Д.ЦЭРЭННАДМИД

 

"Говь-Шанхын хурд" нэртэй бүсийн наадам болдгийг хэн хүнгүй мэдэх биз. Сая долоо дахь нь Даланзадгадад болов. Харин яагаад тийм нэртэй наадмыг хийх болсон юм бэ гэж тунгаан бодоогүй л болов уу. Энэ асуултад хариу өгөх үүднээс Шанхайн удамт адуун сүргийн тухай цэгц ойлголт өгөхийн тулд адуу судалаач эрдэмтэд болон нутгийн иргэдийн зарим төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Тэдний ярьснаар Шанхайн адуу зөвхөн хурдан төдий биш, уналга эдэлгээний ая даах нь сайн, говь нутгийн байгаль цаг агаарын өвөрмөц нөхцөлд зохицон амьдардаг, бусад нутаг усны адуунаас олон талаар ялгаатай гэдэг нь мэдрэгдэж байлаа. Мөн энэ адууг дагасан Монгол өв соёлын уламжлал энд байгаа юм билээ. Ярилцлагаа толилуулья.

 

О.Бадарч:

/Цогтцэций сумын иргэн/

 

-Домог түүхэнд мөнхөрсөн Шанхайн удмын адуугаа төрд данстай болгохоор бид 1998 оноос хойш ажиллаж ирлээ. Биднээс урьд эрдэмтэн Г.Цэгмэд гэдэг хүн судалгаа хийж Төв Халхын хурдын гурван том угшлын нэг нь их Шанхай адуу юм гэдгийг баталж өгсөн байдаг.

Миний хувьд энэ Шанхайн адууны тухай түмэнд мэдүүлэх олон ажил хийх хэрэгтэй юм гэж сумын Зааг дарга байх үедээ буюу 1998 онд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд санал хэлснээр дараа жил нь "Говь-Шанхын хурд" нэртэй говийн бүсийн наадмыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш улсад данстай томоохон наадам болсоор байна.

Тэгээд цааш нь энэ шилмэл адуугаа бүхэл бүтэн омог юм шүү гэдгийг баталгаажуулахын тулд адуу судлаач, доктор Д.Самданжамцад хандсан. Тэгээд бил багаа бүрдүүлээд 2018 оноос хойш судалгаа шинжилгээний ажлаа шуурхай хийсэн юм.

Өмнөговь аймгийн наадмын хамаг түрүү, айргийг энэ адуу авдаг байсан. Энэ нь Шанхай адуу хурдан гэдгийн баталгаа юм. Би хүүхэд байхаасаа наадмын морь унаж байлаа. Тэгээд ч моринд хайртай болж өссөн. Тиймээс Шанхайн адуу хэдий үед бий болсноос эхлээд багагүйг мэдэж олон сайхан домог яриа сонсож энэ адуутай холбоотой монгол өв соёлын биет бус өв байдгийг олж авсан даа. Тухайлбал Их Шанхай нутгийн гурван дуу гэж бий.

1970-аад онд Ж.Бадраа гуай  тэр гурван дууны талаар судалж энэ бол Монголын уламжлалт өв соёлын нэг хэмээн бичиж байлаа. Их Шанхай нутгийнхан энэ гурван дууг хэзээ дуулдаг юм бэ гэвэл наадмаар их насны морь гарахаас эхлээд соёолон, дааганд зориулж дуулдаг нь тун онцлог.

Манай нутгийн уяачид морио мордуулчихаад л шууд барианы газар очоод морь ирэн иртэл тэр дуугаа дуулаад суучихдаг уламжлалтай. Бусад нутгийнхан бол морио гаргачихаад наадмын бусад төрлийг үзэж наадаж цэнгэж яваад морь ирэх үед барианы газарт очдог шүү дээ.

Бас Шанхай нутгийн уянгалаг "зий" гэж байдаг. (гийнгоо гэж ярьдаг ч байдаг)

Уяачид морины үсэргээ, тар хийх мөн хурдан морьдоо хөтлөөд хот айлын ойролцоогоор гарах үед мөн "зий"-гээ татна.

Цааш нь Шанхайн уяачид баяр наадамд явахдаа маш сайн зохион байгууллаттай явдаг. Аймгийн наадамд очихоор хөдлөхдөө нутгийн шүтээн уул Цагаан овооны ард "Бага тов" гэсэн цугларалт хийгээд тэндээсээ яг цуваагаараа наадамд очдог.

Манай нутгийнхны наадамчдын цувааг харж гайхамшигт "зий"-г нь сонсох гэж аймаг орчмынхон бараг л хэлцсэн мэт жагсаалаараа гарч ирсэн харагддаг байсан юм.

Шанхай нутгийнхан эрдэнэт адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Манай нутгийн Д.Норовдорж гэж уртын дууч хүн байлаа. Алив наадмын түрүү морьдыг энэ хүн л голдуу цоллоно. Морь цоллоно гэдэг нэг ёсондоо тэр хүний өмч юм шиг л байсан даа гэдгийг би хурдан морь унаж байхдаа л мэдсэн. Басхүү Шанхай гэдэг нэрэнд их учир бий. Говийн бүсийн наадам" Говь Шанхын хурд" нэртэй байгаа. Үүнийг өөрчилж "Шанхайн хурд" гэж бүтэн нэрээр нь хэлдэг болгохын төлөө бид ажиллаж байна.

Бас нэг зүйлийг орхигдуулж боломгүй ээ. Сүүлийн үед уяачид газар газрын хурдан удмын адуу авчирч л байна. Уг генетикийн шинжлэх ухааны үүднээс адуунд цус сэлбэх зорилготой байх. Гэхдээ бидний олон үе шаттайгаар хийж байгаа шинжилгээгээр Шанхай омгийн адуунд цус холилдсон байдал ажиглагдаагүй байна. Энэ бол баярлууштай юм л даа. Энэ омог нь өөрөө эрт үеэс уламжлалтай эвдэрч, элэгдэшгүй эрдэнэт сүрэг юм гэдгийн илэрхийлэл байх л даа.

 

Д.Самданжамц:

/Монголын мал зүйчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, гавьяат мал зүйч, доктор, профессор/

 

Энэ Говь Шанхын адууг аль 1973 онд эрдэмтэн Аюушаар толгойлуулсан малын омог хэвшил тогтоох ажлын хэсгийнхэн говийн бүсэд ийм нэгэн өвөрмөц бие даатай онцлог цөм сүрэг байна гэж тогтоосон байдаг юм. Тэр дагуу судлагдахгүй явсаар өдий хүрчээ. Тэгээд Цогтцэцийнхэн бидэнд хандснаар бид эрдэмтдийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэж судалгааны шинэ арга зүйг боловсруулаад ажиллаж байна. Энэ адуу бие гальбир тийм том биш ч амьсгалын системийн хувьд онцлог. Өвчүү, цээж нь урагш түхийсэн эрүү хоорондын зай найман сантиметр. Үүнээс бага зайтай байхаар булчин нь ажиллаад агшихлаар хэлийг дээш өргөчихдөг. Тэгэхээр амьсгалахад нь саадтай байдаг талтай. Бас хамрын хөндийн хэмжээ том амьсгал нь уужуу.

Мөн цаашилбал бэрэвхий нь богино. Тиймдээ хөл авах буюу доголох нь бага. Ачаалал өгөхөд ч даац сайтай байгаа нь харагдсан. Нөгөөтэйгүүр говийн өвөрмөц нөхцөлд байдаг жирийн адуу далбагар өргөн туурайтай байдаг бол Шанхайн адуу гахай нь гүн, цомбогор туурайтай учир улдах нь бага. Мөн биеийн бүтэц хэсгүүдийн харьцаа тэнцүүхэн юм билээ.

