Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноороо Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболдыг урилаа. Тэрээр дүрслэх урлагийн олимп гэгддэг 60 дахь удаагийн Венецийн биеннальд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” гэсэн уран баримлын өрөг урлагийн төрлөөр оролцож байна. Үүнээс гадна хүмүүсийн хамгийн сайн мэддэг “Ухамсар” баримлыг урласан байдаг.

 

-Саяхан олон улсын НордАрт үзэсгэлэн болсон. Таны хувьд оролцов уу. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлогийг юу гэж харсан бэ?

-Энэ жилийн НордАртын хувьд Герман, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулснаараа онцлог байлаа. Миний хувьд энэ жил нээлтэд нь очиж чадаагүй ч уран бүтээлээрээ бол оролцсон. Нээлтийнх нь ёслол монгол гэр бариад их гоё, сонирхолтой болсон гэж дуулсан. 

-НордАрт бол олон авьяаслаг уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулж, олон улсад гарах гүүр, гарц нь болсоор ирсэн. Харин жилээс жилд сэдэв агуулгын хувьд хэрхэн хувьсан, өөрчлөгдсөн бэ?

-НордАрт бол жилээс жилд чанар, чансаа нь өсөж буй олон улсын үзэсгэлэн. Мөн олон орны уран бүтээлчид оролцож, дэлхийн дүрслэх урлагийн тухай ярилцаж, санал болдлоо солилцдог. Үүнээс гадна энэ үзэсгэлэнд оролцож, олон улсын замналаа нээсэн уран бүтээлчид ч цөөнгүй бий. Тиймээс их өгөөжтэй.  Энэ жилийн хувьд ч энэ уламжлалын дагуу өргөн цар хүрээг хамарч чадсан.

-НордАртаас олон улсын замналаа эхлүүлсэн хүний нэг нь та. Энэ үзэсгэлэн өнөөдрийн А.Очирболдыг “бүтээсэн” гэж  боддог уу?

-Би анх энэхүү үзэсгэлэнд оролцож байсан үеэ мартдаггүй. Учир нь тухайн үед олон улсын наадмын тухай ямар ч ойлголтгүй хүн байлаа. Тиймээс их гайхаж, сүрдэж, дүрслэх урлагийн сайхныг мэдэрч, бахархаж байсан. Мэдээж миний уран бүтээлд, хувь хүний үзэл бодолд энэ үзэсгэлэн их нөлөөлсөн.

-Та хэдийгээр туршлагагүй байсан ч “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ  тухайн жилийнхээ үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн шүү дээ?

-Хэдийгээр би туршлагагүй байсан ч тухайн жилийн миний бүтээлийн сэдэв, агуулгын хувьд их өргөн цар хүрээтэй, том байсан. Тиймээс ч үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байлаа. Би тэр үед яг үнэндээ өөрөөрөө үнэхээр их бахархаж байсан. Учир нь ямар ч туршлага, төсөөлөл байхгүй очсон монгол уран бүтээлч ирээд шагнал авсан нь Монгол Улсыг, монгол уран бүтээлчдийн ур чадвар, цар хүрээг анх олон улсад харуулсан болов уу гэж боддог.

-Ингээд 2019 онд та НордАртын тэргүүн шагналыг хүртсэн. Тухайн үед “Дэгрээ”-г бүтээчихээд баярлах, омогших, бахархах мэдрэмж төрж байв уу?

-Мэдээж баярлаж, догдолж байсан. Дэгрээ бол манай нүүдэлчдэд нэн эртнээс орж ирсэн бэлгэдлийн учиртай тэмдэглэгээ. Үүнийг Түрэгийн үеийн хөшөөнүүд, хүн чулуу болоод морины амгаа, зуузай зэрэг олон зүйлээс харж болно. Энэхүү тэмдэг эсрэг, тэсрэг хөдөлгөөнийг илэрхийлдэг бөгөөд дэгрээнээс үүсэж, өнөөдөр хүн болгоны таньдаг болсон олон зүйл бий. Жишээлбэл, түмэн наст хээ, арга билэг гэх мэт. Мөн энэ тэмдэглэгээ нь зогсолтгүй эргэх хөдөлгөөнийг илэрхийлдэг. Хүний амьдралын жам өөрөө зогсолтгүй эргэх хөдөлгөөн дээр суурилдаг. Сансар огторгуйн нэгэн хэсэг болсон дэлхий нэг ч зогсож үзээгүй ба түүний хөдөлгөөнөөс дэгрээ хэлбэр үүснэ. Дээр нь хүний амьдрал үхэх, төрөхийн мөнхийн эргэлт дээр үргэлжилнэ.

