Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд долоо хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэг гурван мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 16 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч гээд нийт 50 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал, улс төрийн намууд хуучин хүмүүсээ нэр дэвшүүлжээ. 

Баянгол дүүргийн есдүгээр тойрогт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлсэн уул уурхайн ил тод байдлын реформыг манлайлж ажилласан. Биржийн тухай хуулийг батлуулж, уул уурхайн баялгаа биржээр худалдаалдаг алхмыг  Ж.Ганбаатар  сайдын үед хийсэн байдаг.

Тус тойрогт АН-аас намын дарга асан С.Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж байна.  Баянгол гэдэг вант улсын эзэн гэж түүнийг нэрлэж байсан нь саяхан.  Одоо ч түүний рейтэнг тус дүүрэгт тэгтлээ уначхаагүй  байгаа. Тэгэхээр С.Эрдэнэ дарга энэ тойрогт хүчтэй өрсөлдөгчийн нэг байх биз ээ.   Мөн тэрээр улс төрийн сонгуулийн компанит ажлаа тун сонирхолтой хувилбараар явуулж байна.   Хиймэл оюун ухаанаар мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хиймэл оюун ухаантайгаа ярилцаж байгаа харагдана лээ.

IT инженер, эрх зүйч Г.Шижирбат тус тойрогт бие даан нэр дэвшжээ.  Тэрээр Монголын хамгийн өндөр IQ-тай хүн гэсэн мэдээлэл бий.  Тус тойрогт Үйлдвэр комбинатыг хөгжүүлж, угсармал хорооллыг босгож, агаар, хөрсний бохирдол, түгжрэл зэрэг хотод тулгамдаж буй асуудлуудыг шийднэ гэжээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ. Баянгол дүүрэг Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246886 хүн амтай, 65.453 өрх амьдардаг байна.  Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газраас танилцуулсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)