Бид бас дотоод эрхтнүүдийг шинжилж үзсэн. Тэгэхэд зүрх нь том, мах мяраа сайтай. Бусад төрлийн адуу онд орохдоо биеийн жингийн 25 хувийг алдаж ордог байхад Шанхай адуу 18-20 хувийн жин алддаг. Ер нь тэр тарга хүчний илүүтэй байдал нь эдний нутагт саяхан болтол гүү барина гэж байдаггүй байсантай бас холбоотой болов уу. Унагандаа уяагдаагүй адуу бяд сайтай хэвээр өсдөг. Бас идэш тэжээлтэйгээ холбогддог онцлог бий. Говийн агь, шаваг, бударгана хүртэл иддэг. Уг нь энэ төрлийн ургамал тэмээний хоол гэж бодсон чинь үгүй юм. Өөр газар нутгийн адуу бол бударган огт идэхгүй шүү дээ. Шанхай адуу говийн байгаль цаг ууртаа үнэхээр зохицсон байдаг юм билээ. Хурдын хувьд бид бас судалж үзсэн. Улс бүсийн наадамд Шанхайн адуу бага насандаа илүү хурдан нь ажиглагдсан. Бид энэ адууны тухайд эрдэм шинжилгээний хурал хийж генетикийн хувьд бусдаас ялгаамжтай бие даасан хэсэг бүлэг цөм сүрэг адуу байна гэж тодорхойлон үзсэн. Урьдчилсан дүгнэлт бол ийм. Шанхайн хурд долоо дахь наадам хийгээд байна. Тэнд газар газрын хүлэг морьд очдог ч өчнөөн олон түрүү, айраг нь энэ омгын адуу байгаа нь анхаарал татаж байгаа. Хамгийн гол нэг шинж чанар гэвэл бас Говь-Шанхайн адуу эхийн талдаа удамшил илүүтэй юм. Зүсний хувьд 60-70 хувь бараандуу. Энэ нь бас төрөлх байгаль, цаг ууртайгаа холбоотой байдаг болов уу.

Нэг гол юм Говь-Шанхай омгийн адууны уналга, эдэлгээ даах болон амьдрах чадварын хувьд гойд мал. Мөн өвчин эмгэг олох нь ховор. Ер нь адууны төрлийн гол өвчлөл энэ омгийн адуунд сүүлийн 20-30 жил огт гараагүй юм билээ.

 

Д.Оргил:

/Малын гавьяат эмч, доктор, профессор/

 

-Эдгээр нөхдийн ярианд нэмж хэлэхэд 1921 онд Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж Шанхай нутгаас 170 морь, гүү авч байсан баримт бий. Энэ нь тухайн үед тун шалгарсан сүрэг гэдгийг мэдэж байсан хэрэг юм. Тэгэхээр Шанхайн адуу үнэхээр бие даасан омог мөн үү, биш үү гэдгийг тодруулахаар энэ адууны 140 гаруй цусыг Солонгост генетикийн хүрээлэнд явуулж шинжлүүлсэн юм. Зэрэгцүүлээд Галшар, Дархад адууны цус бас явуулсан. Уг шинжилгээгээр Шанхай адууны гени онцгой нь батлагдсан. Генийн хувьд Галшар адууных тун ойролцоо байсан даа. Аргагүй л бусдаас илүүтэй нь харагдсан гэсэн үг. Дэлхийн амьтны генетикийн нийгэмлэгийн тогтоосноор олон улсын стандарт гэж байдаг. Нэг төрлийн мал дээр гэхэд 14 праметрээр үзэж тэр стандартыг тогтоосон. Нөгөө талаар Говь-Шанхайн адуу ям, сахуу зэрэг өвчинд нэрвэгдэж байгаагүй. Нутаг нь байгаль экологийн онцгой нөхцөлтэй учир өвчин үүсгэгч бий болох боломжгүй нь ч нөлөөтэй. Адууны ханиад, томууны дайралтад ч өртөөгүй мал. Биеийн бүтэц онцлог нь тийм тэсвэртэй болгосон биз. Гарал үүслийн хувьд гэвэл Галшар, Говь-Шанхайн адуу хоёр бол ойролцоо үед бий болсон шиг байгаа юм. Генийнх нь байдлаар үзвэл Говь-Шанхайн адууных онцгой гэдгийг хүмүүс хэлчих шиг боллоо.