-Энэхүү бүтээлээс гадна таны нэрийн хуудасны нэг болсон “Ухамсар” бүтээл ч бас энэхүү үзэсгэлэнгээс эхтэй?

-“Ухамсар” бүтээлийн хувьд би анх 2012 онд хийсэн. Ингээд 2013 онд эх орондоо үзэсгэлэнд тавьсан. Дараа нь 2015 оны НордАртад орсон. Түүнээс хойш хоёр жилийн дараа Нью-Йорк хотод байрласан.

-Сонин юм шүү. Дэлхийн хамгийн хөгжилтэй оронд сүндэрлэж, хүн төрөлхтний анхаарлын төвд буй баримал Монголын говьд ч олноороо бий гэж бодохоор?

-Монголын говьд 30 гаруйг байрлуулж байлаа. Өөр газруудад ч бий. Ер нь хүний чин сэтгэлээ шингээж хийсэн бүтээл гэдэг гайхалтай. Ямар ч үед үнэ цэнээ алддаггүй, мөнх орших юм. Яг л тэр газраа, тухайн цаг үедээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.  

-Та нэгэн ярилцлагадаа “Ухамсар” бүтээлийг материаллаг ертөнцөөс олж авах зүйлсээс илүү, дотоод ертөнцөө сонсож, өөрийгөө ойлгож, илүү их зүйлсийг олж аваасай, оюунлаг байгаасай гэж бүтээсэн гэж байсан. Яагаад? 

-“Ухамсар” гэдгийг би өөртэйгөө ярих гэж тодорхойлсон. Хүний хамгийн том дайсан бол өөрөө. Ажил амьдралын аль ч үед ямарваа нэгэн асуудал тулгарахад хүн өөрөө л бодож сэтгэж, гарц гаргалгааг нь хайж ард нь гарна шүү дээ. Тиймээс хүн эхлээд өөрийгөө судалж, өөртэйгөө ярилцах нь чухал гэдэг өнцгөөс энэ тайлбарыг өгч байсан байх. Гэхдээ би одоо ч энэ үзэл баримтлалдаа үнэнч хэвээр байгаа.

-“Ухамсар”-ыг бүтээхээсээ өмнө таны үзэл бодол ямар байсан юм бэ. Энэхүү бүтээл таны хувь хүн талд хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?

-Мэдээж уран бүтээлч хүн бүр бүтээлээ хийж эхлэхээсээ өмнө сайтар тунгаан бодож эргэцүүлдэг. Харин миний хувьд хамгийн түрүүнд өөрийнхөө дотоод хүн рүү өнгийдөг. Би юун дээр онож, алдаж байна вэ гэдэгтээ дүгнэлт хийж байж бүтээлээ эхлүүлдэг гэсэн үг. Өөрийн буруу үйлдлүүдийг нэлээд шүүж бодно. Нийгэмтэй хэрхэн харилцаж буй нь хүртэл уран бүтээл төрөхөд чухал нөлөөтэй байх нь бий. Энэ бүхэн нь эргээд хувь уран бүтээлчид их өгөөжтэй санагддаг юм.

-Энэхүү бүтээл Нью-Йорк хотод сүндэрлэсэн. Магадгүй одоо ч гэсэн та тус хотод очихдоо өөрийнхөө баримлыг харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-“Ухамсар” барималдаа хүн төрөлхтний бүх сэдвийг шингээхийг зорьсон. Бид мэдсээр байж буруу үйлдэл хийдэг. Энэ нь эргээд хүн төрөлхтөндөө сөргөөр нөлөөлж байна гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн. Тиймээс хүн ухамсраа л өндөр байлгах ёстой. НҮБ-ын хувьд өндөр шалгууртай байдаг юм билээ. Улс орон бүр өөрсдийн бүтээлээ НҮБ-д бэлэглэх уралдаан шахуу юм болдог юм байна. Тэр жил НҮБ-д бүртгэлтэй бүх л улс бүтээлээ ирүүлсэн байсан. Харин энэ дундаас Монголын уран баримал үзэл санаа болон хийцийн хувьд нийцэж шалгаруулалтад тэнцсэн юм билээ. Нью-Йоркт, тэр дундаа НҮБ-ын төв байрны урд талбайд бүтээлээ тавина гэдэг миний хувьд хамгийн том мөрөөдөл, гайхалтай том хүндэтгэл байсан.

