 2011 онд 243 байсан бол 2022 онд 1026 болж нэмэгдсэн ч бодит байдалд ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагааг өргөтгөх зорилтууд хэрэгжээгүй байхад тухайн орон тоог хэвээр хадгалж байгаа нь үйл ажиллагааны зардлыг өсгөж, ашигт ажиллагааг бууруулжээ.

Компанийн дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагаа жигдрээгүй, үйл ажиллагааны эрсдэлийг бодитой тодорхойлоогүйгээс удирдлага, зохион байгуулалтын түвшинд залилангийн эрсдэл өндөр байна.

Нүүрс борлуулах гэрээний урьдчилгаа төлбөрт 2020-2022 онд нийт 5,179.4 тэрбум төгрөг авч, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,445.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрс ачуулах үлдэгдэлтэй байгаа нь дараагийн тайлант хугацааны валютын урсгалыг бууруулж, хил, гааль, тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадамжаас шалтгаалан өр төлбөр өсөхөд нөлөөлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020-2022 оны борлуулалтын 43.7 хувь нь төсөл, хөтөлбөрийн санхүү­жилтийг нүүрсээр барагдуулахад зарцуулагдаж байгаа нь тус компанийг мөнгөн хөрөнгийн дутагдалд оруулах эрсдэл үүссэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК уулын цулыг хөдөлгөх олборлолтын гэрээний үнийг Цанхийн баруун болон зүүн хэсэгт харилцан адилгүйгээр тогтоосноос Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогчийн зардлыг Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн зардалтай харьцуулахад 2018-2020 онд 582.8 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь цаашид компанийн зардлыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай болжээ.

“ Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих захиалагчийн хяналт хангалтгүй, зарим барилга байгууламжийн төсөвт өртгийг өндрөөр тооцсон, ажлын гүйцэтгэлийг бодитой хянаж баталгаажуулаагүйгээс ажлын тоо хэмжээг давхардуулсан, хийгээгүй ажилд санхүүжилт олгох зэргээр 5.9 тэрбум төгрөгийг илүү олгожээ.

“...“ Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр шууд тогтоож компанийн үнэлгээ бодитой биш” гэдгийг шинжээчид хэлж байна. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй байгаа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрөөд нас барсан 163,067, харьяатаас гарсан 13,529, нийт 176,596 иргэний эзэмшиж байсан хувьцааны өв залгамжлах, ногдол ашиг хүртэх эрхийг зөрчжээ.

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.11-т”...Бонд гаргаж, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасны дагуу үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн 42.0 хувийг гэрээт олборлогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулсан байна. Засгийн газар үүнд хяналтаа хэрэгжүүлээгүйгээс бас л алдагдал болж хувирчээ.

Энэ мэтээр “Эрдэнэс Тавантолгой” эрсдэлд орсон байх магадлал өндөртэй болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7420)