 

Ц.Доржсүрэн:

/Цогтцэций сумын ИТХ-ын дарга/

 

-Би Шанхайн хэцэд төрсөн хүн. Тэгээд Говь-Шанхайн адууны судалгаа шинжилгээний ажлын хэсэгт багтсан эрдэмтэд, нутгийн ахмад буурлуудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг юм. Манай сумын хувьд 2017 оны үед түмэн адуутай болсон үе бий. Сумын 12 жил удирдаж явсан О.Бадарч гуай Говь-Шанхайн адууг омог болгон батлуулах гэж их хөөцөлдөж яваа хүн.

Би ч бас сумын Засаг даргын орлогч байх үеэсээ уг ажилд хамжилцсан. Говь-Шанхайн адууны цөм сүрэг уртаашаа 80 км, өргөөшөө 45 км орчим нутагт өсч үржиж байгаа юм. Ахмадууд болон адуучдын ярианаас үзэхэд  Говь-Шанхайн адуу нь бусад нутгийн адуунаас өвөрмөц онцлоготой. Ган, зуд гэдэг байгалийн шалгуурт тэсвэртэй, уналга эдэлгээ даахдаа сайн мал. Нутаг бэлчээрийн хувьд ч зохицолт сайтай. Ургамлын хувьд энэ нутагт цөөн төрөлтэй гэдэг ч нарийн өвс, агь, боролзой, хазаар гээд адуунд тохирсон идэштэй юм. Үнэхээр адуунд зохицсон бэлчээртэй гэж ч болно. Манай нутгийнхан сүүлийн жилүүдэд гүүгээ нэлээд барьдаг боллоо. Зах зээл ч нөөлөөлсөн байх. Говь-Шанхайн гүүний сүү тун сайхан айраг болдог нь харагдсан. Манай нутагт Өгөөмөр хайрхан гэж бий. Нутгийнхан адууны хайрхан гэж шүтдэг юм. Энэ хайрхны бараа харж гарсан унага бүхэн босоо төрдөг, хурдан хүлэг болдог гэж ярьдаг.

Мөн энэ хайрхны ойролцоох Ширээ Шавагтайн ус гэдэг газар Гэсэр гэлэн гэж маш олон адуутай хүн байсан гэдэг. Тэр хүн адуугаа тоолж бардаггүй харин Ширээгийн Хонхор дүүрч байвал бүрэн байна гэж тооцдог юм байж гэсэн домог бий. Тэгвэл өнөө үед Говь-Шанхайн адууг унаж эдэлдэг бас уяж хурдлуулдаг хүн олон бий. Олны танилаас гэвэл УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, манлай уяач Х.Түмэн гэж бий.

Н.Амгалан, Н.Алдаржаргал гээд ах дүү хоёр уяач морьд нь хурдан байгаа. Аймгийн алдарт уяач хүн Цогтцэций суманд 50 гаруй болсон.

Манай сумынхан түмэн адууны баяраа их өргөн дэлгэр хийж байсан даа. Бидний зорилго бол Халхын гурван хурдны угшлын нэг гэгддэг Говь-Шанхайн адуугаа омог болгож төрдөө данстай болгохын төлөө байна. Энэ зорилгоо бүтэх байх гэж итгэж явна.

 

Н.Амгалан:

/Цогтцэций сумын уугуул иргэн уяач/

 

-Миний хувьд Говь-шанхайн адууны омог тогтоох гэж байна гэдгийг сонсоод их баярлаж өөрийн мэдэх чадахаар нэмэр болохсон гэж хичээсэн дээ. Би хар багаасаа морины дэл дээр дэрвэж өслөө. Хурдан морь ч унаж явлаа. Сүүлдээ уяач болж үзсэн дээ. Эрт дээр үеэс хурдтайгаараа түмний анхаарал татаж ирсэн Шанхайн адуутай холбоотой домог яриа их бий. Энэ тухай надад ном болчихоор цуглуулга байна л даа. Энд цөөнийг нь хэлье.

