Итгэл даах чанар. Энэ бол Монголын төрд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл. Тэгвэл одоогоос 12 жилийн тэртээ “Даймонд пресс клуб”-ийн таван сэтгүүлч бүсгүй хамтран УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн эмэгтэйчүүдээ дэмжин сэтгүүл гаргаж байсан ажээ. “Төрд итгэл даах чанар хэрэгтэй байна” гэсэн үндсэн агуулгатай энэхүү сэтгүүлд 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 89 бүсгүйн хөрөг нийтлэл багтаж байсан юм.

Тухайн үед л төрд итгэл даах чанар хэрэгтэй байгааг онцолж байсан “Даймонд пресс клуб”-ийн Л.Нинжжамц өдгөө 12 жилийн дараа өөрөө төрд зүтгэхээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд байгаа юм. Өнөө ч үнэ цэнээ үл алдсан, харин ч улам бүр алсарч буй итгэл даах чанар Л.Нинжжамцад бүрэн дүүрэн бийг клубийн бүсгүйчүүд нь онцолж байна.

“Толь” сонины сэтгүүлчээр 1996 онд ажлын гараагаа эхэлж байсан Л.Нинжжамц Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч, МҮОНРТ-ын ерөнхий захирал, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байсан бэлтгэгдсэн боловсон хүчин. Нөгөөтэйгүүр, 30 орчим жил сэтгүүл зүйн салбарт ажиллахдаа хүний эрх, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө өөрийн удирдаж байсан редакцын бодлогыг чиглүүлэн ажиллаж байсныг онцлох хүн олон. Товчхондоо Монголын төрд хэрэгтэй байгаа итгэл даах чанар түүнд байгаагаас гадна эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дуу хоолойг парламентад хүргэх гүүр болж чадах юм.

Энэ талаар сэтгүүлч Э.Дагиймаа өөрийн сошиал хуудаснаа “Энэ удаагийн сонгуульд манай Нинжээ Хан- Уул дүүрэгт нэр дэвшээд, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд давхиж явна. Тэр цуцахгүй, ядрахгүй, ясны хөдөлмөрч болохоороо уйгагүй л алхаж, ухуулж яваа харагдана. Тэр бол төрд байх ёстой, байх учиртай эмэгтэй төлөөлөл. Эмэгтэйчүүд, эхчүүд, нийгмийн амьдралыг маш сайн мэддэг хүн” гэж тодотгосон бол Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг “Л.Нинжжамц бол субботник хийдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү.  Юун эрхлэх. Амьдрал ч түүнийг эрхлүүлээгүй болов уу.  Ажил хийдэг, хүчтэй, чадалтай, сайн боловсролтой эмэгтэйчүүд энэ улсад хэчнээн олон. Тэд бол торго дурдангаас дэндүү дээгүүр сэдвээр байлдах чадвартай. Гагцхүү дээрээ дэмжлэг байдаггүй юм” хэмээн Л.Нинжжамцыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.