-Иргэн, тэр дундаа уран бүтээлч  хүний хувьд асуухад монголчууд ер нь хэр ухамсартай ард түмэн юм бэ?

-Монголчуудын хувьд нүүдэлчин соёлоос суурин иргэншил рүү шилжиж байгаа улс. Тэгэхээр алдаа дутагдал гаралгүй яах вэ. Гэхдээ үүнийг цаг хугацаа л мөн чанарыг нь харуулна гэж хариулахаар байна.

-60 дахь удаагийн Венецийн биеннальд та эх орноо төлөөлөн оролцож байна. Энэ удаагийн биенналийн сэдэв, агуулга нь тантай, таны уран бүтээлүүдтэй хэр ойрхон байв?

-Венецийн биенналийн концепт нь миний бүтээлүүдтэй нэлээд ойролцоо юм шиг санагдаж байсан. Миний хувьд биеннальд оролцохоосоо өмнө “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” бүтээлээ бодчихсон байлаа. Ингээд өөрийнхөө төлөвлөснөөр хийсэн. Энэ удаагийн наадмын үндсэн сэдэв нь “Харийнхан хаа сайгүй” гэсэн санаанд зангилагдсан. Хүн өнөөдөр гэр дотроо, эх орондоо харийнхан болж, өөрөө өөртэйгөө дайсан болох үе ч бий. Бүтээлийн сэдэв, утга санааг тодорхойлбол, Буддын шашны догшин сахиус Дүртоддагва шүтээний дүрслэлээс санаа авч, бүтээлээ нэг ёсондоо дорнын хэлээр буюу орчин цагийн урлагийн хэлэмжээр  илэрхийлсэн. Венецийн биенналь маань дөрөвдүгээр сарын 20-нд албан ёсны нээлтээ хийгээд арваннэгдүгээр сарын 24 хүртэл нийтдээ долоон сар үргэлжилнэ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 16-19-ний хооронд зөвхөн олон улсын дүрслэх урлагийн 30 мянган мэргэжилтэн болоод 2600 хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан урьдчилсан нээлтийн ажиллагаа болсон.

-Наадмын нээлтийн үеэр Монголын павильоныг олон урлаг шүүмжлэгчид болон сэтгүүлчид онцолж байсан гэж дуулсан. Дэлхийн дүрслэх урлагийн олимпод эх орноо төлөөлөх нь танд ямар санагдаж байна?

-Венецийн биенналь гэдэг дүрслэх урлагийн салбарын хувьд хамгийн том наадам. Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаадаа туйлын баяртай байна. Хүссэн хүн бүхэнд олддоггүй боломж. Тиймээс миний хувьд нэр төрийн хэрэг  гэж харж байгаа. Дүрслэх урлагийн олимп хэмээх энэхүү Биенналь 130 жилийн түүхтэй. Анх дэлхийд орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж эхэлсэн. Биенналь  үндсэн үзэсгэлэнгээсээ гадна нэмэлт хоёр хэсгээс бүрддэг. Энэ жил түүхэндээ анх удаа Венецийн Биенналийн ерөнхий куратороор Европын бус Бразилийн куратор Адриано Педроса уригдан ажилласан нь тус наадмын бас нэгэн онцлог байлаа. Ийнхүү Европын бус куратор сонгогдсон нь томоохон, эмзэг сэдвийг хөндөж гаргахад түлхэц болсон.

-Таны энэхүү бүтээлээс дорнын соёл хэрхэн хөгжиж буйг харж болно гэж ойлгож болох уу?

-Би энэхүү бүтээлдээ дорнын соёлыг шингээсэн. Өрнийн соёлыг шингээсэн гэвэл өрөөсгөл болно. Дорнын соёлыг орчин үеийн хэлбэрт оруулж, өөрийн өнгө аясаараа илэрхийлэхийг хүссэн.

-Та энэхүү бүтээлээрээ хүмүүс ямар мессеж өгөхийг хүссэн бэ. Таны нүдээр бидний ирээдүй ямар харагдаж байна?

-“Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” бүтээлийн хувьд энэ жилийн үндсэн сэдэвтэй илүүтэй тохирч байгаа. Бид ирээдүйд хүрэхийн тулд өнгөрсөн түүх, өвөг дээдсийн сургамж, сургаалийг эргэн санах, хэрэгжүүлэх цаг болжээ. Магадгүй тэгж чадвал алдаагүй замаар урагшлах болов уу. Миний бүтээл энэхүү утгыг давхар илэрхийлсэн.