Дээр дурдагдана лээ. Гэсэр гэлэг гэж. Тэр хүний хул морины домог зөндөө. Гэсэр гэлэн нутагтаа нэг хэрэг хийчихээд хул морио унаад шөнөжин давхиж Их Хүрээ хүрч ирээд Айдсын давааг давж Алдар толгойн орчим өглөөтэй золгоод "Өндрийн өвс" гэдэг дуу зохиосон гэдэг. Мөн Халхын их уяач Ононмөрөнхаван гэгч 1800-гаад онд Шанхайн адуутайгаа хол, ойрын нутагт отор хийж явахдаа Галшар адууны эцэг гэгддэг өвгөн ноён Пүрэвжавтай уулзаж морь солилцон нөхөрлөж явсан гэж сонссон. За тэгвэл Шанхайн адуу дэлхийн сонорт хүрсэн баримт байдаг юм. 1910-аад онд Богдын Засгийн үед Нийслэл хүрээнд ажиллаж байсан гадаадын нэг пүүсийн нөхөд Шанхай адуунаас морь худалдаж авья гэж байж. Бас 1930-аад онд А.Амарын Загсийн газарт Германы Элчин сайдын яамныхан Шанхайн адуунаас морь сонгон авч Шанхайн морин тойруулгад уралдуулъя гэсэн санал хэлсэн юм билээ.

Энэ тухай дипломатч Ч.Батжаргал гуай номондоо бичсэн байсан даа. Шанхайн их уяач Занданбал гэдэг хүн хүнээс авлага авахаар явж байхдаа нэг азарга адуутай таарч. Тэгэхэд нэг гүү унагалж. Унага нь босоо төрөөд эхээ дагаад явчихыг харж. Дараа жил тэр адууны эзэн хиа Дагва гэдэг хүнээс тэр босоо төрсөн даагтай гүүг худалдаж авчээ. Түүндээ босоо зээрд нэг өгсөн байна. Тэгээд 1920-иод оны эхээр Дэлгэрхангай уулын хошууны наадамд азарга болсон үед нь уралдуулахад түрүүлж байжээ. Бас түүх хэлэхэд Цогтцэций сумны унаган иргэн сахал Лувсандорж гэдэг хүн нэг баян айлын адуу маллаж байхдаа эзэн нь

-За чи миний адууг олон жил сайхан маллаж өсгөж өглөө. Чи миний сүрэг дотроос дуртай морио сонгож ав гэж. Тэгэхэд Лувсандорж адууны сүүлд явдаг байсан даахьтай хээр даагыг авч. Тэгээд тэр даагаа тордож маллаж байгаад соёолон насанд нь "Таван овоот"-ын наадамд, дараа нь "Хан" уулын тахилга наадамд 517 морь уралдахад их хол түрүүлсэн юм гэдэг. Тэр морийг нь нэг баян нөхөр 300 хонь, 800 хомтой тэмээгээр худалдаж авч байсан юм гэнэ билээ. Энэ мэтээр Шанхай морины гайхамшгийг хэлээд баршгүй. Сүүлийн үеийн баримт юм даа. Цогтцэций сумын Б.Цэрэнбалжир гэдэг хүн өглөө сумаасаа гарч Өмнөговь аймгийн төвийн баруун талд хүрч айлын мал тоолчихоод тэр өдрийнхөө орой гэртээ ирж байж. Тооцож үзэхэд 360 км зам туулсан байсан юм билээ. Мөн Цогтцэций сумын дуучин Цэдэнзав гэдэг хүн тав хоногт Шанхайн хүлгээр 660 орчим км аялаж явсан шинэхэн түүх бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 145 (7389)