Т.САЙХАН

НОК-ын Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр /06.21/ мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод өчигдөр буюу зургадугаар сарын 20-ны 20:40 цагаас эхлээд бороо орж эхэлсэн. Одоогийн байдлаар таван цаг орчим үргэлжлэн орж байна. Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын албаны Шуурхай штабад зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс дөрвөн дуудлага, мэдээллийг шийдвэрлэн ажилласан. Хамгийн сүүлд Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлтийн чиглэлд мал тууж явсан иргэн борооны улмаас замаа үргэлжлүүлэх боломжгүй болсон дуудлага, мэдээлэл өчигдөр /2024.06.20/ 19:00 цагийн үед хүлээж авсан. Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллийн дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын газар болон нийслэлийн аврах ангиас бүрэлдэхүүн гарган тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Баянхошууны 40 дүгээр хороонд айлын гэр усанд автсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу ОБЕГ ажиллаж байна. Мөн нийслэлийн гудамж, талбайд ус тогтдог байршлуудад хяналт шалгалтын ажиллагаа хийж байна. Үүний дагуу Нарны замын ус тогтсон байршилд ус соруулах ажиллагаа зохион байгуулж байна.

Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно. Маргааш мөн өдөртөө бороотой. Зургадугаар сарын 22-нд шилжих шөнө их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг даган, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn