Б.ГАРЬД

 

Энэ удаагийн УИХ-ын сонгууль өмнөх найман сонгуулиас нэлээд онцлогтой. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэр хэрээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, тэдгээрээс нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн. Тодруулбал, энэ сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 966, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тэгэхээр тэдгээр нам, эвслүүд сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь яахын аргагүй анхаарах ёстой асуудал болж байгаа юм. Улс орны хийгээд иргэд, олон нийтийн нэн чухал асуудлаар тэд юу бодож төлөвлөснийг “сонирхох”-оос өөр аргагүй. Тэгвэл бид энэ удаад нам, эвслүүд татварын ямар бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар онцоллоо. Уг нь “…Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” хэмээдэг. Гэвч Монгол Улсын татварын бодлого байнгын шүүмжлэл дагуулдаг. Тэр хэрээр татвараас зайлсхийдэг, татвар нуудаг явдал тасардаггүй билээ.

 

МАН:

 

…Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

…Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг таван хувь болгон бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

…Бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулаж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.

…Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийг шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.

…Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.

…Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгжүүлнэ.

…Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ.

…Байгальд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах ногоон худалдан авалт, хэрэглээг татварын бодлогоор дэмжинэ.

 

АН:

 

... Хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор эдийн засгийн оролцоотой, хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн бодлого, татварын болон тарифын зохицуулалт, хувь хүний санаачилга, бизнес эрхлэх боломж, нийгмийн хариуцлагатай аж ахуй эрхлэлт, бие даасан зохицуулалтыг дэмжиж, хөгжүүлнэ.

…Татвар төлөгчийн суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлого тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.

…Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

…НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ.

…Орчин үеийн өндөр технологи бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

…Монгол Улсад импортолж буй өргөн хэрэглээний барааны гарал үүслийн код болон барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн кодыг уялдуулах технологийн шийдлийг гаргана.

…ОУЭЗХАХБ (OECD)-аас хэрэгжүүлж байгаа BEPS (орлогын суурийг багасгах замаар ашгийг шилжүүлэхийг зогсоох) санаачилгын хэрэгжилтийг бодитоор дэмжин суурьшуулах, татварын орчныг олон улсын стандартад нийцтэй болгоход онцгойлон анхаарна.

…Боловсролын тэтгэлэгт зарцуулсан аж ахуйн нэгжийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө.

…Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.

 

ХҮН нам:

 

…Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6-10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэх боломжийг дэмжих бодлого баримтална.

…Компанийн нэгдлийн толгой компанид охин компаниас шилжүүлэх ногдол ашгийн татварыг суутган тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.

…НӨАТ ногдуулалт, буцаан олголтын өнөөгийн тогтолцоог судлан, бичиг, жижиг болон дунд бизнес эрхлэгч, гарааны бизнесүүдийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах бодлого баримтална.

…Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох аргачлалыг эргэн харж, иргэдийн ажил эрхлэх идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай өөрчлөлтийг оруулна.

…Ашигт малтмалын АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-ыг тооцох аргачлалыг эргэн харж, судалгааны үндсэн дээр олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээ авна.

…Уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, ноос ноолуур, ээрмэл зэрэг хөнгөн болон бусад үйлдвэрлэлийн салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлого баримтална.

 

Үндэсний эвсэл:

 

...Татвар төрөөс үйлчилгээ авах гэж байгаа төлбөр, алба гувчуур биш. Бодит эдийн засгийн загварчлалд суурилан татварын бааз суурийг өргөжүүлж, дагаж мөрдөх зардлыг бууруулахын зэрэгцээ татварын хууль, түүнтэй холбоотой журмуудыг хялбарчлах, татвараас зайлсхийхтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж, татварын ачааллыг илүү тэгш хуваарилах тогтолцоог боловсронгуй болгон, татварын шинэчлэл хийнэ. Татвар дээрм биш дэмжлэг байна.

...Бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлж, бүсчилсэн ногоон хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар олголтыг либералчилж, ажлын байр, шинэ бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урт хугацааны татварын ялгаатай бодлогоор дэмжинэ.

...Хотыг санхүү, татвар, төсвийн хувьд бие даасан, дүрэм журмаа өөрөө баталдаг, иргэдээс шууд сонгогддог зарчимд үндэслэн, дэлхийн хотуудын жишгээр “мэр”-ийн тогтолцоонд шилжүүлж, засаглах болон гүйцэтгэх чадварыг дээшлүүлнэ.

ШИНЭ нэгдсэн эвсэл:

...Төсвийн сахилга бат, санхүү, мөнгө, зээлийн бодлого зохицуулалтыг сайжруулж, татварын бодлогыг оновчтой болгож, төсвийн орлогын бааз суурийг бэхжүүлнэ.

 

ИЗНН:

 

...Зэс, нүүрс, хар төмөрлөг зэрэг ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрүүдийг борлуулалтын орлогоор байгуулах, стратегийн ордуудыг ашиглуулахдаа тодорхой хугацаан дотор боловсруулах үйлдвэр байгуулан, хагас болон бүрэн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байх, боловсруулаагүй түүхий эдийг экспортод гаргахыг татвар болон бусад бодлогоор хязгаарлана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)