С.УЯНГА

 

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сурталчилгааны 11 дэх өдрөө спортын салбарынхан, баг тамирчидтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, тэдний санал бодлыг сонслоо. УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар энэ үеэр спорттой холбогдсон түүхээ хуваалцсан юм. Тэрээр “Тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа спортын салбарынхантай уулзаж байгаадаа таатай байна. Энэ салбартай холбогдсон түүхээсээ товчхон хуваалцая. Манайх гэр бүлээрээ спортын хүмүүс учраас сэтгэлд хамгийн ойр байдаг салбарын нэг. Аавыгаа дагаад олон жил спортоор хичээллэсэн он жилүүд надад хамгийн их үнэ цэн, урам зориг өгдөг. Тиймдээ ч ууланд авирах, дугуй унах, мото спорт, фитнессээр тасралтгүй хичээллэхийг зорьдог. Мөн АНУ-д суралцаж байхдаа эр зориг, хүч чадал, авхаалж самбаа шаарддаг регби спортоор сургуулийнхаа шигшээ багт тоглодог цор ганц Ази оюутан байлаа. Тодорхой хэмжээнд жаргал зовлонг нь ойлгодог хүний хувьд өнгөрсөн хугацаанд хичээн ажиллаж ирсэн” гэлээ.

Спортын баг тамирчид бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл, тэмцээн уралдаанд явах зардал мөнгөнөөс эхлээд олон асуудлыг хөндөж байв. Сүүлийн жилүүдэд төрийн бодлогод спорт, нийтийн биеийн тамирыг тусгайлан авч үзэж байгаа ч олон улсын стандартад нийцсэн заал танхим, тоног төхөөрөмжөөс эхлээд шийдэх зүйл олон байгаа аж. Төрийн бодлого, зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “УИХ-аас Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Хуульд олон чухал заалт тусгасан. Тодруулбал, сургуулийн спорт заалыг стандартын дагуу барих, нийтийн биеийн тамир, спорт болон төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн заалтуудыг тусгасан. Мөн тухайн компани тамирчныг дэмжиж ажиллавал татварын хөнгөлөлт үзүүлэх заалт орсон. Ингэснээр зөвхөн төр биш хувийн хэвшлийн оролцоог өргөн хүрээнд хамруулах бололцоо бүрдэх юм. Энэ салбарыг болон тамирчдыг төрөөс дэмжиж байж амжилт гаргана” гэлээ.

МАН-наас мөрийн хөтөлбөрт стандартын дагуу спорт заалыг дунд болон их, дээд сургуулиудад барих, орчныг сайжруулах,  тамирчдын нийгмийн асуудал болон  эдийн засгийн талаас дэмжих заалтууд  оруулсан гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)