Т.ӨЭЛҮН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start up” буландаа Дархан-Уул аймгийн “Дулаан” брэндийн үүсгэн байгуулагч Б.Мягмарсүрэнг урилаа.

 

-Танай “Дулаан” брэнд есөн сарын өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оймсны бизнесээ эрхлүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Манай гэр бүл Дархан-Уулд нүүж ирээд ханьтайгаа ярилцаад оймс үйлдвэрлэж зах зээлд зарахаар болсон. Ингэж л оймсны үйлдвэрийнхээ үйл ажиллаагааг эхлүүлсэн.  Мэдээж үйлдвэрлэлээ эхлүүлэхийн тулд мөнгө чухал. Хотод байсан хоёр өрөө байраа зараад шаардлагатай тоног төхөөрөмж, материалаа авсан. Нөхөр бид хоёр “Янмал” оймсны үйлдвэрт 15 жил ажилласан.  Тиймээс ажлын туршлага, сурч мэдсэн зүйлээ үргэлжлүүлэхээр бизнесээ эхлүүлсэн юм. Нөхөр маань оймс нэхэх машинаа ажиллуулдаг. Харин би борлуулалтаа хариуцаж байна.

-Гэр бүлийн хоёр нэг зорилгын төлөө хамт тэмүүлээд явахад хөдөлмөрлөхөд илүү давуу талтай байдаг болов уу?

-Нөхрийг маань Х.Баярсайхан гэдэг. Хэрэв би өөр салбарт ажилладаг байсан бол нөхрийнхөө брэнд гаргах саналыг дэмжихгүй байсан болов уу. Хамт олон жил ажилласан. Тэгээд ч хийж байсан ажил болохоор дэмжээд л гарч ирсэн дээ. Бид хоёрын санаа их нийлнэ. Хийх зүйлээ ярилцаж төлөвлөдөг. Тиймдээ ч ажил урагштай байдаг.

-Үйл ажиллагаа нь хэр жигдэрч байна. Өдөрт дунджаар хэдэн оймс үйлдвэрлэдэг вэ?

-Манайх одоогоор өдөрт 120-150 оймс үйлдвэрлэж байна. Өдөр бүр үйлдвэрлэх оймсны тоо харилцан адилгүй. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Эрэгтэй, эмэгтэй, зузаан, нимгэн төрлөөр нь үйлдвэрлэж байна. Урин дулааны улирал ирсэн учраас пүүзний нимгэн оймс эрэлт ихтэй байгаа.  Одоохондоо хүүхдийн оймс үйлдвэрлээгүй.  Сонирхуулахад “Дулаан” хэмээх нэрийг манай нөхөр өгсөн. Ер нь юм бүхний үндэс дулаанаас үүсэлтэй. Дулаан явбал мянган лан гэдэг. Их сайхан энергитэй үг шүү дээ.

-Оймсны мате­риалаа хэрхэн сон­годог вэ. Үйлд­вэрлэлийн даавуу, утас ямар байх ёстой вэ?  

-Бид сайн чанарын солонгос даавуун утас ашигладаг. Нэхмэлийн утсаа хотоос авч байна. Даавуун оймс нь чийг татахгүй. Хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн загвар гаргахыг хичээдэг. Мөн чанартай оймс үйлдвэрлэж л хэрэглэгчээ татна. Оймсны үнээ зах зээлээс хямд байлгахыг зорьдог.

-Борлуулалтдаа хэрхэн анхаардаг вэ. Зах, худалдааны төвүүдэд худалдаалж байна уу?

-Өдөр бүр түгээлт хийдэггүй. Долоо хоногт гурван удаа дэлгүүр, худалдааны төвүүдэд түгээлт хүргэдэг. Одоогоор ажилтангүй, нөхөр бид хоёр бүх зүйлээ зохицуулж байна. Оймсны гэрээт борлуулагч, том дэлгүүрүүдэд нийлүүлэх бодол бий. Тиймээс нэлээн хэдэн дэлгүүр рүү гэрээт борлуулагчаар хамтарч ажиллах хүсэлтээ хүргүүлсэн.

