Ч.Гантулга
Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд одон, медаль гардуулсан билээ. Түүнээс соёл урлаг болоод спортын салбараас “төрсөн” гавьяатуудын заримаас нь онцлон мэдээллийг хүргэе.
1.С.Ганзориг /Монгол Улсын Ардын жүжигчин/
Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул дуучин С.Ганзориг Ардын жүжигчин боллоо. Тэрээр олон сайхан уран бүтээл хийсэн бөгөөд үүнээс “Ардын дуу шиг амраг”, “Бурхан буудай уул”, “Алтан намар” зэрэг дуунуудыг нь ард түмэн сайн мэддэг. Дуучин С.Ганзоригийн хувьд Монголын эрэгтэй дуучдаас хамгийн нарийн хоолойтой гэдгээрээ онцлогтой.Тэрээр 2001-2006 онд Соёл урлагийн их сургуулийг Найдалмаа багшийн удирдлага дор суралцан төгссөн. Залуудаа сумынхаа наадмаар аманд гарч, зургаа давж харцага цол хүртэж байжээ. Үүнээс гадна С.Ганзориг 1990 оноос хойш 2000 он хүртэл тендерт тээврийн жолооч хийсэн байна. Ингээд2000 оны эхээр “Нарантуул” зах дээр фургон машиндаа хөдөө явах хүмүүсийг суулгаж байхад нь “Алтай” чуулгын морин хуурч Иванов таарч “Соёл урлагийн их сургууль элсэлт авч байна. Чам шиг сайхан дуулдаг, өвөрмөц хоолойтой хүн тэнд очиж шалгуул” гэснээр шалгалт болохоос ганцхан хоногийн өмнө хотод ирж,шалгуултал 60 хүүхдээс хоёрдугаарт жагссанаар уран бүтээлч болох замнал нь эхэлжээ. С.Ганзориг оюутан байхдаа Үндэсний дуу бүжгийн чуулгад дуучнаар орж байсан түүхтэй. Энэ цагаас тасралтгүй уран бүтээлээ хийж яваа түүнийг олон түмэн “Ган хоолойт” хэмээнөргөмжилдөг билээ.
2.Э.Даваачимэг /Монгол Улсын Гавьяат тамирчин/
Залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, дэлхийн цомын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл, ”Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Тэрээр 2021 оны ДАШТ-ний хүрэл медалийн төлөө эхний тойрогт Туркийн Эльвира Камалоглутайбарилдаж, 11:0 оноогоор цэвэр ялсан. Дараагийн тойрогт тухайн жилийн Азийн аварга, Энэтхэгийн АншуМаликтай таарч, 1:5 ялагдсан. Харин Аншу Малик хагас шигшээд ялснаар манай бөх дагах барилдаан хийх болсон юм. Дагах барилдаанд Э.Даваачимэг Казахстаны Нилуфар Раимоваг 10:0 цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Украины Соломия Винниктэйбарилдан11:8 ялж, дэлхийн аваргын медалийг энгэртээ зүүж байв. Тэрээр эх орондоо ирээд “Хүрэл медалийн төлөө барилдах үед хүнд даралтад орсон. Монголын ард түмэн маань олон жил зүтгэсэн энэ хүн хүрэл авчхаасай гээд дэмжсэн байна лээ. Барилдааны үеэр даралтад ороход Сүхбаатар багш маань хоёр охиноо бодооч гэж хэлсэн. Энэ үгэнд нь сэртхийж хоёр охиноо бодоод л барилдсан учраас ДАШТ-ээс хүрэл медаль авч чадлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
3. С.Баттулга /Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Улсын Филармонийн захирал С.Баттулга Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Түүнийг бид "Зүрхний уяа", "Миний эх орон", "Хамаг бүхэн сайхан болно" зэрэг дуугаар нь мэдэх билээ. Архангай аймгийн Их тамир сумын уугуул тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид элсжээ. Ингээд 1998 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, FМ радио 104.5-д хөтлөгч, Улсын филармонид гоцлол дуучнаар ажилласан байдаг. Оюутан байхдаа гавьяат жүжигчин, багш Д.Бандийн нэрэмжит Орос романс дуулаачдын уралдаанд орж түрүүлсэн удаатай. Тэрээр хүүхэд насныхаа тухай “Зууны мэдээ” сонинд 2013 онд өгсөн ярилцлагадаа “Би хотод төрсөн. Гэхдээ бага нас минь Архангай аймгийн Их тамир суманд өнгөрсөн. Тайхар чулууны хэлтэрхий Тамирын голын тасархай гэж манай нутгийнхан ярьдаг. Би өөрийгөө арын сайхан хангайн нэг эд эс гэж боддог юм. Аав минь насаараа найруулагч хийсэн урлагийн хүн байлаа. Ээж минь ч ялгаагүй бүжигчин, жүжигчин. Урлагийн ажил хүнд хөдөлмөр. Аав, ээж хоёр гэрийн бараа хардаггүй, үргэлж бэлтгэл, сургуулилттай байдаг байсан. Бид эхээс долуулаа. Хааяа даарч, өлсдөг байсан үе бий. Гэхдээ тарчиг, ядуу амьдралыг туулаагүй. Аав ээж хоёр тоглолтоор явахаар эгч нар маань биднийг хариуцаад үлддэг байлаа” хэмээн ярилцлага өгч байв.
4. М.Дариймаа /Монгол Улсын гавьяат жүжигчин/
УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо. Тэрээр тус театрт 2007 оноос хойш гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. Энэ хугацаандаа дэлхийн болон дотоодын олон дуурьд гол болон туслах дүр бүтээжээ. Харин сүүлийн жилүүдэд “Кармен” дуурьт гоцлох болсон. М.Дариймаа халуун цуст цыган бүсгүйн дүрийг бүтээснээр Монголын найм дахь Кармен хэмээн өргөмжлөгдөх болжээ. Тэрээр дүрийнхээ тухай “Гол дүрийн дуучин бараг гурван цагийн турш тайзан дээр байдаг. Зөвхөн дуулахгүй жүжиглэнэ, бүжиглэнэ, зарим үед ноцолдож, зодолдоно. Хажуугаар нь хайрлаж, дурлана, санаагаар унана. Үйл явдал өрнүүн байхын хэрээр сэтгэлийн хөдөлгөөн их шаарддаг дүр. Тухайн дүрийг бүтээж буй дуучны төрөлхийн зан чанар ямар вэ гэдэг чухал. Би айлын бага охин, эрх, багаасаа л галзуу охидын тоонд ордог байлаа. Тиймээс өөрийгөө нэг их эвдэхгүй, найруулагчийн зааснаар тоглож ирсэн” гэж байв. Түүний бүтээсэн дүрүүдээс дурдвал “Үүлэн заяа” дуурийн Цурхай, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Амбагай хааны хатан, Сохтай болон Өүлэн эх, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа гээд урт жагсаалт бий. Харин дэлхийн сонгодгуудаас П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга ба түүний ээж Ларина , Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерис, Ж.Россинийн“Севилийн үсчин”-ий Розина гээд олон дүртэй.