-Монголын павильон руу ороход өөд өөдөөсөө харсан эрэгтэй, эмэгтэй хоёр араг яс хоорондоо бүжиглэж буй мэтээр дүрслэгдсэн байгаа. Буддын шашны догшин сахиус Дүртоддагва шүтээн ямар бэлгэдэлтэй юм бэ?

-Дүртоддагва сахиус нь хүмүүн төрөлхтнийг,  байгалийг тогтвортой байлгах, аливаа дээрэм тонуулаас хамгаалах увдистай. Харин дүрслэлийн хувьд буддын шашин талаасаа энэхүү хоёр араг яс хүн байхдаа алдаа хийсэн. Харин хожим нь үүнийгээ ухамсарлаад бурхан болж буй хэлэмжтэй. Энэ бол хүн төрөлхтний маш том сэдэв шүү дээ. Тиймээс уран бүтээлчийн хувьд сонирхож, судалж эхэлсэн.

-Таны хувьд хэр шүтлэгтэй хүн бэ. Хүний шүтлэг гэдэг шинэ уран бүтээл, баримал бүтээхэд хэр хүчтэй нөлөөлдөг бол?

-Монгол хүн ураас тодорхой хэмжээний шүтлэг бий. Гэхдээ бүр айхтар их биш. Харин өөртэйгөө их ярилцаж, аль болох өөрийгөө сонсохыг хичээдэг. Мөн аливаа зүйлийн мөн чанарыг нь ойлгохыг чухалчилдаг шүү.

-Энэ удаагийн Венецийн биенналиас харахад дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлага аль зүгт, ямар замаар хөгжиж байна гэж та боддог вэ?

-Венецийн биенналь нь өөрөө хүн төрөлхтөнд тулгамдаж буй сэдвийг онцолдог. Энэ нь уран бүтээлчдэд илүү шинэлэг, гайхалтай бүтээл хийхийг шаардаж,хөтөлдөг болов уу. Тэгэхээр энэ наадам хамгийн шинэлэг зүйлийг нь онцолж, дэлхий нийтэд харуулдаг болов уу. Венецийн Биеннальд оролцсоноороо бид Монгол Улсын дүрслэх урлагийн салбар хаана явж байна вэ, уран бүтээлчийн чадвар ямар байгааг олон улсад харуулж байгаа юм. Мөн олон улс, хамтын ажиллагааны чанартай суурийг тавьж байна гэж харж болно. Уран бүтээлчийн хувьд энэ Биеннальд оролцсоноор олон улсад өөрийн байр сууриа баталгаажуулах боломж нээгддэг гэж хэлж болно.

-Таны хувьд энэ удаагийн наадамд оролцсоноор олон улсад ажиллах үүд хаалгаа нээсэн, хэд хэдэн музейгээс хамтран ажиллах санал ирсэн гэж сонссон. Энэ тухай та тодруулаач?

-Энэ тухай одоохондоо ярих арай эрт байна. Цаг нь болохоор мэдээлэл хүрэх байх.

-Монгол уран бүтээлчдийн бусдаас ялгарах гол онцлогийг та юу гэж тодорхойлох вэ. Бидний давуу болон сул тал нь юу байна?

-Үүнийг би дүгнэдэг хүн биш. Мэргэжлийн кураторуудын ярих өнцөг. Харин миний хувьд бол зөвхөн эх орноо төлөөлөн оролцож байгаа уран бүтээлч шүү дээ. Тэгэхээр дүгнэдэг салбарынхнаас асуувал танд оновчтой хариултыг өгөх болов уу.

-Энэ удаагийн биеннальд Монголын багийн куратороор Соёлын элч О.Оюунтуяа ажилласан. Та хоёрын хувьд үзэл санаа хэр нийлдэг вэ?

-О. Оюунтуяа бид хоёрын хувьд 2014 оноос эхэлж, дүрслэх урлагийн салбарт хамтарч байна. Энэ цагаас эхлэн НордАртаас эхлээд Венецийн биенналь хүртэл дэлхийн хэмжээний үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсон байна. Мэдээж урлагийг харах өнцөг, үзэл бодол нийлдэггүй байсан бол энэ хүртэл явахгүй байсан байх. Түүнийг би мэдлэгтэй, мэдрэмжтэй их сайн куратор гэж үнэлдэг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)