Ашгийн тал дээр нарийн тооцоо, төлөвлөгөө гаргаагүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явахад болно гэж бодоод л урдах ажилдаа шамдаж байна. Хөдөлмөрийн үр дүн гарна гэдэгт итгэдэг учраас бүх зүйлээ бизнестээ зориулж явна. Үйл ажиллагааг минь дэмжээд таньдаг хүмүүс захиалга өгдөг.

-Өнөө үед бизнес эрхлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлд ямар асуудал тулгамдаж байна?

-Санхүүгийн асуудал чухал нөлөөтэй. Төсөл хөтөлбөрүүд сонирхож шалгуурыг нь судалж үзсэн. Одоогоор төсөл олоогүй. Уг нь төсөлд хамрагдвал үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Гэртээ үйлдвэрлэлээ эрхэлдэг учраас үйлдвэрийн байртай болохоор төлөвлөсөн. Үйл ажиллагаа эрхлэхээр хүндрэлтэй зүйл олон гардаг юм байна. Өмнө нь үйлдвэрт ажиллаж байхдаа энэ асуудлуудыг мэдрээгүй явжээ. Бүх зүйлийг болгохын төлөө хичээж явна. Үйлдвэрлэл эрхлэх амаргүй ч эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзнэ.

-Та хийж байгаа ажлаасаа ямар үед хамгийн их урам зориг, бахархах мэдрэмж авдаг вэ?

-Хэрэглэгчид их урам өгдөг. Мөн үйл ажиллагаагаа сайжруулахад тустай шүүмж хэлнэ. Үүнийг сонсож дараагийн үйлдвэрлэлдээ анхаардаг. Олон жил оймсны үйлдвэрт ажилласан болохоор ажилдаа дуртай. Хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг, аз жаргалтайгаар хөдөлмөрлөдөг болохыг ойлгож байна.

-Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл үйлдвэрлэлүүд өргөжиж, үйл ажиллагаа нь урагшилна. Хүмүүст уриалахад үндэсний үйлдвэрийнхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан аваарай гэж хэлмээр байна. Хүмүүс хэрэглэж сурсан бүтээгдэхүүнээ худалдаж авдаг нь ажиглагдсан. Аливаа зүйл хоёр талтай. Мэдээж хүн чинь бурмаар биш урмаар тэтгэгддэг гэдэг. “Ямар гоё оймс вэ” гэж хэлээд оймс авахад нь баярладаг. Анхны оймсоо борлуулахад багахан сандрал төрж байсан.

-Анх ямар загварын оймс үйлдвэрлэж байв. Цаашид  үйл ажиллагаагаа өргөжүүлээд оймсноос гадна өөр зүйл үйлдвэрлэх бодол бий юу?

-Цулгуй зузаан оймсоор эхэлж байсан. Эрэгтэй оймс ер нь эрээн байгаад хэрэггүй.

Манай нөхөр ажлын бээлий оёвол яасан юм бэ гэж байсан. Би болохоор хоёулаа эхний ээлжинд оймсоо үйлдвэрлэе гэж хэлсэн. Миний бодлоор оймсоо илүү өргөжүүлнэ. Нэхмэлийн машины тоогоо нэмээд, ажилтан авах төлөвлөгөөтэй байна.   

-Хотод олон жил ажиллаж байгаад орон нутагт ирэхэд олон зүйл ажиглагдаж байгаа нь лавтай?

-Хот, орон нутаг хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Хотод их түгжрэлтэй учраас  өглөө 05:00 цагт босдог. Ажилдаа 06:50 цаг гэж гараад 08:00 цагтай уралдаад л ажилдаа очдог байсан. Энд бол түгжрээ гэж байхгүй. 08:00 цагт гараад явахад 15 минутын хугацаанд хүрэх газраа хүрчихнэ. Тайван стрессгүй гэж онцолмоор байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)